АНУ-ын Төрийн департаментаас гадаад оюутны болон боловсролын бусад визийн хүсэлтийг хүлээн авахад ашиглах шинэ журам боловсруулжээ. Тодруулбал, виз хүсэг¬ чид хувийн сошиал хэрэглээ, өгөгдлийн сан дахь мэдээллүүдээ тус улсын Элчин сайдын яамны консулын газрын ажилтанд шалгуулах үүрэгтэй болсон аж. Ингэхдээ тэдний нийгмийн сүлжээнд хуваалцсан мэдээлэл, илэрхийлсэн байр суурь дунд АНУ-ын ард иргэд, соёл, засаг захиргаа, төрийн байгууллагад дайсагнасан шинж байгаа, эсэхийг нягтлах гэнэ. Тэр дундаа, гаднын террорист байгууллагуудыг дэмжих, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аливаа үйлдэл, еврейчүүдийг үзэн ядах үзэл, хүчирхийллийг дэмжсэн агуулга, илэрхийлэмж байна уу гэдэгт тухайлан анхаарна гэжээ. Түүнчлэн консулын ажилтнууд виз мэдүүлэгчийн цахим орчин дахь мэдээллийг хянан, шалгасан тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бол холбогдох дэлгэцийн зургийг (скрийншот) авч баримтжуулах үүрэгтэй гэнэ. Энэ журам нь Трампын засаг захиргаа их, дээд сургуулиудын хотхонд өрнөсөн Палестиныг дэмжих жагсаалд хариу арга хэмжээ авах, түүнийг зохион байгуулсан оюутнууд болон либерал сургуулиудын эсрэг зорилготой үйлдэл байж болзошгүй хэмээн олон нийт үзэж байна. Мөн АНУ-д хууль ёсны дагуу цагаачлах сувгуудыг хязгаарлах бодлого хэрэгжиж буйтай ч холбоотой байх магадлалтай аж. Тус журам нь шинээр болон дахин виз хүсэгч бүх оюутанд хамаарна.
Д.Хүслэн