МАЛАЙЗЧУУД МОНГОЛ НОМ УНШИЖ ЭХЭЛЛЭЭ
Малайз улсад зорчоод ирлээ. Тус улсын “Bibliobook” хэвлэн нийтлэлийн газраас миний 2018 онд гаргаж, түүнээс хойш таван жилийн дараа англи хэлнээ орчуулсан “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг малай хэл рүү хөрвүүлэн, түгээж эхэлсэн юм. Нээлтэд нь урьсан тул зочны хувиар оролцож, нийслэл Куала-Лумпур хоттой танилцав.
Тус улсын Засгийн газар 1981 оноос хойш жил бүрийн тавдугаар сард олон улсын номын баяр зохион байгуулж иржээ. Улмаар ЮНЕСКО-гийн болзлыг хангасан тул хэдэн жилийн өмнө Куала-Лумпур хот нь “Дэлхийн номын нийслэл”-ээр өргөмжлөгдсөн байна. Тус номын баярыг нийт 10 хоног явуулдаг бөгөөд өнгөрсөн оныхыг гэхэд 1.8 сая хүн зорин очсон байв. Энэхүү томоохон арга хэмжээний үеэр мөн олон улсын хэвлэн нийтлэгчдийн уулзалт, зохиогчийн эрх худалдах, худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг юм байна. Манай улсаас анх удаа уг баяр, арга хэмжээнд Монголын номын баярыг үүсгэн байгуулагч, “Номын соёлт ертөнц” байгууллага, “Либро сувд” агентлагийн тэргүүн Б.Сувд болон “Литтл номад паблишнг”-ийнхан оролцсон юм.
“Bibliobook”-ийн эзэн Киридарен Жаяакумар хэмээх залуу өнгөрсөн хоёрдугаар сард Турк улсад болсон Олон улсын хэвлэн нийтлэгчдийн уулзалтын үеэр “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын орчуулагч Ц.Дөлгөөний танилцуулгыг сонсоод уг номыг малай хэлээр орчуулж, улсынхаа уншигчдын хүртээл болгох нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Киридарен Жаяакумар нь Малайзынхаас эрс өөр уур амьсгалд, ондоо хэв маягаар амьдардаг монголчуудын аж байдлын тухай сэдэв сонирхолтой гэж үзжээ. Мөн сүүлийн жилүүдэд тус улсад монголчуудтай холбоотой эмгэнэлт, хар бараан мэдээлэл нэлээд сонсогдсон Монгол хэмээх ард түмний тухай эерэг, гэгээлэг мэдээлэл түгээхийг хүссэн аж. Тиймээс зохиогч миний багадаа хөдөө адал явдал дүүрэн хэрхэн амьдарч байсан талаараа бичсэн номыг олзуурхжээ. Орчуулагч Харни Хаир хэмээх дунд эргэм насны эмэгтэй “Монголчууд, малчид яаж амьдардгийг ер мэддэггүй байв. Бодож ч байгаагүй. Гэтэл ажил аваад эхэлтэл маш сонирхолтой үйл явдлууд нүдний өмнүүр жирэлзээд эхэлсэн. Эхний хэд хоног шөнө унтахгүй сууж байлаа. Номын гол дүр жаахан охин ийм том болчихсон, бас тэгээд манай улсад өөрийн биеэр хүрээд ирчихсэн буй нь үнэхээр гоё байна” гээд нахилзаад байв. Би ч гэсэн таалан хүлээж авч, тавих завгүй таашаан орчуулсанд баярласнаа илэрхийлэн тэврэлдсэн юм.
Номын нээлтийн үеэр хүмүүс мэр сэр худалдаж авч, зарим нь гарын үсэг зуруулж байсан. Маргааш нь тухайн өдрийн худалдан авалтын дүнг гаргахад уг ном борлуулалтаараа гуравдугаарт байрт жагссан тухай мэдээлэв. Эндээс тухайн оронд Монголын тухай сэдэв сонирхол татах юм байна гэсэн бодол төрсөн юм.
Ийнхүү Монголын үзэсгэлэнт байгаль, малчдын аж амьдрал, эцэг өвгөдийн энэрэл хайр, үглэж яншилгүй, ажил хөдөлмөрөөрөө үлгэрлэн хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилын тухай санааг хоёр жаахан охины өдөр тутмын амьдралаар дамжуулан гаргасан ном минь гадаадын хоёр дахь хэлээр уншигчдад хүрч эхэлсэн нь энэ. Баяртай байна.
ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ “ӨНДӨР БАРИЛГА” БОДЛОГО
Малайзад очсон хүн байна даа, хамгийн түрүүнд дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог дундуураа холбоотой ихэр хоёр цамхгийг үзье гэлгүй яах вэ. Монгол номын нээлт болохын өмнөх орой уг баярыг зохион байгуулах комиссын дэд дарга, Малайзын Засгийн газрын төлөөлөгч Харси Хасан биднийг шөнийн Куала-Лумпуртай танилцуулсан нь завшаантай. Ихэр цамхаг шөнө час улаан гэрлэн чимэглэлтэй байдаг аж. Хажууд нь очоод, дээшээ оройг нь харахаар гэдийж зогсох бас л сонин байлаа. Зургийг нь гар утсандаа багтааж авах гэдэг авьяас шаардана. Арагш гэдийсээр байгаад унамаар. Дагуулж явсан хүндээ “Энэ цамхаг өндрөөрөө танай улсын номер нэг, дэлхийн хоёр дахь гэж ойлгодог, зөв үү” гэж асуухад Харси “Манай улсад номер нэг байхаа больсон. Хоёр дахь нь болсон. Энэ чинь 88 л давхар шүү дээ” гэв. Малайзын номер нэг өндөр цамхгийг хэдийн бариад, дотоод заслыг нь дуусгаж буй бөгөөд ирэх намар дэлхийн нээлтийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Энэ нь “Мердека” цамхаг бөгөөд 118 давхар аж.
Сонирхолтой нь уг өндөр цамхгийн шилэн фасадын ажлыг удирдан хийлгэсэн мэргэжилтнүүдийн нэг нь монгол инженер Ч.Хүүхэнхүү аж. Тэрбээр Италийн Permasteelisa Group-д ажилладаг юм байна. Тус групп нь барилгын шилэн фасад хийцээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг ажээ. Инженертэй уулзахаар сураглахад түүнийг ажлаа дуусгаад Монгол руугаа явсан гэлээ.
Ихэр цамхгийн тухай яриандаа эргэн оръё. Үүнийг 1993 оноос барьж эхэлсэн байна. Үе шаттайгаар өндөрлөсөөр бүтэн цамхгийн нээлтийг 1999 онд Ерөнхий сайдын удирдлагаар зохион байгуулж байжээ. Өндөр нь 452 метр. Бараг хагас км дээш цойлсон уг бүтээн байгуулалтыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг. 2023 он гэхэд хоёр сая хүн зорин очсон гэнэ. Засгийн газрын мэдлийн газрын тосны “Петронас” компанийн эзэмшил бүхий уг цамхгийн доод хэсэгт үйлчилгээний маш том төв байх аж. Дэлхийн бүхий л алдартай брэндийн дэлгүүрүүдтэй. Дөрөвдүгээр давхарт нь магадгүй энэ дэлхийн хамгийн том байх гэмээр номын дэлгүүртэй юм. Хамт явсан нөхөд энэ дэлгүүрт монгол ном худалдаж байх өдөр ирэх болтугай хэмээн ерөөцгөөсөн.
Харин таван давхраас дээших бүхий л өрөөнд оффисууд байрладаг аж. Хос цамхгийн оройд гаргаж үзүүлэх үйлчилгээтэй. Ачааллыг бодолцож өдөрт цөөн хүнд боломж олгодог тул хүссэн хүн бүр тасалбар худалдаж авч чаддаггүй гэнэ.
Ер нь Куала-Лумпурт өндөр барилга олон. Хэт өндрүүдийг нь шагшин гайхах болохоос 40-50 давхар барилга захаас аван буй. Тэдгээр байшингуудын найм хүртэлх давхар нь машины зогсоол байх нь олонтоо. Шилэн хийц дийлэнх тул гаднаас нь зогсоолдоо буй машинуудыг харж явахад олон л зүйл бодогдох.
Малайзчууд яагаад өндөр барилгууд барих болов. Тус улс Английн олон зуун жилийн колончлолоос 1957 онд чөлөөлөгджээ. Тусгаар тогтнолоо зарласнаас хойш хөгжлийн үе шаттай бодлогууд хэрэгжүүлж ирж. 1990-ээд оноос газар хөдөлдөггүй бүсэд оршдог давуу талаа ашиглан, тэнгэр баганадсан өндөр барилга барьж дэлхийн хүмүүсийг урин дуудаж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэмье гэж шийджээ. Тэгснээр бангладеш гаралтай америк инженерийн зураг төслөөр ихэр цамхгийг барьсан байна. Төр, Засгийн газраас “Өндөр барилга” хэмээх бодлого, шийдвэр үр дүн өгсөн гэж үзээд, 2000-аад оноос улам олныг барья, тэгэхдээ доод давхруудыг машины зогсоол болгоё гэжээ. Өдгөө Куала-Лумпур даяар буй өндөр барилгууд цаад тал нь 15 жилийн өмнөөс сүндэрлэж эхэлсэн байна. Хаа сайгүй найм хүртэлх давхартаа машины зогсоол бүхий өндөр барилга олныг “тарьснаар” зам дээр машин байрлуулж түгжрээ үүсгэдгийг болиулж чаджээ.
Өндрүүдийн сацуу хуучны намхан барилга ч хотоор нь дүүрэн. Өмхөрч ялзрах дөхсөн нь ч байна. Зарим нурж унах шахсаныг нь дурсгалт байшин болгож өргөмжлөн, Куала-Лумпурт очсоны гэрч болгон зураг хөргөө авхуулдаг аж. Жишээ нь хотын төв дэх хятад гудамжийг нэрлэж болно.
Гудамжны хоолны соёлтой учраас байсхийгээд тос, өөх үнэртсэн өмхийдүү үнэр ханхлах нь энүүхэнд. Энэ нь ч тус улсын, нийслэлийн нэгэн онцлог бололтой.
“Маргад, Ананд хоёр” цувралыг санаачлагч Д.Энхзаяа
МОНГОЛЧУУД МАЛАЙЗАД
Тус улсад 300-гаад монгол хүн суурин амьдардаг ажээ. Олонх нь оюутнууд. Малайз эр¬ чүүдтэй гэр бүл болж, амьдрал зохиосон 10-аад бүсгүй бий аж. Тэдний нэг Сарнай. Тэрбээр Малайз улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын гэргий юм билээ. Нөхөр нь манай улсад олон жил амьдарсан, монголчуудад элэгтэй, хайртай нэгэн. Тэд хоёр хүүтэй бөгөөд том нь 15 нас хүрчээ.
Сүүлийн жилүүдэд Монголоос 20-иод айл нүүж очсоны олонх нь Сингапуртай хил залгаа муж Жохорт суурьшсан байна. Тэд амьдралын өртөг багатай, дулаан оронд тухтай амьдарч, хүүхдүүддээ Монголынхтой адил үнээр сайн боловсрол олгохын тулд очсон гэнэ. Гадаадын иргэдийн хүүхдүүд улсын сургуульд нь суралцах боломжгүй. Нэг бол хувийн, мөн олон улсын статустай хувийн сургуульд л сурч болно.
Олон улсын номын баярыг зорьж очсон биднийг хүлээн авч, олон талаар тусалсан Куала-Лумпурын байнгын оршин суугч Д.Энхзаяагийнд зочилж очлоо. Тэрбээр охин, хүү хоёртойгоо амьдардаг. Эдүгээ манай улсын хүүхдүүдийн ширээний ном болж буй англиар бичдэг “Маргад, Ананд хоёр” (“Margad and Anand”) цуврал зурагт номын зохиогч юм. Охин, хүү хоёроо гол дүр болгосон. Цуврал тус бүртээ монгол уламжлал, ёс заншлын сэдэвт дөрөө¬¬лөн үйл явдал өрнүүлдгээрээ онцлог.
Д.Энхзаяагийнх хотын төвөөс жаахан зайдуу дүүрэгт 45 давхар байрууд бүхий орон сууцын цогцолборын 28 дугаар давхарт амьдардаг. Өрөөнүүдийнх нь том цонхоор хотын нэгээхэн хэсгийг тэр чигт нь харж болдог. Алсын бараа ч тод. Цогцолборыг яг л томоохон зочид буудлуудынх шиг харуул хамгаалалтынхан өдөр, шөнөгүй хариуцаж байдаг аж. Байрнуудын хооронд том гэгчийн усан бассейнтай, доод давхарт нь брэндийн болон бусад барааны томоохон дэлгүүрүүд, олон үндэстний төрөл бүрийн хоолоор үйлчилдэг газруудтай. Хоолны олон цэг байх хэрнээ үнэртэх юм үгүй. Агааржуулагч сайтай. Ер нь зүйрлүүлэхэд тус цогцолбор ерөнхийдөө Улаанбаатарын “Шангрила” шиг л юм билээ. Орон сууцын ийм хотхон тус хотод олон. Байрны үнэ Монголынхоос хямд. Ийм тохилог орчин дахь хоёр 00-той гурван өрөө байрыг сарын хоёр сая орчим төгрөгөөр түрээсэлж амьдардаг.
Бүсгүйн охин, хүү хоёр чамгүй төлбөртэй олон улсын сургуульд суралцдаг. Охин нь ес, хүү нь тавдугаар ангийн сурагч. Сургуулийн сургалтын хөтөлбөр онцлог. Сурагчид санал болгож буй хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой. Маргад охин, Ананд хүү хоёрын сонгосон биеийн тамирын боловсрол олгох хөтөлбөрт спортын дөрвөн чиглэл багтсан. Тэд өдгөө зарим спортоор хэдийн өсвөрийн тамир¬ чид болцгоожээ. Хэн хэн нь усанд сэлэлтээр гарамгай тул багш нар нь хүүхдүүдийг олимпын хө-төлбөрөөр хичээллүүлж “шахаж” эхэлсэн байна. Д.Энхзаяа ийм нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хүүхдүүдийнхээ хичээл, сурлагад илүүтэй анхаарахын тулд ажлаасаа гарчээ. Уг нь үл хөдлө¬хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Австралийн нэгэн компанид мэргэжилтэн байсан юм билээ. Одоо бол хувиараа бизнес эрхэлдэг. Цагаа өөрөө зохицуулах давуу талтай гэж амьдралдаа ийнхүү өөрчлөлт хийжээ.
Тэр гурав өглөө таван цагт босож, хичээлдээ явахад бэлтгэдэг. Ээж нь хүүхдүүдээ хүргэж өгөөд буцаж ирэн хувийн ажлуудаа амжуулаад, өдөр хоол хийгээд авч очдог. Үдээс хойших хичээлүүдийн үеэр ээж нь мөн хувийн ажлаа амжуулж байгаад хүүхдүүдээ аваад, оройн хоол идээд гэртээ ирэхэд 19.00 цаг болсон байдаг аж. Гэрийн даалгавар гэж байдаггүй тул эгч, дүү хоёр амарч, гар утсаа харж, 30 минут шатар тоглож байгаад оройн 20.00 цагт унтахаар хэвтдэг юм байна.
Ананд хүү усанд сэлэлт, хөл бөмбөг, бразил жюү жицү зэрэг дөрвөн төрлөөр хичээллэдэг. Аль алинд нь чанартай, өгөөжтэй суралцахын тулд цагийн хуваарийг чандлан сахиж, бүхнийг амжуулах ёстой. Хүүхдүүд багаасаа хичээлийн хүрээнд биеийн хүчний хөдөлмөр эрхэлснээр тэсвэр, тэвчээртэй, зорилго тэмүүлэлтэй, хариуцлагатай болж төлөвшдөг бөгөөд биеийн тамирын боловсрол хэмээсний учир нь энэ аж. Энэ чиглэлийг сонгосон сурагчдад математик, урлагийн боловсрол зэрэг хичээл заадаггүй. Харин аль ч хөтөлбөрийг сонгосон, хими, физикийн хичээл зайлшгүй аж.
Д.Энхзаяагийн аав, ээж хааяа очиж хүүхдүүддээ тусалдаг юм байна. Аав нь “Дандаа машинаар хүргэх гэж юу гэсэн үг вэ” гээд зээ хүүгээ хөтлөөд метро руу алхчихдаг гэнэ. Улаанбаатарт автобусны жолоочоор олон жил ажиллаад тэтгэвэрт гарсан тэрбээр тус цогцолборын фитнес, бассейн зэрэг бүхий л үйлчилгээг авсаар нэгэн хичээлийн жилд 30 кг жин хаясан амжилттай.
Ийм нэгэн айлд тухалж байгаад ирсэн юм. Халуун орны уур амьсгалтай, найрсаг иргэдтэй, хар тамхи зөвшөөрөгдсөн гэх ч ганц нэг мансуурсан хүн харсныг эс тооцвол тайван амьдралтай ийм нэгэн улсын нийслэлд тав хоног саатсан тухайгаа сонирхуулахад ийм байна.
Р.Оюунжаргал