Та нүдээ аниад Улаанбаатар хотын гудамж, талбайн хэсэгхэн газарт алхах гээд үз дээ. Боломжгүй санагдаж байна уу. Хараагүй бүү хэл, харах нүдтэй, эрүүл саруул нэгэн ч нийслэлийн гудамжаар амар тайван, айх аюулгүй алхаж чаддаг бил үү. Ухаж, төнхсөн нүх, овоолсон шороонд бүдэрч, эсвэл суррон, скүүтер, мопед хөлөглөсөн залуус энд тэндээс дайрч унагачих гээд эрсдэл дүүрэн шүү дээ.
Бидний эргэн тойронд харахгүй, сонсохгүй, ярьж чадахгүй, тэргэнцэртэй гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна бага балчир хүүхдүүд, өндөр настнууд зэрэг нийгмийн бүх л төлөөллийн, нэг нэгнээсээ ялгаатай хүмүүс амьдарч буй. Иргэндээ ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь эрх баригчдын үүрэг, төр засгийн бодлого билээ. Гэтэл хүрээлэн буй орчин маань улам л хүндээ ээлгүй болсоор. Үүний ганц жишээ нь, харааны бэрхшээлтэй хүний зам хүртээмжгүй, байгаа хэд нь саад тотгор ихтэй, таягаараа тэмтрээд ч явах боломжгүй байна.
Сул хараатай болон харааны бэрхшээлтэй иргэд таягаа урдаа бариад тууш шугам бүхий шар өнгөтэй замыг товшин алхаж байхтай та нэг бус удаа таарсан байлгүй. Үүнийг хөтөч хавтан гэж нэрлэдэг бөгөөд хараагүй иргэд таягаараа дам¬жуулан явах чиглэлээ баримжаалдаг юм. Товгор хээтэй уг зам нь анхааруулах болон чиглүүлэгч гэсэн төрөлтэй. Чиглүүлэгч хавтан нь үргэлжлүүлэн явах чиглэлийг “мэдээлдэг” бол олон жижиг дугуй, товгор хээтэй анхааруулах хавтанг замын уулзар, мурий хэсэгт суурилуулж, чиглэл өөрчлөгдөж буйг “харуулдаг”. Гэтэл сүүлийн үед ийм зориулалтын зам эрс цөөрсөн бөгөөд, МУБИС, “Улсын их, дэлгүүр”, “Бөхийн өргөө” орчимд, хотын төв хэсэгт ийм замыг хуулж аваад дахин барихгүй, эсвэл стандартын шаардлага хангахгүй зам тавьж буйг харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлсэн юм. Ялангуяа, уулзвар, мурий хэсгийн анхааруулах хавтанг огт хийдэггүй, явж байтал зам нь гэнэт дуусчихдаг, эсвэл зам дээр “заларсан” сандал, хогны сав зэрэгт өвдгөө цохих, сууж байгаа хүмүүсийн хөлд тээглэх зэргээр унаж гэмтэх болжээ. Мөн хэт өндөр бордюрт тээглэж уначих гээд зовлон нэгээр нэмэгдсэн байна. Сул болон харааны бэрхшээлтэй иргэдэд таяг нь нүд нь болж, явах замаа тэмтчин тодорхойлдог ч чиглэл заах, хүрэх газарт нь замчлах үүрэгтэй зориулалтын зам дээр нь сандал, ТҮЦ байршуулчхаж. Тухайлбал, Монгол гуравдугаар сургуулийн урд талын явган хүний, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэн зорчих хэсэгт ТҮЦ төвхнөчихжээ. Улаан зам дээр нь бул чулуу болсон өнөөх ТҮЦ-ийг таягтай иргэн яаж мэдэж, мөргөхгүй явах вэ. Хотын даргын шийдвэр ч хоногийн настай байсан бололтой. Ачиж, сүйдэлсэн өнөөх “гайхлууд” нь дуртай газраа, бүр хараагүй хүмүүст зориулсан зам дээр тухалчихсан. Үүгээр зогсохгүй “Бөхийн өргөө”-ний зүүн талын явган хүний шар зам дундаасаа тасраад “алга болчиж”. Хардаг хүмүүс нь харайлгадаг юм гэхэд, нүд муутай настан, харааны бэрхшээлтэй иргэдийг унаж үх гээгүй байлтай.
Ч.Болор