Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зуслангийн бүс, гэр хорооллын иргэд, амрагчдыг борооны ус тосож, ахуйн хэрэгцээндээ ашиглахыг уриаллаа. Борооны ус нөөцлөх нь олон талын үр ашигтай. Тэр дундаа зуслан, гэр хороололд төвлөрсөн усан хангамж хомс байдаг тул дулааны улиралд борооны усаар угаалга цэвэрлэгээ хийх, жорлонд урсгах, мод, зүлэг, ногоогоо услах зэрэгт өргөнөөр ашиглах боломжтой. Салбарын судлаач, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар иргэд борооны усыг тогтмол ашиглаж хэвшсэнээр ундны усны хомсдолыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэв. Тиймээс байшин, сууцынхаа дээвэрт ус дамжуулж урсгах зориулалт бүхий хоолой хийж, дор нь хуримтлуулах сав байршуулахыг зөвлөлөө. Хэрэв нэмэлт хоолой суурилуулах боломжгүй бол зүгээр л дээврийн усны хаялгыхаа дор бидон, сав тавьж, тосож болно.
Борооны ус тосож, ашигласнаар мэдээж холоос зөөх, худгаас ус авах зэрэгт зарцуулагддаг хөдөлмөр, мөнгийг хэмнэнэ. Ялангуяа их хэмжээний ус шаарддаг зуны улиралд хэрэгтэй. Газар тариалан эрхлэх, хашаандаа мод бут тарих, ногоон байгууламж нэмэхэд тустай. Борооны ус нь байгалийн эх үүсвэр тул шавхагдашгүй. Улмаар хөрсний чийгийг нэмэгдүүлж, бичил уур амьсгалыг сайжруулна. Гудамж, жалганд ус хуримтлагдах, үерлэх эрсдэлийг бууруулна. Хүүхэд, залуусыг байгаль орчинд ээлтэй амьдрахад үлгэрлэх, хариуцлагатай иргэн болгон төлөвших зэрэгт ач холбогдолтойг албаныхан хэлсэн.
Сонирхуулахад, бороо нь агаарт ууршсан цэвэр усны тунадас учраас хамгийн эрүүлд уриаллаа
тооцогддог. Гэхдээ газарт буух явцдаа орчны тоос, тоосонцроор бохирддог тул унданд шууд хэрэглэж болдоггүй. Нийслэлд жилд дунджаар 250-300 мм хур тунадас унадаг гэсэн судалгаа бий. Энэ нь нэг ам км талбайд 250 литр ус ногдож буйг илтгэх үзүүлэлт юм. Харин ургамал бүрэн ургахад шаардлагатай хур тунадасны хэмжээ 1000 мм аж. Өөрөөр хэлбэл, манай орон шиг хур тунадас багатай, хуурайшилтай бүс нутагт борооны ус тосож, ашиглах нь хамгийн тохиромжтой аргуудын нэг гэсэн үг.
М.Гэгээ