ОХУ-ын дотоодын зах зээлд бензиний үнэ 30 гаруй хувиар өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн тул эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор шатахууны экспортдоо бүрэн хориг тавилаа. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш тус улсын зах зээлд газрын тосны үнэ эрс өссөн. Тухайлбал, Санкт Петербургийн түүхий эдийн биржид АИ-95 оны эхнээс 24 хувиар өсөж, тонн тутам нь 73 мянган рубль хүрчээ. “Ургац хураалттай холбоотой хөдөө аж ахуйн салбар дахь эрэлт нэмэгдэх үе ирж буй тул дотоодын зах зээлээ тогтворжуулах зорилгоор тус арга хэмжээг авч байна” хэмээн ОХУ-ын Засгийн газраас мэдэгдлээ.
Өнгөрөгч оны гуравдугаар сард тус улс шатахууны экспортоо мөн хязгаарлаж байв. Ингэхдээ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудыг чөлөөлсөн юм. Энэ удаад ч мөн адил Евразийн эдийн засгийн холбооныхон, ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж асан таван улсыг шатахууны хоригт багтаахгүй гэлцэж буй. Ойрхон давтамжтай эдгээр хоригийг шинжээчид ОХУ-ын газрын тосны үйлдвэрлэл хангалтгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамныхан “Наймдугаар сарын 1-31-нийг хүртэл хэрэгжих уг хориг нь ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон Евразийн эдийн засгийн гишүүн орнуудад үйлчлэхгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад өнгөрөгч есдүгээр сард хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр байгуулж, шатахуун тогтмол худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн. Мөн манай улс ОХУын импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна. Өнөөгийн байдлаар АИ-92 20, АИ-95 41, дизель түлш 20, онгоцны түлш 50 хоногийн нөөцтэй” гэж мэдэгдэв.
Д.Хүслэн