Монгол Улсын төрийн гол институцүүдийн удирдлагын хоорондох зөрчил, хагарал, талцал, эрх мэдлийн төлөөх тулаан ил цагаандаа гарч, өнөр олон үзэгч, хөгжөөн дэмжигч, фанатуудынхаа “алга ташилт”-д бялууран сохров. Монгол ардын нам засагласан 10-аад жилийн хугацаанд “Хаан шалдан байна” гэж хөндлөнгөөс хэн нэгэн хашхираад ч сонсохгүй, сонссон ч итгэхгүй болтол нийгмийг “ваакумдах” хүсэл сонирхол нь биежээд байхыг яана. Өнөөгийн төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёрын дундах өрсөлдөөний гал дээр тос нэмэн, араас нь дөгөөн “балиашиглаж” суугаа Ерөнхийлөгч болон Женко хэмээх “хоёр үзүүртэй зүү” тэргүүт хүмүүсийн байгаа байдлаас харахад жоомоо алах гээд байшингаа шатаадаг онигоо адил юм болох гээд байх шиг.
НАМЫН ДАРГЫН СУУДЛЫГ ГОТОВ НЬ АВНА УУ, ШАДАВ НЬ АВНА УУ, МАНЬД ХАМААГҮЙ
“Урьдын түүх байдаг юм чинь одоо нахихад яах вэ” гээд намын даргын суудлын төлөө цагаан байшингаа шатаана уу, нураана уу, яг үнэндээ ард иргэдэд тийм ч хүртээлтэй биш. Монгол ардын намын даргын суудлыг Готов нь авна уу, Шадав нь авна уу, маньд ёстой падлийгүй. Гэхдээ энэ бол аль нэг намын доторх хагарал гэхээсээ илүү УИХын дарга, Ерөнхий сайд нараар халхавчилсан бүлэглэлүүдийн хоорондох улайм цайм “зодоон”. Энэ дундуур наанадаж монголчуудын аж амьдрал, нийгэм, эдийн засаг хаашаа эргэх, цаашлаад улс орны хөгжилтэй шууд холбоотой урт хугацааны төслүүд, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт хэрхэхийг Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр бодож үзэх учиртай. Маргааш болох МАН-ын бага хурал, араас нь удахгүй зарлах их хурлаасаа өмнө төрийн ордноо түймэрдэж, түмэн олноо хөлдөө чирч, улс орныхоо эрх ашгийг уландаа гишгэчихгүйхэн шиг учраа олцгоовол сайн сан.
“Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тамгаа хүлээлцэх үед Монголын эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан, төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3600 давж суларсан, төсвийн орлого 3.6 их наядаар тасарч инфляц 15 хувьд хүрэх эрсдэл үүссэн байв. Тэгвэл Г.Занданшатарын зуун хоногийн сайн мэдээ нь “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноор ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт 1.6 дахин өсжээ. Эдийн засгийн өсөлт 2.4-өөс 5.2 хувь болж өссөн байна. Ард иргэд, аж ахуйн нэгжийн бүсийг чангалахаас илүү төр бүсээ чангалж, төсөвт хэмнэлтийн тодотгол хийснээр 2.2 их наядыг хэмнэжээ. Тоо худлаа хэлдэггүй” гэсэн мэдээллийг Засгийн газрын талын пиарчид эрчимтэй түгээж байна.
Улс орны нийгэм, эдийн засгийн голлох мэдээллийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, дур дураараа тал тал тийш авч шиддэгээ болимоор юм. Тоо худлаа хэлэхгүй ч улс орны төсвийн орлого, зарлага, тэнцэл, инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлт, бууралт зэрэг аль нам, ямар засаг, хэн гэдэг сайдын үед “зүсээ” хэд хувилгаж болдгийг бид энэ есөн жилд хангалттай харлаа. Тоогоор хамаагүй оролдвол орон гаран, “толгойгүй” улс гэдгээ л тив, дэлхийд зарлан тунхаглахын цондон байх даа. 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр буюу тав, зургаадугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон бусад сайд, УИХ-ын гишүүд нь бүгд л “Ковидын үед хасах дөрвөн хувиас ч уруудсан байсан эдийн засгийн өсөлтийг 6.9 хувьд хүргэсэн” хэмээн өөд уруугүй пиардаж байв. “Мега төслүүд” гэж том том бүлтэрсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед улсын төсвийн зарлага 13-аас 35 их наяд болж, огцом “таргалсан” ч харамсалтай нь, аж ахуйн нэгжүүдийн орлого тасалдаж, айл өрхүүдийн амьдрал доройтсон нь бол маргаангүй үнэн.
“ҮЛЭЭДЭГ” ТОО
Азийн хөгжлийн болон Дэлхийн банк зэрэг бусад мэргэжлийн байгууллагууд хүндхэн зуд турхантай нүүр тулсан хөдөө аж ахуйн салбарын агшилтаас хамаараад 2024 онд манай эдийн засгийн өсөлтийг 4.9 хувьтай байсан л гэдэг. Тийм байлаа ч хэзээдээ энэ нь хоёр дахин уруудаад, бас хэдийд нь 5.2 хувь болж өөдөө мацаатахав аа. Монголын эдийн засгийн өсөлт цар тахлын дараах сонгуулийн жилд 6.9 хувьд хүрч өссөнийг ч ард иргэд, аж ахуйн нэгжүүд мэдэрч, үр өгөөжийг нь хүртэж амжаагүй байтал яахаараа нүд ирмэхийн зуурт гурав дахин буураад, засаг нь солигдонгуут гэрлийн хурдаар буцаад хоёр дахин дээшээ цойлдог байна. Ингэж дээш, доош огцом хэлбэлзүүлж өөрчилдөг ямар гээчийн ид шидтэй “томруулж, жижигрүүлдэг шил” байна вэ, Л.Оюун-Эрдэнийн болон Г.Занданшатарын танхимд хоёуланд нь ажиллаж буй сайд нараас асуумаар санагдах.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал энэ онд тогтвортой өсөлттэй байгааг олон улсын байгууллагууд болон Засгийн газар онцолсон нь ердөө тавхан сарын өмнөх явдал биш бил үү. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн хөгжлийн болон Дэлхийн банкныхан тайлан, судалгаагаа танилцуулахдаа 2025 онд манай эдийн засгийн өсөлтийг зургаан хувьтай байна гэж тооцсоноо мэдээлж байв. Тэгээд бүр “Энэ өсөлт нь уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээ, барилга, эрчим хүч зэрэг салбараас үүдэлтэй” хэмээгээд гагц түүхий эдийн үнийн уналт, инфляцын дарамт, худалдааны зөрчлөөс үүсэх дам нөлөө нь үүнд сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолж байлаа. Харин Монгол Улсын Засгийн газар найман хувь байхаар төлөвлөж суусан. Цар тахлаас хойш дэлхийн улс орнуудын эдийн засаг тэлэхийн хэрээр Монголынх ч өсөлттэй байж, 2024 онд валютын нөөц 5.1, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрсэн гээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй бөмбөгдөж байв даа. Гэтэл адилхан л МАН-ын Засгийн газрын Ерөнхий сайд нь 2.4 хувь болтлоо уруудаж “чөлөөт уналт” хийсэн эдийн засгийн өсөлтийг хоёр дахин нэмсэн тухай 100 хоног дээрээ яриад байна. Хэн нь үнэн яриад, хэн нь “үлээгээд” байгаа юм бэ.
Магадгүй МАН-ын даргын хүсэмжит суудлаа “авч”, дараагийн Ерөнхий сайдаар Д.Амарбаясгалан ажиллах боллоо гэхэд “Г.Занданшатарын засгийн үед эдийн засгийн өсөлт хоёрхон хувьтай байсныг манай Засгийн газар тав болгож өсгөлөө шүү” хэмээн илүү чанга дуугаар зарлавал нь бид аанай л алга ташаад сууцгаана гэсэн үг үү. Эдийн засаг тэгж л их тэлээд байгаа юм бол яагаад Эрүүл мэндийн даатгалын сан чинь хоосорч, эмнэлгүүд наад захын үзлэг, шинжилгээ, оношилгоогоо ч хийх мөнгөгүй, санхүүжилтгүйн улмаас олон үйлчилгээгээ хумьж, ангиографын тасгуудынхаа хаалгыг барихад хүрэв. Эмнэлгүүд урьдчилан сэргийлэх үзлэгээ ч зогсоосон байна. Хичээлийн шинэ жил эхэлчхээд байхад арайхийн ашиглалтад оруулсан сургуулиуддаа ч ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжийн санхүүжилтийг нь нийлүүлэхгүй удааж, хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн талаас илүү нь өдгөө сурах бичиггүй, ор нэр төдий додомдон хичээллэж буй. Энэ тэгээд хоёр дахин өссөн эдийн засгийн үзүүлэлт чинь юм уу. Танай нам, засгийнхны ээлж дараалан яриад байгаа өнөөх эдийн засгийн өсөлт чинь ард иргэдийнхээ ахуй амьдралд наалдахгүй, хаагуур нь зөрөөд байна вэ. Үзэгдвэл үнс болчихдог, хий хоосон тоо л гэж үү.
Ердөө 100-хан хоногийн өмнө томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар “Шинэ итгэл Шинэтгэл”-ийг гол зорилгоо болгон, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулснаа уржигдархан танилцууллаа. Хүний хөгжил, нийгмийн хөгжил, эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, байгаль орчин, засаглал, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи гэсэн найман бүлгийн хүрээнд ирэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулсан тухайгаа гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрийн биеэр гарч ирж мэдээлэл хийгээд ч нийгмээрээ чих тавин сонордож, хүлээж авахааргүй хэмжээнд хүртэл сошиал ертөнцийг солиоруулж, саармагжуулж дөнгөжээ, нөгөө тал нь. Харамсалтай. Эцсийн дүндээ монгол төрийн бодлогын залгамж чанар, монгол түмний эрх ашиг нэг намынхны сандал суудлын төлөөх тэмцлээс дор орчхож. Өдгөө МАН-ын бужигнаан дунд нэг хэсэг нь “жигүүр” байгуулан дэвж байхад нөгөө хэсэг нь “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” хэмээх сүржин уриатай “Цэвэрлэе” түр хөдөлгөөнийг санаачлан, дур дураараа сандаачиж буй. Тэдэнд монгол төр, улс орон, ард түмнээ тал тал тийш тасчин хуваах нь юу ч биш болжээ.
Л.Аргамжин