Монголын Үндэсний номын сан, АНУын Элчин сайдын яам болон Аризона муж дахь Азийн өвийн сангийн төлөөлөгчид гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслөө өнгөрсөн баасан гарагт хаалаа.“Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж буй эртний төвөд гар бичмэлүүд болон модон барын хэвлэлийн хадгалалт, хамгаалалт” төслийг АНУ-ын Элчин сайдын яамны Соёлын өвийг хамгаалах сан, Азийн өвийн сангийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлснээр үнэт ном, судар бүхий Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, туршлага болон чадавхыг бэхжүүлжээ.
Төслийг 2022-2025 онд хэрэгжүүлэхдээ Үндэсний номын сангийн эртний 77 000 гаруй гар бичмэл, ном болон модон барын хэвлэлийг хадгалан хамгаалсан гэв. Азийн өвийн сангийнхан техникийн туслалцаа үзүүлж, гар бичмэлүүдийг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг Буддын дижитал нөөцийн төвтэй хамтран хариуцаж, дуусгажээ. Ингэснээр эртний гар бичмэлүүдийг дэлхий дахины судлаачдад нээлттэй болгов. Тодруулбал, төслийн хүрээнд 4383 баринтаг номыг тоон хэлбэрт шилжүүлж, 1 437 818 хуудас хуулбарлаж, 77 544 гарчиг номыг каталогжуулсан байна. Эдгээр ажил нь анх тавьсан зорилтоо 500 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт гэдгийг албаныхан онцолсон.
Гар бичмэлүүд нь Монголын уламжлалт мэдлэг, зан үйл, туульс, судар болон соёлын өвийн бусад хэлбэрийг агуулдаг. Төслийн үр өгөөжийг Үндэсний номын сангаас гадна Гандантэгчэнлин хийд дэх Занабазарын их сургууль, Хархоринд байрлах Эрдэнэ зуу хийд зэрэг байгууллага хүртэж, судлаач, шинжлэх ухааны хурал, оюутнуудад зориулсан боловсролын аялал зэрэг өргөн хүрээний соёл, боловсролын арга хэмжээнүүд зохион байгуулжээ.
АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Ричард Л.Буанган “Гар бичмэлүүдийг хадгалан хамгаалсан явдал нь манай хоёр улсын бат бөх түншлэлийн илэрхийлэл юм. Улмаар ирээдүй хойч үеийнхэнд баялаг түүх, соёл, утга зохиолын өвийг хүндэтгэх, судлах, суралцах боломжийг олголоо” хэмээв.
О.Ундрах