Хичээлийн шинэ жилийг угтан, Эрүүл мэндийн сайдын тушаалаар бага ангийн болон дотуур байр, цэцэрлэгийн багш, туслах багш, арга зүйч, тогооч, түүний туслах, гал тогооны нярав, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулдаг болсон билээ. Үүний хүрээнд боловсролын байгууллагууд уг кампанит ажлыг энэ сард багтаан зохион байгуулж дуусгахаар бэлтгэл хангаж эхэлжээ.
Багш, ажилтнуудыг хамар, залгиурын арчдас, нян тээгч, шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ, сүрьеэгийн үзлэг, рентгенд уламжлал ёсоор хамруулах аж. Мөн арьсны халдварт өвчин, бамбайн даавар, хелико бактери, дууны хөвчийн дурангийн оношилгоо, мэдрэл, нүд, чих, хамар, хоолой, эмэгтэйчүүд, үе мөч, хавдрын маркер зэрэг зургаан чиглэлээр 22 төрлийн үзлэг, шинжилгээ хийдэг юм байна. Тэднийг харьяа аймаг, сум, дүүргийн ЭМДС-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эмнэлэг, лабораторид хэсэгчлэн болон нэгдсэн журмаар үзлэгт хамруулдаг аж.
О.Бат