Сансрын нисэгч Герман Титов 2000 онд өөд болсон юм. Тэрбээр сансрыг эзэмшсэн хоёр дахь хүний хувьд түүхэнд нэр нь мөнхөрсөн. ЮрийГагарины байгуулсан гавьяаг л Титов давтсан юм биш, хүн илүү ихийг хийх чадвартайг нотолсон. Сансарт хонож өнжөөд, жингүйдэх үзэгдэл хүний биед хэрхэн нөлөөлдөг тухай ойлголтод эрс өөрчлөлт хийсэн юм. Сансарт анх унтаж, хооллосон төдийгүй өвчинтэй нүүр тулгарсан.
Ю.Гагарины нислэгээс хойш гурван сар гаруйхны дараа илүү хүнд даалгавар авч “Восток” хөлгөөр Герман Титов хөөрсөн билээ. “Миний цэнхэрхэн гараг” дурсамждаа “Олон тонн жинтэй аварга том хөлөг дээш тэмүүлэн тойрог замд гарав” гэж бичсэн байдаг. Цааш нь доор хөврөх үүлэн дэвсгэрийн завсраар дэлхийгээсхаранхуй тэнгисийн эрэг үзэгдээд өнгөрнө. Бүхээгт тэр дороо харанхуй болж, хөлөг маань дэлхийн сүүдэрт ороод явчихна. Хөлгийн бүхээгийн цаана гүн огторгуйд ододанивчина. Хар хилэн дээр байгаа хурц өнгөтэй очир эрдэнэ мэт алсын од эрхэс гялалзана.
Наймдугаар сарын 6-7-нд Титов дэлхийг 17 тойрсон юм. Хожим нь тодорхой болсноор тэрбээр асар их ачаалалтай байж, нисэж явах үедээ бие нь сүрхий муудсан юм билээ. Николай Каманин “Нууцлаг сансар” номдоо “Титовын толгой эргэж, дотор нь муухайрч, толгой, нүд нь өвдөж, хоол идэхээс дургүй хүрч...” гэж бичсэн нь бий.
Титов сансарт нисэхдээ 25-тай байснаас сансрын хамгийн залуу нисэгчийн хувиар Гиннесийн номонд оржээ. Хожим нь 2021 онд 18 настай Оливер Дамен сансарт аялж энэ дээд амжилтыг эвдсэн байдаг. Юрий Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Восток-1” хөлгөөр сансарт нисэж нэг цаг 48 минут болоод эх дэлхийдээ эргэж ирсэн юм. Тэгвэл Титов 1961 оны наймдугаар сарын 6-нд нисэж 25 цаг 18 минутийн дараа буцаж ирсэн. Хүнд хэцүүгийн их ялгаанаас гадна энэ хоёр нислэгийн хооронд ямар олон зөрүү бий гээч.
Ямар ч байлаа гэсэн “Титов үүрд сансрын хоёр номерын нисэгч байх болно” гэсэн баримтыг сөрөх хүч хэнд ч, хаана ч байхгүй. Энэ шударга гэж үү? Ийм асуултыг Титов өөрөө тавьж байв уу? Энэ тухайд Гагарин ямар бодолтой байсан бол гэх мэт олон асуулт хөвөрнө. Гэхдээ сансар гайхалтай юм байхаа больсон өнөө цагт энэ бүхэн тийм ач холбогдолтой гэж үү?
-Та сансарт яаж нойр авав, зүүдлэв үү гэж асуухад тэнд байсан хүмүүс найрсаг дотноор инээх зуурт Титов
-Би ер нь сайнунтдаг, харин тэнд зүүдлэх зав байгаагүй гэж наргиан болгоод, унтахдаа амрах хэрэгтэй байдаг. Ор, хөнжил минь үнэндээ зөөлөн биш байсан ч сансарт би сайн унтсан гэж хариулжээ.
Мэдрэмж, сэтгэгдэл чинь Гагариныхтай адил байв уу гэсэн асуулт бас түүнд тавив. “Бүх юм яг түүнийх шиг” гэж хариулжээ. Үнэндээ нэгдүгээр хүн ямагт нэгдүгээр, хоёрдугаарх нь хоёрдахиараал үлддэгээс бусад бүх юм адил байж.
Герман Титов 1935 оны есдүгээр сарын 11-нд Алтайн хязгаарын Верх-Жилино гацаанд төржээ. Алтайн өөр нэг алдартан Василий Шукшины адил тэрбээр нэгэн үеийн төдийгүй бүхэл бүтэн эрин, салбарын бэлгэтэмдэг болсон юм. “Нам”, “коммунизм”, “Эх орон” гэх үгс хоосон авиа төдий байгаагүй Сталины цаг үед Титов өсөж, төлөвшсөн. Сайн сурч, спортод хайртай, унших дуртай байв. Пушкин, Циолковский нар түүний үлгэр дууриал байлаа. Хүүхэд байхдаа нисгэгч болохыг хүсэж мөрөөддөггүй байснаа тэр нууж байсангүй. Гэвч нэгэнтээ бүх юм нь эрс өөрчлөгдсөн аж. Энэ тухайгаа “Сургууль дээр маань нэг нисгэгч ирснээр бүхнийг шийдсэн. Түүний гялалзтал өнгөлсөн гутал, дэгжин өмд надад хэчнээн гоё санагдсан гээч... тэгээд л нисэх хүчинд орсон” хэмээн Герман Титов дурссан байна.
1953-1960 онд Титов нисэх хүчинд алба хааж их ч нэр хүнд олов. Нисгэгчийн хувиар тухайн үеийнхээ тэргүүний, шилдэг олон онгоцны залуурын ард суужээ. Сталинградын нисгэгч бэлтгэх дунд сургуульд сурч байхдаа Як-18, Як-11, МиГ-15 УТИ, МиГ-15-аар нисэж байсан бол алдар нэр нь түгсэн сансрын нисэгч болсон хойноо “Спираль” хөтөлбөрийн хүрээнд МиГ-21, Су-7, Су-9, Су-11, Як-28, Як-25РВ болон бусад онгоцыг жолоодож байжээ. Нисэх хүчний хувьд тэр тохиолдлын хүн биш, авьяас чадвараар ч хэнээс ч дутахгүй байсан нь мэдээж. 1960-аад оны эхээр тухайнсалбарын мэргэжилтнүүдээс гадна хүмүүс ч өөр олон юм боддог болж, нохойноос өөр юм очоогүй сансрын тухай ярьжэхэлсэнбайлаа.
1960-аад оны эхээр түүхийн хүрд ер бусын хурдтай болсон байв. Дэлхий дахин сансрын эрин рүү оров. Өрнөдийн нийгэм судлаачид “аядуу” гэж нэрлэж асан Титов, Гагарины үеийнхэнд сансар огторгуй, атомын эрчим хүчний салбарт тэсрэлт хийх хувь тохиосон байлаа. Түүнчлэн Владимир Высоцкий, дээр дурдсан Василий Шукшин нарын харьяалагдах дулаарлын үе байсныг тэмдэглэхгүй байх аргагүй. “Сум сөрөх хувь тэдэнд тохиогоогүй...” хэмээн өөрийн үеийнхний тухай Высоцкий дуулж байсан юм. Нас сүүдрээсээ шалтгаалаад тэд фронтод явж байгаагүй ч гавьяа байгуулах, ер бусын үйлс бүтээх чадвар, чанар бүгдэд нь байлаа.
Тэр үед сансрын тухай сэдэв агаарын цэргийн хүчнийх л байснаас ирээдүйд сансарт нисэх хүмүүсийг нисгэгчдийн дундаас сонгож байв. Хамгийн шилдэг нисгэгчээс гадна хүмүүн бусын дэг журамтайгаа тэр хүн харуулсан байх учиртай. Дээр нь бас үл мэдэх, санаанд оромгүй юм руу ороход бэлэн байхыг шаардана.
Шилж сонгож авсан хүмүүстээ комисс нууцлаг, битүүлэг хандана. Ярослав Голованов, “Королев-Баримт, домог” номдоо “Комиссын гишүүд шинэ техникээр нисэх оролдлого хийх боломж байгаа талаар яриаг тойруухан үүсгэв” гэсэн байдаг. Энэ нь хэн нэгний гайхлыг төрүүлж, заримд нь элдэв юм бодуулж, хэн нэг нь шинэ техник гэж юуг хэлээд байгааг мэдчих санаатай тандсан асуулт тавьж эхэлнэ. Герман Титов юу ч бодолгүй, юу ч асуулгүй шууд л “Зөвшөөрч байна” гэж хариулсан байна. Хожим нь Титов сансрын нисэгчдийн анхны отрядын тухай “Бид нас, нуруу, царайгаараа төдийгүй амьдралын туршлага, зан ааш, хувийн сонирхлоороо өөр хүмүүс байв. Бидэнд бас адил юм олон байсан нь эрүүл мэнд, биеийн сайн хөгжил, ерөнхий бэлтгэл, хамгийн гол нь шинэ ажилдаа сонирхолтой” гэж бичижбайжээ.
Урт хугацааны, ачаалал ихтэй бэлтгэлийн явцад ирээдүйн сансрын нисэгчид онцлог байдалдаа дасаж, биенээ сайн таньж авч байлаа. Тэдний хэн нь ч анхны нисэгч болох магадлалтай нь ойлгогдож ирж байв. Титов, Гагарин хоёрын аль нь ч юугаар ч биенээсээ дутуу юм үгүй байлаа. Дээр нь тэд найз нөхөд болж, энэ нөхөрлөл насан туршид нь хадгалагджээ.
1961 оны нэгдүгээр сарын 18-нд комисс “Сансарт нисэх хүмүүсийг Гагарин, Титов, Нелюбов, Николаев, Быковский, Попович хэмээн дугаарлахаар тогтоосон байна. Сансрын анхны нисэгчдийн ахлах судлаач, бэлтгэлийн удирдагч Николай Каманин челюскинчүүдийг аврахад оролцож, 1934 онд ЗХУ-ын баатар болсон анхны долоогийн нэгэнд орж байсан асар туршлагатай хүн. Тэрбээр “Энэ зургаагийн хэн нь сансарт ниссэн анхны хүн болж түүхэнд орох бол гэх бодол тэр өдрүүдэд намайг зовоож байлаа. Энэ асуултад одоогоор хариулт байхгүй ч хэн нэг нь л сансрын анхны нисэгчийн үүргийг биелүүлэхэд эргэлзэхгүй байсан” гэж бичиж байжээ. “Нууцлаг сансар” номдоо “Эцэст нь Гагарин сансрын замыг нээсэн анхны хүн боллоо. Титов “мөнгөн медальтсансрын нисэгч”. Нелюбов цэргийн харуултай маргалдсаны улмаас сансрын нисэгчийн отрядаас гарч, Николаев “сансрын гурав дахь нисэгч” болсон. Быковский тав дахь, Попович дөрөв дэх нисэгч, Валентин Бондаренко маань 1961 оны гуравдугаар сарын 23-нд амьсгал хурааж, “Известия” сонинд нийтлэл гарсан 1986 онд л энэ тухай олон нийт дуулж мэдсэн юм. Гагарин, Титов хоёр эцсийн мөч болтол адил тэнцүү байж, тэдний хэн нь ч анхных болж болохоор байлаа” гэсэнбайдаг. “Сансар зорьсон зам. Сансрын нисэгчийн тэмдэглэл” номд бичсэнээр бол Титовоо илүү сайн бэлтгэгдсэн гэж Гагарин үздэг байжээ. Түүнийг эхлээд сансарт нисгээгүй нь дараагийн илүү төвөгтэй нислэгт нөөцөлсөн байж болох.
Герман Титов “Миний цэнхэрхэн гараг” номдоо “Отрядын маань анд Юрий Гагариныг сонгов. Эр зориг, эрч хүч нь шилдгийн жишээ болсон, эх орон, шинжлэх ухаан, хүмүүст сайн үйлс бүтээхийг мөрөөддөг хүмүүсийн үлгэр болсон хүнийг комисс сонгов” гэж бичсэн байдаг.
Дээр өгүүлсэн Ярослав Голованов “Королев, Баримт ба домог” номдоо бичсэнээс үзвэл “Гомдолтой байна уу?” гэж асуухад нь Герман “Тун таагүй байна” гэж хариулсан байна. Юрагийнхаа төлөө ердөө л баярлаж байгаагүй нь кино мэдээний дэлгэцнээ толгой гудайн суугаа Титовыг харахад л ойлгомжтой байсан аж. Дөрөвдүгээр сарын 10-нд Николай Каманин “Гагарины баяр хөөр, Титовын үл ялиг харамсал илт байв” гэж бичиж байжээ. Баримтат киноны найруулагч Юрий Сальников нэгэнтээ Титовыг “сансрын хоёрдугаар нисэгч” гэсэнд тэрбээр “Би хоёрдугаар нисэгч биш, сансарт удаан хугацаагаар ниссэн анхны хүн” гэж хариулсан гэдэг.
Ер нь “сансрын анхны нисэгч болох хүнийг ямар үзүүлэлтээр, хэрхэн сонгов” гэдэг сонирхол татсаар ирсэн. Энэ асуултад хариулах гэж олон хүн оролдож байжээ. Асуултад хариулах гэж оролдсон гэснээс өөрсдийн бодлоо, юунд ч зориулалгүйгээр үнэнээсээ хэлж байж гэх нь зөв байх. Удирдлагын хувьд “анхны нисэгч” нь од болох өвчний ямар нэг шинжгүй, өөрийгөө бусдаас илүү гэж үздэггүй хүн байх нь чухал байж. Чухам ийм байдлаараа Гагарин, Титов хоёул эхнийх гэж тооцогдож байв.
Сансрын нисэгчдийг сонгох комиссын гишүүн Евгений Карпов шулуун шударга, заль мэх хэрэглэдэггүй, өөрийн алдаа доголдлыг шулуухан хүлээчихдэг Титовыг ихэд үнэлдэг байжээ. Мэргэжлийн чанар, зарчимч, даруу байдлаараа Гагарин, Титов нар ижил үнэлэгддэг байв. Энэ асуудлыг олон жил судалсан мөнөөх Ярослав Голованов нэгэнтээ биеэ авч яваа байдлаараа Гагарин тун энгийн гэсэн дүгнэлт хийсэн байна. Бусдаас илүү, давуу гэж харагдахыг хичээдэггүй гэж түүнийг үзжээ. Сансрын нисэгч Алексей Леонов дурсахдаа “Тэр (Гагарин) хэзээ ч, хэний ч нүдэнд бусдаас ялгарч харагддаггүй, гэхдээ л түүнийг анзааралгүй өнгөрч болохгүй” гэсэн байна.
Асуудлыг 1961 оны дөрөвдүгээр срарын 8-нд эцэслэн шийджээ. Судлаачдын бичсэнээр Титов нь Гагаринаас зөөлөн, сансрын анхны хөлөг “Восток”-т энэ нь чухал хэрэгтэй чанар байсан ч нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөлгүй Гагариныг эхэлж нисгэсэн аж.
Сонголтын тухай материалууд сонирхож байхад “эд хоёул орос хүн ч гэлээ Гагарин нь Оросын уугуул газар нутаг болох Смоленскоос гаралтай бол Титов Алтайнх. Алтай хэдийгээр Никарагуа биш ч түүнд Смоленск шиг түүхэн язгуур байхгүй гэх мөрүүд таарч байв. Смоленск хавийн газар нутаг Аугаа их эх орны дайнтай ихээхэн холбогддог юм.
Өөр нэг нарийн юм байсан нь тэдний нэр. Титовын эцэг нь хүүдээ Пушкины “Гилбэрийн хатан” зохиолын баатрын нэрийг өгсөн аж. Сансрын нисэгчдийн анкетыг үзэж байснаа Хрущев “Энэ чинь Герман гэсэн юун орос биш нэр вэ?” хэмээн дуу алдсан гэсэн яриа байдаг. Үнэндээ үүнд Хрущев ер хамаагүй, тэрбээр хоёуланд нь ихэд дотнохандаж, “Сайхан залуус” гэдэг байж.
Эцэст нь, Головановын бичсэнээр тэдний гэр бүлийн байдлыг харгалзсан байж болохоор. Тухайн үед Гагарин хоёр охинтой, Титовын хүү төрөөд удалгүй нас барсан, хүүхэдгүй байж. Энэ тухай мандатын комисс тэмдэглэсэн байжээ.
Гагарины туулсан амьдрал, намтарт бэлгэтэмдгийн чанартай юм бас байдаг юм байна. Тэрбээр фашизмын хүнд өдрүүдийг үзсэн тариаланчийн хүү, гар урлалын дунд сургууль төгссөн, ажилчин, оюутан байсан, нисэгч. Ийм замыг Юрагийн олон мянган чацуутан туулсан.
Гагариныг Титовоос илүү алдаршуулсан нэг шалтгаан нь түүнд эрт, гэнэт тохиосон үхэл, байж болох гэж зарим хүн үздэг байна. Тэрбээр 1968 оны гуравдугаар сарын 27-нд эмгэнэлтэйгээр амиа алдсан юм. Сансарт анх хүн нисээд ердөө долоон жил болж байхад энэ түүхэн гавьяаг байгуулсан хүн өөрөө хорвоог орхисон байв.
Энэ үхэл Титовын хувь заяанд ч нөлөөлсөн байдаг. “Нэгдүгээр хүн” нь өөд болсны дараа “хоёрдугаар хүн”-ийг дахиннисэхийг хатуу хориг ложээ. Энэ нь түүнийг үндэсний ололт амжилт, зам нээгчийнхнь хувьд хайрлаж, хамгаалсан явдал байжээ.
Р.Жаргалант