Цахим мөрийтэй тоглоомын их хэмжээний мөнгөний гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлэн шалгаж байгаа талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өчигдөр мэдээллээ. Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аар эцэслэн баталж, энэ сараас мөрдөж эхэлсэн билээ. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх хяналт шалгалтыг хийж, одоогоор 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг хязгаарлаад буй гэнэ. Мөн 1XBET, MELBET, бусад цахим мөрийтэй тоглоомын платформыг “Appstore”, “Playstore”-оос татах эрхгүй болгожээ. Ингэснээр цахим мөрийтэй тоглоомын сайтууд 90, агент 84.1 хувиар буурсан гэж албаныхан мэдээлэв.
О.Оргилох