БНХАУ-ын Жухай хотод энэ сарын 23-29-нд зохион байгуулсан өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, хоёр алт, зургаан мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Өнөө жилийн тэмцээнд Монгол, БНСУ, БНХАУ, Филиппин, Тайланд, Малайз, Хонконг зэрэг 10 орны тамирчид өрсөлдсөн бөгөөд манай шатарчид нас, насны ангилалд өндөр амжилт үзүүлсний нэг нь стандарт төрөл байв.
Хөвгүүдийн U-16 насны төрөлд Г.Тэнүүндалай алтан медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл охидын эл насны ангилалд Б.Хулан мөн алтан медаль зүүснээр Зүүн Азийн аварга болжээ. Нэмээд эрэгтэй U-18-д Х.Өлзийхишиг, U-8-д Э.Ивээлт нар мөнгө, U-10 насанд Д.Төгсбилгүүн хүрэл медалийн эзэн болсон байна. Охидын U-14-т Н.Содгэрэлт, U-12-т И.Цэлмүүн, U-10-т С.Тэнүүнбуян, U-8 насанд Н.Аз-Эрдэнэ нар мөнгө, U-18-д Э.Хүслэн, U-12-д Н.Энхрийлэн нар тус тус хүрэл медаль хүртэж, Монголын баг ийнхүү өндөр амжилт үзүүллээ.
Хөвгүүд, охидын ангилал тус бүрд 30-аас дээштоонышатарчин өрсөлдсөнөөс хамгийн олон оролцогчтой нь U-8, U-10, U-12 насных байсан бөгөөд эдгээр төрөлд 80-аас олон тамирчин оюун ухаанаа уралдуулсан аж. Ташрамд дурдахад, манай өсвөрийн шатарчид энэхүү тэмцээнд медальт байруудад шалгарснаар олон улсын оноогоо ахиулах боломж бүрдсэн юм.
М.Гэгээ