“Тоншуул” сэтгүүлийн 90 жилийн ойг тохиолдуулан энэхүү буурал түүхтэй салшгүй холбоотой эрхэм хүмүүн болох Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Доржготовын өгүүллэгүүдээс уншигчдадаа толилуулъя. Тэрбээр “Мөнхийн ус” өгүүллэгээрээ 1975 онд олон улсын шог хошин зохиолын “Алеко” уралдаанаас “Мөнгөн зараа” шагналыг хүртсэн анхны монгол зохиолч билээ.
Мөнхийн ус
Би аавыгаа нутаглуулсан газарт жил бүр очдог болоод удаж байна. Хайрт аавын минь шингэсэн газар. Энд чив чимээгүй. Толгойд аавын минь хэлсэн ярьсан урсан ирдэг газар. Би нүдээ анилаа. Гүвэлзсэн зэрэглээн дундаас аав минь шарга морьтойгоо өвхийтлөө цогиулсаар айсуй. Энэ бодол дандаа ингэж эхэлдэг юм. Аав минь морин дээрээсээ бумбатай юм бариад “Май, миний хүү. Мөнхийн ус хүрт” гэлээ.
Би өөд болсон эцэгтэйгээ мэнд солих ч ухаангүй: -Мөнхийн ус аа!?... гэж дуу алдуут аавынхаа гараас бумбыг шүүрч аваад хөнтөрчхөв.
“Би мөнхийн ус уусан. Одоо үхэхгүй” гэсэн бодол толгойд харвуут би эхлээд л “Та минь ээ, намайг хараач” гэж яагаад ч юм байдгаараа хашхирлаа. Мөнхийн ус уусан хүн хэрхэн баярладгийг хөөрхий энэ буурал хорвоо үзээгүй. Инээд хүрээд тогтдоггүй. Ертөнцөд хамгийн сайхан юмыг би “үхлээ” гэж зүүдлээд сэрэх гэж боддог байлаа. Сэрүүт “Би чинь үхсэн биш, зүүдэлсэн байна шүү” гэсэн баяр цээжин дотор мандана. Гэвч тэгсгээд л “Тэртэй тэргүй үхнэ, яадаг ч юм билээ” гэсэн айдас голоос хайрдаг биз дээ. Тэгвэл мөнхөрнө гэдэг ай даа мөн ч... Сүүлдээ би баярлаж эцлээ.
Чингэтэл гэнэт авгай хүүхэд минь дотор ороод ирэв. Бумбаа үзвэл хов хоосон. Одоо яана. Авгай намайг “Чи минь ганц дусал үлдээхгүй яав даа” гэнэ. Хүүхдүүд “Та хуучны үлдэгдэл, хувиа хичээгч” гэцгээн уйлалдана. Надад гомдсондоо тэд яваад өгнө. Би тэнэг толгойгоо шаан уйлав. Гэтэл аав минь:
-Миний хүү, битгий уйл! гээд дахин нэг бумбатай мөнхийн ус өгч
-Мөнхийн ус бол сархад шиг элбэг байдаггүй юм. Аавд нь дахиад байхгүй шүү. Миний хүү чадах чинээгээрээ олон хүн, амьтанд хүртээгээрэй гэж гуйлаа.
Би эхлээд авгай хүүхэд, хамаатан садандаа амсуулъя гэж бодов. Тэгтэл санаанд дарга маань гэнэт оочерын урдуур дайран орж ирлээ. Бумбаа бариад тэдний өөд гүймээр санагдав. Найз Доржийгоо яах вэ? Тэр миний өмнөөс би түүний өмнөөс үхнэ гэж булаацалдаад одоо болтол шийдэж чадаагүй яваа хоёр. Тэгснээ бүх хүнд мөнхийн дусал хүртээхээр шийдлээ.
Чингэтэл гэнэт ажлынхаа газрын цаг бүртгэгч бөгтөр өвгөнд өгмөөргүй оргив. Бас намайг гурав хоногийн ажил таслав гэж цалин хассан, хууль бол хууль гэсэн үзэл бүхий ерөнхий ня-бог хасахаар тогтлоо. Дараа нь шог өгүүллэг часхийтэл бичээд яваа хоёрын зэрэг хархүүг мөнхрүүлэх нь буруу гэж үзэв. Мөн шатар хамт тоглодог хорон үгтэй хөршийнхөө нэрийг дарлаа. Тэр ч байтугай найз Дорждоо ч хялайлгахыг цэглэв. Хохь нь муу золиг. Тэр намайг чадвартай хүн болохоос ухаантай хүн гэж хэлж чадахгүй хэмээн гомдоосон юм. Эцэст нь хадам ээжийнхээ нэрийн ард асуултын тэмдэг зоочхоод байтал аав минь:
-Миний хүү мөнхийн ус өгснөө хүнд хэлбэл мөнхийн ус чинь мөнхрүүлэх ид шидээ алдаж “тунгалаг” пиво болдог юм шүү. Амьтан хүнд тус болбол алдар нэрийг хүлцтүгэй. Үүнийг насан турш санаж яваарай гэж захиад орчлонгийн хязгааргүй зэрэглээний давалгаан дундуур шарга морьтойгоо умбасаар торолзон далд орлоо.
Би бумба дүүрэн мөнхийн ус барьсаар хоцров. Тэгээд элдвийг бодлоо. Хүнийг аймшигт үхлээс аврахаас илүү гавьяа байх уу. Хорт хавдрыг анагаасан хүнд алтан хөшөө барина гэж дуулдсан. Тэгвэл амийг нь аварсан хүний хөшөөг юугаар бүтээх бол. Үгүй байз, аав юу гэж хэлэв ээ. Мөнхийн ус өгснөө хүнд хэлбэл мөнхийн ус маань “тунгалаг” пиво болно гэл үү. Миний хүчинд мөнхөрснөө хэн ч мэдэхгүй ёстой байх нь ээ. Ээ халаг. Юу гээчийн хяслан бэ. Аав минь та намайгаа яаж байгаа чинь энэ вэ. За байз, яая даа. Мөнхийн ус уу, эсвэл “тунгалаг” пиво уу? Яаж шийдэх вэ? Даргад мөнхийн ус өгье. Тэр мөнхөрнө. Гэвч өөрийгөө намайг мөнхрүүллээ гэдгийг мэдэхгүй, урьдын адил дээрэлхэнэ.
За тэгвэл ядаж авгайгаа мөнхрүүлье. Гэтэл тэр миний хүчинд үхэхгүй болсноо мэдэхгүй. Би түүнд ямар нэгэн уруулын будаг биш мөнхийн рашаан өгчхөөд бахь байдгаараа шал угааж, хог асгаж, түүний оронд “Гоо сайхан”-д очиж хэдэн цаг оочер авч суух гэж үү. Үгүй, ярихгүй! Хамгийн гол нь би гэдэг хүн бумба дүүрэн мөнхийн ус ганцаараа уусан. Ганцхан би үхэхгүй. Бусад нь бүгд... ха ха... Байз, намайг мөнхөрснийг хүмүүс бас мэдэхгүй нь ээ. Тэгэхлээр чинь тэд надад яаж жөтөөрхөх болж байна. Надад өөрийнхөө мөнхөрснийг заавал дуулгах учиртай хэдэн хүн ерөөсөө бий. Тэднийг атаа жөтөөндөө багтарч үхэхийг харахгүй юм бол надад мөнхрөх хэрэг байна уу даа. Эцэст нь би орчлон дээр ганцаараа мөнхөрснөө хүнд хэлэхгүй явж тэвчихгүйгээ ойлголоо. Тэгээд энэхүү өгүүллэгийг бичихээр шийдэж, дор нь өөрийнхөө нэрийг томоор бичээд, дээрээс нь хэнд ч өгөх тэвчээр хүрээгүй мөнхийнхөө рашааныг асгачихлаа. Тэгээд би “Бас л хуучнаар нь төгсгөчихлөө” хэмээн халаглаад босов.
Эргэн тойрон чив чимээгүй. Хайрт аавын минь захиж, сургасан толгойд урсан ирдэг газар. Би аавынхаа шингэсэн энэ алгын чинээхэн газрыг эргэн эргэн харсаар буцахдаа “За ирэх жил л ирж бодохдоо аавынхаа захиснаар энэ өгүүллэгээ төгсгөнө дөө” хэмээн улигт амлалтаа өгөөд буцлаа.
1975 он

Нохой гэрт хүн урдаггүй
Газар, тэнгэрийн савслагаас нар таширлан хорвоо дэлхийг алтруулав. Өдөржин хамт архидсан нөхдөөсөө Түгжав гэнэт салж, тууврын мал тууж одсон Донойнх өөд яралзуулахад ухаа зээрд морь нь оройн наранд гал адил цоролзож байна. Айлуудын зэлэнд бух урамдаж, өдөржин адуу хурсан нуурын зүгээс шивтэр ханхална. Нуурын хөвөөгөөр Түгжавыг хайрга чулуунд мориныхоо дөрвөн хөлийг балбалзуулан хажигнаж явахад нар шингэж билээ. Хөлөрсөн ухаа зээрд морь нар жаргасан хойно бараан болон сүүтэлзэж, өдөржин адууны хөлд цалиглаж ядарсан нуур үдшийн бүрэнхийд тогтож ядан цэлэлзэх нь нойрсохоор яарах мэт авай.
Түгжавын бараанаар зэлүүд талын ганц гэрээс даага шиг хар нохой дүүлэн гарч ирлээ. Донойн энэ нохой чоно барьдгийн гадна Түгжавыг үзэн ядна. Хар нохой морины хоёр талаар сэлгэн Түгжавын нүүр өөд үсчихэд нялуун үнэртэй халуун амьсгал нь хан ханхийж, аймшигт араа соёо нь ярзалзаж байв. Тэнзэн ташуураараа Түгжав нохойны сарьсан хамар дээр дэлсмээр хорхойтсон боловч зорьсон хэргээ бодож биеэ барив. Тэгээд нохойд өвдөг хөлөө хазуулчихгүйн тулд том ташуураа хий зангаж явлаа. Уур нь дэлбэрэх шахсан нохой урилгагүй зочныг гэртээ ойртох тусам л хилэгнэж, ухаа морийг зогсоохоор сүүлнээс нь чаргууцалдсанаа хүч хүрэлгүй Түгжавын ган дөрөөг тан янхийтэл хазлав. Донойн гэргий Хандмаа гэрээсээ гарч нохойгоо хорихоор гүйх замдаа үс гэзэг, дээл хувцсаа янзалж явна. Тэрбээр нохой руугаа гүйж очоод “Хол яв. Байтлаа гэрт хүн буулгахгүй нь уу” гэж зандрахад хар нохой арга буюу нохойн ёсоор эзнийхээ өмнө газар хэвтээд хүлцэнгүйгээр гийнан мөлхөх авч үзэн ядсан уур нь багтаж ядан хахаж цацна. Түгжавыг морио уяад гэр өөд явахад хар нохой хүзүүвчнээсээ зуурсан Хандмааг чирч хоолой хяхтнуулан зүтгэхэд эзний нь хормой ярагдаж, хоёр урт цагаан гуя гялалзан урагш хөвчлөн жийгээд нойтон газар онгилон улдав. Хар нохойг турьхан эзнийхээ гараас мултарч ирээд толгой дээрээ мордчих вий гэж айсан Түгжав гэрт орохоор яарч, ичсэндээ хажуугийн хүн харахад нударга хаялан хаахалзаж, ачир дээрээ явган явж үзээгүй хоёр богинохон хөлийнхөө чадлаар гүйв. Тэрбээр үүдээр шургуут нуруу хотосхийлгэн хаалга хавхийтэл хаагаад тулганы хойно гарч зогслоо. Хар нохой гэрт орж Түгжавтай үзэлцэхээр Хандмаатай уралдан дайрч хаалганд хоншоороо хавчуулаад өвдсөндөө биш, уурандаа гаслан хоцров. Түгжавын санаа бага зэрэг тайвширч:
-Мөн ч ширүүн байх чинь вэ гэхэд Хандмаа “Чамд ширүүлэхгүй бол өөр хэнд ширүүлэх вэ” гээд зургар хар нүдээ маяглуулав.
-Доной догь хүн, авгайдаа хатуухан манаач тавьжээ. Хар нохой байхад Донойн сэтгэл өдийд амар яваа биз. Гэвч хөөрхий, даанч адгуус юм даа гээд Түгжав хоймрыг шилбүүрдвэл жаазнаас гэрийн эзний том хөрөг яг өөрийг нь ширтэж байхуйд тэр ялимгүй займарч суув.
Хандмаа алтан ээмгээ санжигнатал гунхалзаад “Адгуус ч гэж басаж болохгүй шүү. Манай хар нохой Донойтой бол ярьдаг юм” гэлээ.
Түгжав ха, ха хэмээн худлаа хөхрөөд тухлахаар сүүжилдэн хэвттэл хар нохой гэнэт дахин хуцав. Түгжавын дотор эвгүй бодол ургаж өндийнгүүт малгайгаа авч хааш яаш өмсөөд их л хүнийрхүү цомцойн суулаа. Тэгээд:
-Донойн ирэх юу болж байгаа билээ гэж асуух гэтэл Хандмаа ухасхийн хаалгаар шагайж хараад “Хүүш ээ яана аа, Түгжав аа” гээд чимээ тасрав. Тэгснээ “Манай энэ нээрэн муухай гударга шүү. Уяан дээр очоод, чиний морийг боргоод уналаа” гээд урьхнаар аальгүйтэн инээв.
Хандмаа Түгжавт идээ цай болсны дараа нэг лонх шимийн архи гаргаж өгөөд өөрөө эртхэн үнээгээ саахаар гарлаа. Түгжав архинаас нэг аяга уугаад цааш уусангүй, өдрийн уусанд нозоорч хоёр гутлаа тайлж орхиод гэрийн баруугаар хажуулав. Гадаа хар нохой түүний морийг ээрсээр авч уур хилэн нь нэлээд буурчээ. Эцэстээ тэр хаа нэгэнтээ пөн пөн үглэснээ Түгжавын моринд дасав уу, аль эсвэл залхав уу, эрүү хамхив.
Түгжав үс болсон хоёр панцгар хөл жийж, авдар шиг зузаан цээж түхэлзүүлэн зүүрмэглэв. Хаалга гэнэт торхийв. Цочин харвал хаалганы завсраар хар нохойны сарьсан хамар орж ирээд ийш тийш шиншилж гарлаа. Түгжавын дотор палхийж, өндийх гэснээ болиод огт хөдлөхгүй нам хэвтэхээр шийдэв. Хар нохой сэтэрхий хамраа сартагануулан баахан шиншилснээ хошуугаараа хаалга сөхөн түлхтэл түрхийх чимээ гарч цээжин бие нь гэрт ороод ирлээ. Түгжав баруун орон дээр үсрэн гарах гээд амжсангүй.
Хар нохой баримжаа муутай түлхэж гэрт лав орж ирсэндээ гэмшсэн байдалтай хулчгар царайлан хойш ухарсаар, дөнгөж толгойгоо хаалгаар цухуйлгасны эцэст сая санаа амарч, бүрий орж буй гэрийн доторхыг ажиглан гэмшингүй шар нүдээ гөлөгнүүлэв. Түгжав “Хандмаа!” гэж хашгирах гэснээ хэрэг бүр бишдэх байх гээд үхсэн мэт амьсгал хураав. Нохой гэр доторхыг сайтар ажиглаад хар нь бага зэрэг арилсан янзтай зүүн хатавчнаас эхлэн өөх тосны цөвдөл, шороо пургиулан шиншилсээр босго алхлаа.
Түгжавын бие цогцосноос зөвхөн хар нүд нь аяган дотроо хөдөлж, гартаа барьчих багаж зэвсэг ойр хавиас хайна. Хар нохой эрэгнэгийн урдуур нүүгэлтэн орж ирэхэд сүүл нь хөвөрсөөр хаалганаас мултарч хаагдлаа. Түгжавын дотор өрхийг нь бүтээсэн гэр шиг пад харлав. Донойн чоно барьдаг хар нохой бүрэнхий гэрт орж ирээд зогсож байгаа нь баавгай шиг сүртэй ажээ. Тэр баавгай гэрийн зүүн талаар шиншлэн өөдөө ахисаар хоймор дөхөж ирлээ. Нохойны хамар нүүрнийх нь дэргэд ирж, сахал сармайг нь сэрвэлзтэл шуугичнахад Түгжавын хар нүд ч хөдлөхөө болиод айсандаа хөлдөж орхив. Хар нохой дун цагаан араа соёогоо ярсхийтэл эвшээж, урт улаан хэлээр амаа гаслантайяа долоосноо тулганы хойгуур баруун тийш тойрохоор дээш ахилаа. Түгжав амьсгалахаа ч болив. Тэгтэл хар нохой гэнэт хаалга руу зүүн талаар буцлаа. Түгжав дотроо залбирч цээжиндээ хураасан амьсгалаа сэмхнээр цувруулан гаргав. Хар нохой (ёсыг бодоод тулганы хойгуур тойрсонгүй бололтой) эрлээ баруун хатавчнаас өөд нь үргэлжлүүлэв. Энэ удаа хар нохой Түгжав хоёр золгох нь зайлбаргүй болжээ.
Зугтаасан хүнд нохой өстэй байдгийг мань хүн мэдэх тул гуалин шиг хэвтэж байгаад азаа шодохоор шийдэв. Хар нохой Түгжавын нүцгэн хөлд сайран хамраа хүргэчхээд давхийн цочлоо. Түгжав цочсон ч үгүй, бүх ухаанаа дайчлан мод болон хөшив. Тэр ерөөсөө л үхсэн хүн болъё гэсэндээ бараг үхжээ. Хамаг бие нь цэл хөрж, зүрх нь зогсоод цус нь зөвхөн айснаасаа болоод гүйж байлаа. Түүний амьд гэдгийг хар нохой байтугай Түгжав өөрөө ч мэдэхээ больжээ. Хар нохой хэсэг зогсоод Түгжавын хөлийг “Энэ ер нь юу вэ” гэсэн шиг дахин шохоорхож, өөд нь ахиулан шилбэ, гуя, тэр ч атугай бүр түүнээс дээш ичгүүр сонжуургүй үнэртэж үзэв. Түгжавыг тэр амьгүй махбод гэж санасан байдалтай дээгүүр нь алхаад нүцгэн гэдэс хэнхдэгийг нь шиншлэв. Түгжав хар нохойг багалзуурдаад авах нь уу гэснээ ямар ч байсан эхэлж өдөхөө больё гэж шийдээд ирээдүйн дайнд битүүхэн бэлтгэлээ. Чингэтэл хар нохойны харц Түгжавын харцтай яг тулгарав.
Өөрийг нь амьд гэдгийг нохой түүний хөлдүү харцнаас мэдлээ. Нохойны гэрт орж ирсэндээ гэмшсэн хулчгар нүдний цаад өнгөнд түрүүчийн хонзон гялалзаж байгааг Түгжав харав. Түгжавын нүдний амьд галыг хар нохой хэсэг гайхан ажигласнаа гэнэт дальдарч ухасхийн гарч одов. Гарч явахдаа түүнийг сүүлээ тас хавчсан байсныг Түгжав анзаарчээ. Хар нохой гадаа гаруут Түгжавын морийг хилэнтэйеэ ээрч гарав. Түгжав нохойд багалзуураа тас хазуулаагүйдээ баярласан боловч дотор нь хачин болж орхилоо. Тэр босож суув. Айлын эзгүй гэр нэг л таагүй, хоймрын жаазнаас ширтэх Донойн харц өөд Түгжав харах гээд чадсангүй.
1980 он