Усны нөөцийг нэмэгдүүлэх, байгалийн хуримтлал үүсгэх “333 нуур” санаачилгын хүрээнд томоохон хоёр ажил хэрэгжүүлж эхэлснийг Усны газраас мэдээлэв. Нэгдүгээрт, усны сүлжээ багатай, ууршилт ихтэй бүс нутгуудад MAR систем буюу газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх байгууламж байгуулахаар байршил тодорхойлох судалгаа хийж буй гэнэ. Энэ системийн туршилт амжилттай болсон бөгөөд эхнийхийг нь Багануурт суурилуулжээ.
Удаах нь говийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын голд 13.2 мянган шоо метр ус хуримтлуулах багтаамжтай хөв цөөрөм байгуулах ажил аж. Үүний тусламжтайгаар их хэмжээний нөөц бүрдүүлэн Хонгорын голын урсцыг тохируулж, тухайн бүсэд услалтын систем бий болгох боломжтой гэнэ. Төслийн нийт санхүүжилт нь 1.2 тэрбум төгрөг бол төсвийг нь орон нутгаас гаргаж буй аж.
Ж.Сувд