Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар татвар, нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг батлуулснаар ахмад настнуудад ээлтэй тогтолцоо, санхүүгийн боломжууд бүрдэх гэнэ. Тухайлбал, Тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг бууруулж, улсын төсвөөс тус санд төвлөрүүлэх санхүүжилтийг зохистой хэмжээнд хадгалснаар ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болох, үүнийхээ тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зориулалтаар ашиглах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, тэтгэврээ өвлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид мэдээлэв. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуультай холбогдуулан энэ төрлийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлалын тогтолцоо, мэдээллийн сан бий болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөж буй аж.
Ж.Гантиг