Их Британийн Лондоны их сургууль болон Бразилын Сан Карлосын холбооны их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүн олны анхаарлыг татаж байна. Тэд уг судалгаандаа 1950-1960 оны хооронд төрсөн 1000 орчим хүнийг хамруулсан аж. Үүний үр дүнд хүүхэд байх үеийн эцэг, эхтэйгээ харилцах харилцаа нь хожмын насжилтад шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, эрэгтэй хүүхэд хэт халамжилдаг аавтай, бие даах боломжгүй орчинд өссөн бол 80 нас хүрэхээсээ өмнө нас барах эрсдэл 12 хувиар нэмэгддэг бол эмэгтэй хүүхдийн тухайд 22 хувь байсан гэнэ. Харин ээжийн халамж, оролцоо их байсан гэр бүлд тус эрсдэл 14 хувиар буурдаг гэжээ. Мөн ээж юм уу, аавтайгаа өссөн эрэгтэй хүүхдүүдийн хувьд уг эрсдэл 179 хувиар өсдөг хэмээсэн байна. Тус судалгааны ахлах эрдэмтэн Тиаго Силва Александр “Манай судалгаанд хамрагдсан хүмүүс өнөөдөр ахмад настанд тооцогдоно. Харин орчин үеийн залууст энэ үр дүн хамааралтай, эсэхийг үргэлжлүүлэн судлах шаардлагатай. Хүүхдийг хэт халамжлах, эсвэл хайхралгүй орхих нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхөөс гадна ирээдүйд архи, мансууруулах бодис хэрэглэх, сэтгэл гутралд автах, түгших эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ хайрлан, халамжлахаас гадна бие даах орон зайг нь олгох ёстой” гэжээ.
Д.Сэлэнгэ