Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрынхан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор ой, ус, ан агнуур, аялал жуулчлал, аюултай хог хаягдал гээд олон чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Тус байгууллагынхан энэ оны эхний хагаст ойн нөөц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 орчим иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл, зах, худалдааны төвийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 22, зөрчлийн 170 үйлдлийг илрүүлэн шаардлагатай арга хэмжээг авсан талаараа өчигдөр мэдээлэв.
Байцаагчид шалгалтад үндэслэн Ойн тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэхэд зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэж, тээвэрлэсэн, арчилгаа, цэвэрлэгээг стандарт, журмын дагуу хийгээгүй, бичиг баримтын бүрдэл дутуу буюу холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй, тайлан, актаа хугацаанд нь илгээгээгүй зэрэг зөрчил нийтлэг илрүүлжээ. Зохих шатны байгууллагаас зөвшөөрөл авалгүй худалдаа эрхэлж байсан мод, модон материалын таван захынүйл ажиллагааг зогсоосон аж.
Шалгалтын хугацаанд хууль бусаар бэлтгэсэн нийт 231 шоо метр мод, модон материал, 95 кг ойн дагалт баялаг, дөрвөн тоног төхөөрөмжийг хураан авч, орон нутгийн холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.
Н.Мишээл