Өнгөрсөн оны эцсээр улс орондоо дайны байдал тогтоох бүтэлгүй оролдлого хийсний улмаас тус улсын Ерөнхийлөгч байсан Юн Сок Ёль хямралт байдал бий болгож, улмаар огцорсон. Үүнтэй холбоотойгоор БНСУ-д Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 3-нд болж, сөрөг хүчний Ардчилсан намаас нэрийг нь дэвшүүлсэн Ли Чэ Мён сонгогчдын 49 хувийн саналыг авч Төрийн тэргүүнээр сонгогдов. “Ерөнхийлөгчөөр сонгогдвол эдийн засгаа сэргээж, хүмүү¬ сийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө бүх хүч чадлаа дайчлах болно” гэж тэр хэлж байжээ.
Сонгуульд ирц сайн байж, бүртгэлтэй сонгогчдын бараг 80 хувь нь оролцсон нь 1997 оноос хойш 30 шахам жилд ямар ч сонгуульд байгаагүй үзүүлэлт гэнэ. Тус улсын нийт сонгогч нь 44.39 сая юм байна. Сүүлийн хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын хэмжээ 77 орчим хувьтай л байж. Ли Чэ Мён 2022 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд нэг хүрэхгүй (0.8) хувийн зөрүүгээр Юн Сок Ёльд ялагдсан аж. Бидний авсан мэдээллээр Ли Чэ Мён өчигдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлжээ. Ийн шуурхай ажилдаа орсон нь Юн Сок Ёль огцорсноор өнгөрсөн оны эцсээс БНСУ Төрийн тэргүүнгүй байсантай холбоотой юм байна. Хуульд нь ийн тусгасан байдаг аж. Өрсөлдсөн Ким Му Су болон “Иргэний хүч” намныхныг улс орондоо дайны байдал тогтоох гэсэн Юн Сок Ёлийн оролдлогыг өөгшүүлж, дараа нь түүнийг албан тушаалтай нь байлгахад туслахыг хи¬ чээсэн гэж Ли сонгуулийн кампанийн үеэр буруутгасан байна. Ли Чэ Мён өөрөө ч гэсэн эрүүгийн хэд хэдэн хэрэгт орооцолдоод буй, Ерөнхийлөгчийн сонгууль дуустал шүүхээр шийдэхийг хойшлуулаад байгаа аж. Тухайлбал, сонгуулийн хууль зөрчсөн, 2019 онд шүүхийн ажиллагааны үед гэрчийг худал мэдүүлэг өгөхөд хүргэсэн гэж түүнийг буруутгажээ.
“Shosun daily” сонинд бичсэнээр бол Ли буруутай нь нотлогдвол бүрэн эрхээ хэрэгжүү¬ лэх боломжгүй болох юм байна. Ардчилсан нам нь болохоор Ли Ерөнхийлөгчөөр сонгогдвол шүүхийн ажиллагааг зогсоох ёстой гэж үздэг гэнэ.
Цэргийн дэглэм тогтоох оролдлогын улмаас ихэд гэмтсэн нийгмээ нягтруулах, Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын урьдчилан тааварлах аргагүй тарифтай холбогдон сүүлийн үед хурцадсан эдийн засгийн нэлээд асуудалтай шинэ Ерөнхийлөгч тулгарах болно. Өмнөд Солонгосын эдийн засаг экспортоос үлэмж хамааралтай, худалдааны томоохон түншийн нэг нь АНУ юм. Шинжээчдийн үзэж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялсан, олон улсын тавцан дээр анд нөхдөөс нь ч, Сөүлийн өрсөлдөгчдөөс нь ч учруулах нэлээд олон бэрхшээлтэй нүүр тулгарах юм байна. Юуны урьд Умард Солонгосыг сөрөн зогсоход гол холбоотон нь болдог АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны худалдаа, аюулгүй байдлын асуудлаар үзүүлэх дарамт шахалттай учирна.
АНУ-ын гол өрсөлдөгч БНХАУ-тай тогтоосон худалдааны чухал хэлхээ холбоогоо Өмнөд Солонгос хадгалахыг хичээх нь мэдээж. Бас бүс нутагт нь Япон гэж томоохон тоглогч бий.
Худалдааны асуудлаар Вашингтонтой Сөүл яриа хэлэлцээр хийж буй, Өмнөд Солонгосын барааг АНУ-д оруулахад авах гаалийн татварыг чухам яах нь бүрхэг буй ч хэл амаа ололцож магадгүй байгаа. Солонгосын хойгийн өмнөд хэсэгт Америкийн цэргийг байрлуулах гэж ярвигтай асуудал бий. Энд байгаа 28 мянган цэргийнхээ 4000-ыг нь гаргах асуудлыг Пентагон авч үзэж буй гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Америкийн цэрэгт зарцуулах хөрөнгөө Сөүл нэмэгдүүлэхгүй бол Өмнөд Солонгосоос цэргээ гаргана хэмээн Трамп нэг бус удаа айлгаж байсан удаатай. Солонгосын хойгоос Америк цөөн ч гэсэн цэргээ гаргах нь Умард Солонгосын ч, Хятадын ч хувьд стратегийн ялалт байх болно. Сратегийн ялалт байх болно. Худалдаа, аюулгүй байдлын асуудлаар Вашингтоны гаргаж буй “тууштай бус” шийдвэрийн учрыг олоход Сөүлд амаргүй байх болно гэж Трои их сургуулийн Өмнөд Солонгос дахь салбарын профессор Дэн Пинкстон үзэж байна. Юн Сок Ёлийн засаг захиргаа Пёньяныг үндсэндээ хайхралгүй орхиж, Ким Жөн Унтай ямар нэг хэлхээ холбоо тогтоох оролдлогыг зогсоосноос шинэ Ерөнхийлөгчид тулгарах гол бэрхшээлийн нэг нь Умард Солонгос байх болно. Юныг засаглаж байх үед стратегийн түншлэлийн тухай гэрээг Умард Солонгос нь Оростой байгуулж, үүний дүнд Умардын цэргүүд Оросын Курск мужид очин, ОХУын төдийгүй Украины газар нутаг дээр байлдааны ажиллагаанд оролцсоныг Киев ч, Өрнөд ч нотолсон. Хариуд нь Пёньянд түлш, шатахуун, цэргийн технологи Москва өгсөн. Урьд нь үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр хориглосон байсан юм. Оростой тогтоосон холбоондоо түшиглэн Ким Жөн Ун ч Өмнөдтэйгөө ямар нэг харилцаатай байхаас татгалзсанаар барахгүй хоёр Солонгосын хил дээр хамгаалалтын байгууламж босгох шийдвэр гаргаад байна. “Ли Чэ Мён сонгуульд ялбал Умардтай харилцаагаа сэргээхийг оролдоно гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ тангог хоёр хүн хийдэг, тэгвэл Ким хариу үйлдэл хийнэ гэдэг юу л бол” гэж профессор Пинкстон үзжээ.
Бээжин худалдааны сайн түнш нь ч гэлээ БНСУ, Хятадын харилцаа өнөө цагт тун амаргүй байгаа. Япон, Өмнөд Солонгосын харилцааг Юн Сок Ёль мэдэгдэхүйц сайжруулжээ. Тэрбээр Солонгосын хойгийг колоничлож байх үеийн гэмт хэргийнх нь төлөө Японы хүлээх хариуцлагыг анхаарлынхаа гадна орхисон. Харин Ли Ерөнхийлөгч болсноор хоёр улсын харилцаа муудахвий хэмээн Токио болгоомжилж байна. Ялангуяа Солонгост Японы эзэрхийлж байсан үеийн эмзэг түүхийг Өмнөдийн шинэ засаг захиргаа сөхвөл эвгүй гэх бодолтой байгаа юм. Ли Чэ Мёны өрсөлдөгч нь “Ардын хүч” намаас нэрээ дэвшүүлсэн Ким Му Су байв. Тэрбээр 41 хувийн санал авчээ. Энэ намын нэрийг өмнө нэгэнт өгүүлсэн Юн Сок Ёль айхавтар унагав. Ким Мун Су АНУ-тай харилцах тухайд өрсөлдөгчтэйгөө ижил төстэй байр суурьтай, харин Умард Солонгос, Орос, Хятадын хувьд нэлээд хатуу бодлого баримтлах байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр сонгуулийн дараа АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, гаалийн татвар, аюулгүй байдал, Пёньян, Бээжингийн үйлдэлд өгөх хариуны талаар ярилцах зорилготой байжээ. Түүнчлэн дүрэм, журмыг сулруулж, бизнест таатай орчин бий болгох, эрчим хүчний үнийг буулгахын тулд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодолтой байв.
Ли Чэ Мён 1964 онд олон хүүхэдтэй, ядуу айлд төржээ. Багаасаа ажил хийхээс аргагүй байсан нь суралцахад саад болсон гэнэ. Бага сургууль төгсөөд л фабрикт ажиллаж байгаад зүүн гараа гэмтээв. Тиймээс цэргийн албанаас чөлөөлөгдсөн аж. Ажиллахын хажуугаар бие даан суралцсаар 1986 онд хуулийн коллеж төгсөж, улмаар өмгөөлөгч болохоор улсын шалгалт өгсөн байна. 1989 оноос мэргэжлийн ажлаа хийж байгаад 2005 оноос “Уридан” гэдэг либерал намд элсэж улс төрч болох замаа тавив. 2006 онд Соннам хотын даргын, 2008 онд бүс нутгийн парламентын сонгуульд өрсөлдөөд ялагдав. Гэлээ ч 20102018 онд Соннам хотын захирагчаар хоёр удаа сонгогдон ажиллажээ.
2017 онд Нэгдмэл ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдав. Өрсөлдсөн Мун Жэ Ин нь Ерөнхийлөгч болжээ. 2018-2021 онд Кёнгидо мужийн амбан захирагчаар ажиллав. 2022 онд мөн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд 0.8 хувийн саналын зөрүүгээр Юн Сок Ёльд ялагдсан байна. 2022 он “Тобуро” гэдэг АН-ын дарга болж, 2024 онд тус намын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлтээр улиран сонгогдлоо. Тус нам 2025 оны тавдугаар сарын сүүлчээр Ли Чэ Мёныг Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд өрсөлдүүлэхээр нэрийг нь дэвшүүлжээ.
2021 оны сонгуулийн кампанийн үед түүнийг авлигын хэрэгт хуурамч гэрч ашигласанд буруутгасан ч 2025 оны гуравдугаар сард шүүх буруугүй гэж үзсэн байна.
Р.Жаргалант