Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд ханиад, томуу ч дагаад нэмэгддэг. Манай улс жил бүр томууны улирлыг угтуулж, уг өвчний эсрэг дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд өрнүүлдэг билээ. Өнөө жилийн дархлаажуулалтад шаардлагатай вакциныг худалдан авсныг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлэв. Тодруулбал, ДЭМБ-аас зөвлөсний дагуу, 2025-2026 онд дэгдэж болзошгүй томууны вирусний эсрэг олон цэнт 300 000 хүн тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоодын ханган нийлүүлэгчдээр дамжуулан худалдан авсан байна. Эхний ээлжийн 135 мянган тунг ирэх долоо хоногт, дараагийнхыг нь буюу 165 мянган хүн тун вакциныг есдүгээр сарын эхний хагаст хүлээн авахаар захиалга өгчээ.
Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг, хууч эмгэгтэй хүмүүсийг томууны вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг. Бусад нь сайн дураараа өрх, дүүргийн эмнэлэгтээ хандан хийлгэх боломжтой. Ташрамд дурдахад, улаанбурхны эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд ирэх аравдугаар сарын 15 гэхэд нийт хүүхдийн 55 хувийг вакцинжуулахаар төлөвлөжээ.
М.Гэгээ