2023 оны аравдугаар сарын 7-ны өглөө эрт ХАМАС-ын тэргүүлсэн Палестины зэвсэглэсэн бүлэглэлүүд Израилын нутаг дэвсгэр лүү дайрснаар одоо хүртэл үргэлжилж буй хямрал эхэлсэн билээ. Хуурай газар, ус, агаараар 3000 шахам зэвсэглэсэн дайчин довтлон 1200 орчим израил хүнийг алж, 253 хүнийг барьцаалсан байдаг. Өнгөрсөн хугацаанд Израил, ХАМАСын хоорондын дайны гал ер зогсоогүй гэж хэлж болно. Амиа алдсан эдгээр хүний 779 нь энгийн иргэн, 38 нь хүүхэд, 200 орчим нь гадаадын иргэн юм уу, давхар иргэншилтэй хүн байсан гэдэг юм.
ХАМАС-ын энэ алан хядах үйлдлийн эсрэг ажиллагааг Израил тэр даруй “Төмөр илд” нэртэйгээр эхлүүлсэн. 2023 оны аравдугаар сард ХАМАС-ыг дор хаяж 44 орон буруутгаж, Израилын өөрийгөө хамгаалах эрхийг 20 шахам улс дэмжиж байв. Довтолгоон эхэлсэн өдөр л АНУ болон Европын орнуудад Израилтай эв санаагаа нэгтгэх жагсаал, хөдөлгөөн өрнөв. ХАМАС-ыг ч бас дэмжих хань ижил гарч ирсэн. Иран улс л гэхэд ХАМАС довтлох гэж буйг долоо хоногийн өмнө мэдээд дэмжиж байжээ. Арабын лигийн орнууд, түүний дотор Оман, Йемен, Катар улс ХАМАС довтолсны шалтгаан нь “Палестины газар нутгийг Израил булаан эзэлсэн явдал” гэж үзэж байв. Удалгүй Ойрх Дорнодын Йемен, Иордан, Ливан, Кувейт, Турк, Бахрейн, Иранд мөн ХАМАС-ыг дэмжсэн тэмцэл хөдөлгөөн өрнөв.
Хоёр жил шахам болж байхад Израил, ХАМАС хоёр тулалдсаар, хүний амь үрэгдсээр. Бидэнд олдсон мэдээллээр Катар улсын нийслэл Доха хотод байх ХАМАС-ын төв байранд Израил цохилт өгсөн байна. Газын зурваст дайн зогсоох талаар америкчуудын боловсруулсан төлөвлөгөөг хэлэлцэхээр энэ сарын эхээр ХАМАС-ын удирдлага цуглаад байх үед нь уг үйл явдал болжээ. Цохилтод өртөж зургаан хүн амиа алдсаны дотор Газ дахь ХАМАСын удирдагч Халиль аль Хайягийн хүү байв. Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац барьцаанд буй израил хүмүүсийг суллаж, зэвсгээ хаяхгүй бол устгана хэмээн хилийн чанадад байгаа ХАМАС-ын удирдагчдад урьдчилан анхааруулсан бөгөөд Дохад өгсөн цохилтын гол бай нь яриа хэлэлцээг голлон хийгч, бүлэглэлийн Улс төрийн товчооны тэргүүний орлогч Халиль аль-Хайя байсан гэж Израилын хэвлэлд мэдээлжээ. ХАМАС-ын Удирдах зөвлөл таван хүнтэй, түүнд Халиль аль-Хаия багтдаг юм байна. ХАМАС-ын дайчдын суртлыг номлогч Исмаил Хания, Яхья Синвар нарыг амиа алдсаны дараа тэрбээр Улс төрийн товчооны орлогч дарга болсон аж. Аль-Хайя 1960 онд төрж, 1980- ад оны эхнээс “Лалын ахан дүүс” хөдөлгөөнд нэгджээ. Энэ хөдөлгөөнөөс 1984 онд ХАМАС бүлэг салсан байна. 2007, 2014 онд түүнийг байгаа гэх газар Израил хоёр удаа агаараас цохилт өгсөн ч Аль-Хайя амьд үлдэж, ууган хүү нь гэр бүлийнхээ хамт үрэгджээ. Тэрбээр жилийн өмнө Катарт суурь¬шиж, зуучаар уламжлан Израилтай хийсэн яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож байв. Түүнийг 2023 оны аравдугаар сарын 7-ны довтолгоог төлөвлөхөд оролцсон гэдэгт Израил эргэлзэхгүй байгаа аж.
Түүнтэй хамт цохилтод өртсөн ч амьд үлдсэн хүмүүсийн нэг нь 1971 онд 15 настайдаа “Лалын ахан дүүс”-т элссэн Халед Машааль юм. 2010-аад онд олон улсын хэвлэлүүд түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 хүний нэрсийн жагсаалтын 18-д оруулж байжээ. Захер Жабарин ХАМАС-ын санхүүг эртнээс барьж ирсэн байна. 1993 онд Израилд баригдаж бүх насаараа хоригдох ял авсан ч 2011 онд ялтан солил¬цоход суллагдаад Истанбулд амьдрах болсон ч ХАМАС-ын Санхүүгийн товчоог удирдаж байв. Таван хүний нэг Мухаммед Исмаил Дарвиш ХАМАС-ын удирдах дээд байгууллага болох Зөвлөлдөх зөвлөлийг нь удирдаж буй юм.
Энэ цохилтыг өгөх “ногоон гэрэл”-ийг АНУын Ерөнхийлөгч Дональд Трамп асаасан гэх боловч албан ёсны мэдээллээр бол цохилт өгөхийн өмнөхөн АНУ-д Израил дуулгасан бөгөөд үүнийг даруй Катарт мэдээлсэн гэдэг ч цохилт өгөөд 10 минут болж байхад бидэнд сонордуулсан гэж Доха мэдэгдсэн. Дональд Трамп болсон явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн ч ХАМАС-ыг устгахыг тэрбээр нэр төртэй зорилго гэж нэрлэжээ.
Израилын эрх баригчид хоёр жил орчим Газын зурвас дахь ХАМАС-ын байлдааны хүчин чадлыг үгүй хийж, барьцаанд байгаа хүмүүсээ суллуулж авахыг гол зорилгоо болгож ирэв. Тэгвэл одоо Газын зурваст Израилын 48 хүн барьцаанд байгаа гэж үзэж буйн 20 нь л амьд гэх мэдээлэл бий. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Израилд саяхан очоод байхдаа “Газын зурваст оршин суугч ард түмэн сайхан ирээдүйтэй байх ёстой. Гэхдээ ХАМАС-ыг устгахгүйгээр ийм ирээдүй бий болохгүй” гэж хэлэв.
Дайн зогсоох тухайд Трамп ямар санал тавьсан нь яг таг мэдэгдээгүй буй ч Катарын Доха хотод ХАМАС-ын удирдагчдад өгсөн цохилтыг буруутгагчид АНУ-ын Ерөнхийлөгчийн саналд ХАМАС ямар хариу өгөхийг Израил хүлээх ёстой байсан гэж үзжээ. Израилын энэ ажиллагаа барьцаалагчдыг суллах боломжийг үгүй хийлээ гэж үзэх хүн ч байна. Бас Израилыг олон улсад хань нөхөдгүй болох зам руу хөтөллөө гэж ч зарим нь хэлж буй. Үүнд ялангуяа 2020 онд Израилтай дипломат харилцаа тогтоох тухай “Авраамын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Марокко улс нэлээд шүүмжлэлтэй хандах болсон. Израилын үйлдэлд ялангуяа Арабын Эмират сэтгэл нэн дундуур байгаа. Хэлэлцээрийн таван жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Арабын нэгдсэн Эмиратад суусан Израилын анхны элчин сайд Амир Хайек “Авраамын хэлэлцээр” аюулд орох гэж байгаа гэх мэдээг дуулснаас хойш шөнө унтахаа болилоо” гэж хэлжээ. Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммед Аль Тани Израилын энэ довтолгоог “төрийн алан хядах ажиллагаа”, “аюултай үйлдэл” гэж нэрлэв. Арабын ертөнцөд томоохон армитай гэгдэх Египет Кайрт төв байртай “Арабын НАТО” байгуулах санаархлаа дахин илэрхийлсэн бол Израилын түрэмгий бодлогыг хазаарлахын тулд нэгдсэн шуурхай бүлэг байгуулахыг лалын шашинт орнууд дотроо ганцаар цөмийн зэвсэгтэй Пакистан уриал¬лаа. Нөгөө талаар Дохад өгсөн цохилт нь алан хядагчдыг дэмжигчид адилхан хувь тавилан ногдоно гэж анхааруулсан дохио шүү гэж сануулах хүн ч цөөнгүй. Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар гадаадад суугаа өөрийн элчин сайд нартаа “Есдүгээр сарын 11-ний алах хядах ажиллагаа”-ны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан маш чухал тогтоолд алан хядан ажиллагааг санхүүжүүлж, төлөвлөж, дэмжиж, үйлдэж байгаа этгээдэд толгой хоргодох газар олгохоос бүх улс орон татгалзах үүрэг хүлээнэ гэж заасан байдагт анхаарлаа хандуулахыг хүсэж байна” хэмээн сануул¬ав. Чөлөөнд буй Израилын бригадын генерал Дэнни ван Бёрен “Бүс нутагтаа тогтвортой байдал бий болгох Израилын чадвар түүний цэргийн хүчин чадалд байдаг юм. Хүчний төв байгаа газар л энх тайван, тогтвортой байдал бий болдгийг түүх нотолдог” гэж хэлсэн. Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байсан Бен Шабатын үзэж буйгаар ХАМАС болон алан хядагч бусад бүлэглэл хаана ч нуугдсан гэсэн аюулгүй байдалд байна гэх бодол тэдэнд төртөл үйл явдлыг Израил даамжруулахгүй аж.
Өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглаж байна хэмээн Өрнөдийн зарим улс төрч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Израилын эрх баригчдыг шүүмжилж буй юм. Хоол, хүнс өгөхгүй, гаднаас оруулахгүй байна гэж Газын зурваст оршин суугчид бүр долоодугаар сарын эхээр сэтгүүлчдэд ярьжээ. Гэлээ ч өлссөнөөс турж эцсэн хүүхдүүдийн зургийг долоодугаар сарын дундуур олон улсын агентлагууд хэвлэлд гаргасны дараа л энэ асуудалд олон түмэн анхаарлаа зохих ёсоор хандуулах болжээ. Хүүхдүүд өлсөж туйлдсанаас турж эцсэнийг Өрнөдийн зарим улс хийгээд Израилд өвчинтэй холбон тайлбарлахыг оролдох болсон байна. Ганц баримт дурдахад Италийн “Fatto quotidiano” сонинд өлсөхийн туйлд хүрсэн таван настай хүүгийн зургийг нийтэлсэнд Палестиний газар нутаг дээрх Израилын Засгийн газрын үйл ажиллагааг зохицуулдаг Тамгын газар өгсөн хариултдаа бодит байдлыг няцаахыг оролдоод, хүүг хүнд өвчтэй, эмчлүүлэхээр Итали руу явуулсан гэжээ. Үүнд Италийн сонин хариулахдаа “Манайд нийтлэгдсэн зурагтай Израилын талын хэвлүүлсэн зураг огт төсгүй байна, тэгэхээр энэ явдал өвчинтэй огт холбоогүй нь илт байна” гэжээ. Энэ маргааны дараа Британийн ВВС-гийн удирдагч “Covering the food crisis in Gaza” (Газын зурвас дахь хүнсний хямралыг хэрхэн мэдээлэх) гэсэн заавар сэтгүүлчиддээ илгээжээ. Түүнд өгүүлснээр Газ дахь байдлыг мэдээлэхдээ хатуу бодлого баримтлах талаар сэтгүүлчдэдээ шаардлага тавихдаа алдаа гаргасан байна гэж Британийн корпорацыг буруутгасан. Тухайлбал, удирдлагын тавьсан шаардлагаар бол хүнсний зүйлийг Америк-Израилын хүмүүнлэгийн сангийн тусламжаар Газын зурвас ажилласангүй гэж мэдээлэх ёстой байж.
Нийлүүлэх ажлыг ХАМАС бүрэн хянаж байгаа гэх шалтгаар Израил тус зурвас руу хүмүүнлэгийн тусламжийг гуравдугаар сарын эхээс нэвтрүүлэхээ больжээ. ЦАХАЛ (Израилын арми) болохоор хүмүүнлэгийн тусламжийн ачаа барааны 20 орчим хувийг нь ХАМАС аваад байдаг гэж албан ёсоор мэдээлсэн. Ийнхүү иргэдэд ХАМАС-ын үзүүлэх нөлөөг сулруулах санаачилгыг Америк-Израил боловсруулж, урьд нь энд ажиллаж байсан НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагыг орлох зорилго тавьжээ. Ингээд Газын оршин суугчдын тун бага хэсэгт нь хүмүүнлэгийн тусламж хүрэх болов.
Долоодугаарр сард энэ бүхний эцэст Газ дахь хүмүүнлэгийн байдал эрс муудсан. ХАМАСын мэдэлд байх Газын Эрүүл мэндийн яамны баримтаар дайн эхэлснээс хойш өлсгөлөнгөөр 175 хүн нүд аниснаас 93 нь хүүхэд байв. Зөвхөн долоодугаар сард л 63 хүн өлбөрч нас барсны 24 нь хүүхэд байсан гэж ДЭМБ-ын баримтад өгүүлжээ. Газын хүмүүнлэгийн сангийн тусламж түгээх цэг байхгүй болсон Газ хотод байдал тун хүнд байж. Газ руу нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр Израил шийдвэрлэсэн долоодугаар сарын 27-ноос байдал эрх биш дээрдсэнийг сэтгүүлчдэд хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид болон эндхийн оршин суугчдын хэлсэн үгс гэрчилнэ. Гэлээ ч тусламжийн бараа ирдэг цэгийн тэнд буу дуугараад байх болсноос хүмүүс тийшээ зүглэхээ больсон байна. Хүнсний барааг замаас нь зэвсэглэсэн дээрэмчид булааж аваад зах дээр өндөр үнээр борлуулах болжээ.
Өлсөж үхэх аюулаас хүмүүсийг аврах цорын ганц арга зам нь Газын зурвас руу Израилын нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх явдал гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал зохицуулах газрын ажилтан Ольга Черевко үзжээ. Египетээс Газ руу ус оруулж ирэх зөвшөөрлийг Израилын Засгийн газар шинэчлэхээр болсноос үүдээд эрүүл ахуйн байдал бас эрс мууджээ. Энд ажиллаж буй “Хил хязгааргүй эмч нар” эмнэлгийн зургаан эмч өдөрт 700-800 өвчтөн үзэж байна. Ихэнх нь хоол боловсруулах, амьсгалын замын болон арьсны өвчтэй хүмүүс. Өдөрт 30-40 хагалгаа хийх ч хөвөн, боох материал хүрэлцэхгүй. Наташа Дэвис гэдэг эмэгтэй Ирак, Афганистан, Йеменд ажиллаж байж. Газын зурвасынх шиг нөхцөл байдалтай тааралдаж байгаагүй гэнэ. Энд хүн амьд үлдэх, үхэх нь гагцхүү Израилын Засгийн газрын шийдвэрээс хамаардаг болжээ.
Газрын зурваст гал зогсоох хэлэлцээр Иран, Израилын хоорондын дайныг зогсоосны дараа өөрчлөгдсөн байна. Газ хийгээд Палестины ирээдүйн тухай нэгдмэл санаа ядаж палестины хөдөлгөөнүүдийн дунд ч байхгүй. Одоогоор НҮБ-ын гишүүн 193 улсын 147 нь Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөөд байна. Үүнд нэгдэх бодолтой улс ч бас бий. Израилд суугаа АНУ-ын элчин сайд Маик Хакабигаас Палестин улс байгуулах бодол АНУ-д байна уу гэж асуухад “Би тэгж бодохгүй байна” гэж харуулжээ. Палестиныг улс гэж хүлээн зөв¬шөөрөхөөс өмнө Газын зурвасыг ХАМАС удирдахгүй гэсэн баталгаа хэрэгтэй гэсэн байр суурь бари¬таничууд, францчууд баримталж буй юм байна.
Газын зурвасын байдлыг зохицуулах тухайд өнөөдөр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа аж. Юуны урьд Газыг түр Израилын мэдэлд өгөх, хэрэв ингэвэл Палестин-Израилын байдлыг зохицуулах аливаа хэлэлцээр хийх боломжгүй болно. Тус зурваст эрх мэдлийг ХАМАС авбал мөн хэлэлцээр хийх зам хаагдана. Газын зурвасыг Арабын орнууд, АНУ болон Европын Холбооны хяналт дор Палестины автономид буцааж өгөхийг олон улсын хамтын нийгэмлэгийн ихээхэн хэсэг дэмжиж буй ч үүний тулд ХАМАС-ын зэвсгийг хураах, Газын зурвасын асуудлыг “хоёр улс” зарчмын үндсэн дээр Палестин-Израилын зөрчлийг бүрэн шийдвэрлэх зорилгод хамруулна. Газын аюулгүй байдалд хяналт тавих эрхийг хадгалуулж эндхийн засаг захиргааны бүх асуудлыг шийдэх эрхийг ХАМАС-тай хэлхээ холбоогүй орон нутгийн хүчинд өгөх хувилбар Израилын санаанд хамгийн их нийцэж буй юм. Газ дахь дайныг хоёр долоо хоногт дуусгаж, ХАМАСын оронд тус зурвас газрыг Египет, Арабын нэгдсэн Эмиратыг оролцуулан Арабын дөрвөн улсад өгөх. Энэ тохиолдолд ХАМАС-ын үлдсэн удирдагчид өөр улсуудад гарч, барьцааны хүмүүсийг суллана. “Авраамын гэрээ” өргөжиж, Сири, Саудын Араб, Арабын хийгээд лалын шашинт улсууд Израилыг хүлээн зөвшөөрч түүнтэй дипломат харилцаа тогтооно...
Р.Жаргалант