Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 35 жилийн ойн хүрээнд “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Энэ үеэр УБХ-ын гишүүн, мөн УИХ-ын даргаар ажиллаж, олон удаа парламентад сонгогдон ажилласан Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж нар илтгэл тавьсан. Д.Лүндээжанцан гуай илтгэлдээ парламентат ёсны угтал үе Монголын нэгдсэн төр улсын Их хуралдайгаас эхтэйг онцолсон юм. Улмаар 1924-1990 онд парламентат ёс хэлбэрээ олсон бол 1990 оноос хойш төлөвшлийн үе эхэлсэн гэв. 1990 онд байгуулагдсан Улсын бага хурал парламентат ёсны төлөвшлийн суурийг тавьж, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмаар ажиллах, ардчиллын суурь зарчим бодитойгоор хэрэгжих, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдсан байх, хууль дээдлэх гол зарчмыг хэрэгжүүлснийг санууллаа. Р.Гончигдорж гуай “Ардчилсан хувьсгал ба УБХ” сэдвээр илтгэл тавьж, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулсан түүхээс хуваалцав. Мөн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж байнгын ажиллагаатай парламентын ажлын албаны үүсэл, хөгжлийг танилцуулсан юм. Анх УБХ 1990 оны есдүгээр сард захирамж гарган 56 хүний орон тоо бүхий Тамгын газрыг байгуулсан түүхтэй аж. Мөн 1992-2004 оны парламентаар УБХ-аас эхлэлийг нь тавьсан эрх зүйн шинэчлэлийн нүсэр ажлыг нугалж, өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсын шинэ үеийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлсэн, 2004-2016 оны УИХ нь уг системийг чанаржуулахад чиглэж ажилласан гэлээ. Үүнд үе үеийн Тамгын газрын ажилтнуудын үүрэг, оролцоо чухал байсныг тэрбээр онцолсон. Тэгвэл 2016 оноос хойш байнгын ажиллагаатай парламентын гурав дахь 12 жилийн мөчлөг эхэлжээ. 2024 оноос анхны 126 гишүүнтэй парламентыг байгуулж, салбар бүрийн төлөөлөл ажиллаж буй. Түүнчлэн эмэгтэй гишүүдийн төлөөлөл анх удаа 25 хувьд хүрснийг ч энэ үеэр илтгэгчид хөндөж, оролцогчид 35 жилийн алдаа, оноог хамтдаа шүүсэн юм. Мөн эл ойн арга хэмжээн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Парламентын төгөл” байгуулжээ.
С.Уул