Тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск хотноо Орос, Хятадын эдийн засгийн чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдах бөгөөд гол сэдэв нь Большой Уссурийскийн арлыг хамтран хөгжүүлэх хамтын ажиллагаа юм. Амар мөрөн дээр байрлах 350 км2 талбай бүхий энэ арал нь 1860-аад оноос хойш Орос, Хятадын хооронд газар нутгийн маргаантай байсаар ирсэн. Гэхдээ харьцангуй саяхан буюу 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр тус арлыг хамтран хөгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улам үнзгийрч байгаагийн бэлгэдэл болсон юм.
Тус арга хэмжээний үеэр Большой Уссурийск арлын эдийн засгийг хөгжүүлэх, хоёр улсын хамтын ажиллаганы ололт амжилт, эдийн засаг, улс төрийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай ярилцана. Хамгийн гол нь хоёр том хөрштэй Монгол улсын хувьд энэ чуулга уулзалтад оролцсоноор гурван талт эдийн засгийн хамтын ажиллагаанд өөрийн байр сууриа дорвитой бэхжүүлэх бүрэн боломжтой юм.
Чуулга уулзалтын үеэр Орос, Хятадын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг хэлэлцэх төдийгүй дэлхийн хэмжээний төслүүдийг урагшлуулахад түлхэц өгөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь уламжлалт эдийн засгийн солилцооны хүрээнээс хальж, олон улсын харилцааны шинэчлэгдэж буй тогтолцооны шинэ хүчний төв болох стратегийн эвслийн чиг хандлагыг улам бүр нэмэгдүүлж байна.
Үүнд Монгол Улсын үүрэг онцгой билээ. Орос, Хятад хоёртой харилцан ашигтай байх бодлого баримталдаг манай улс эдийн засаг, улс төр, нийгмийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх, олж авах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа.
БНХАУ, ОХУ нь тээвэр, эрчим хүчний салбар дахь харилцаагаа сайжруулах сонирхолтой байгаа бөгөөд Монгол Улсын стратегийн байр суурийг харгалзан үзэж байгаа юм. Харьцангуй саяхан шийдэгдсэн газар нутгийн маргааныг харгалзан үзвэл энэхүү чуулга уулзалтаар Хятад, Оросын хамтын ажиллагаа анхаарлын төвд байх нь дамжиггүй. Үүний сацуу төмөр замын шинэ шугам барих, эрчим хүчний коридорыг хөгжүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдгээр чиглэлийн хөрөнгө оруулалт, татварын хөнгөлөлт, байгаль орчны хамгаалал, соёл хоорондын харилцааны асуудлыг хэлэлцэх нь Монголын талын ашиг сонирхолтой нийцэж байгаа билээ.
Манай улс уг арга хэмжээнд оролцож эдгээр төслүүдэд оролцох оролцоогоо улам гүнзгийрүүлж, өөрсдөдөө хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж, дамжин өнгөрөх тээврийн зангилаа төдийгүй эдийн засаг, улс төрийн хамгийн чухал шийдвэрүүдэд бүрэн эрхт оролцогч гэдгээ зарлах боломжтой юм.