Баянгол дүүргийн XX хороонд байрлах “Барс 2” худалдааны төвд өнгөрсөн баасан гарагт гал гарчээ. Дуудлагын дагуу 19.01 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 26, 14, 18, 29 дүгээр ангийн 40 алба хаагч, 10 автомашинтайгаар ажиллан 19.53 цагт тархалтыг зогсоож, 22.18 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. Тус төсвийн гурван барилгын зүүн талынх нь дээвэр, доторх эд зүйл шатжээ.
Мөн Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах “Өөжинмед” эмнэлгийн гадна фасад шатаж байна гэх дуудлага өчигдөр 02.35 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, эмнэлгийн хойд талын 1-3 давхар хүртэлх гадна талын фасад шатаж байсныг унтраасан гэнэ. Галын улмын хүн гэмтсэн тохиолдол гараагүй байна.
Ч.Туяа