Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар анх удаа иргэдийн санал асуулгыг E-Mongolia цахим системээр өргөн цар хүрээтэй зохион байгуулан, олон нийтийн орол цоонд тулгуурлан нээлттэйгээр боловсруулсан.
Энэ жилийн төсвийн онцлог нь зардлын өсөлтийг хязгаарлаж иргэдээ сонссон, “Хүн төвтэй хөгжлийн бодлого төрийн анхаар лын төвд байх болно” гэж тодорхойлсон явдал юм. Нийт санал асуулгад оролцсон иргэдийн зүгээс эрүүл мэнд, боловсролын салбарын араас “Эрчим хүчний найдвартай байдал, дулааны хангамжийн шийдэл”д түлхүү хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзсэн. Иймээс Эрчим хүчний салбарт 2026 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, гадаад хараат байдлыг бууруулах засаглалын шинэчлэлийг үргэлжлүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжихэд чиглэсэн дунд хугацааны стратегийн зорилтыг баримтлахаар болжээ.
Мөн ирэх таван жил буюу 2030 он хүртэл Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх хөгжлийн үндсэн таван чиглэлийн нэгийг Эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангана гэж заасан бөгөөд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн бүх үе шатанд шинэ технологи инновацыг нэвтрүүлж, үр ашгийг сайжруулан, импортын хараат байдлыг бууруулахад голлон анхаарч, экспортлогч орон болохыг зорино.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ НАЙДВАРТАЙ, ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАНА
Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд салбарт 2026 онд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 3.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 322.4 тэрбум, гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 522.1 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төслүүд 822.9 тэрбум төгрөг, орон нутгийн бондын санхүүжилтээр 150 тэрбум, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1.682.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүний үр дүнд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 3515 мянган МВт.цаар, төвлөрсөн дулаан хангамжийн хүчин чадлыг 112 МВтаар тус тус нэмэгдүүлнэ. Ингэснээр цахилгаан эрчим хүчээр хангагдсан хүн амын тоо 99.7 хувьд хүрч нэмэгдэх бөгөөд импортын цахилгаан эрчим хүчийг 663.4 мянган МВт.ц-аар бууруулах юм.

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны төсөвт Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, байгаль орчны хамгаалал зэргийг тэргүүлэх чиглэл болгон өөрийн орны эрчим хүчний анхдагч нөөц болох нүүрс, нар, салхины баялаг нөөцийг үр ашигтай ашиглахад чиглүүлж байгаа юм.
Бодлогын гол зорилтууд нь: 1. Эрчим хүчний хангамжийг тогтвортой найдвартай, хүртээмжтэй болгох, үүний тулд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх 2. Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, хэрэглээний бүх үе шатанд шинэ технологи, инновацыг нэвтрүүлж, үр ашгийг сайжруулах 3. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх 4. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, технологи мэдлэгийг шилжүүлэн авахад хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэнэ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Өнөөдрийн байдлаар баруун төв, өмнөд болон дорнод бүс, Алтай-Улиастай гэсэн 5 эрчим хүчний системд нийт 330 гаруй сум, суурин газруудыг төвлөрсөн эрчим хүчний системээр хангаж байна.
Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.5 хувийг дулааны цахилгаан станцууд, 5.98 хувийг салхин цахилгаан станцууд, 2.7 хувийг нарны цахилгаан станцууд, 0.85 хувийг усан цахилгаан станцууд, 0.0016 хувийг дизель станцууд тус тус үйлдвэрлэсэн бол нийт импортолсон цахилгаан эр¬ чим хүчний 1.3 тэрбум кВт.ц буюу 46.1 хувийг ОХУ-аас, 1.5 тэрбум кВт.ц буюу 53.9 хувийг БНХАУ-аас импортолсон. Сүүлийн жилүүдийн дунджаар цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 8-10 хувиар өсөж, өвлийн улиралд системийн оргил ачаалал дунджаар 11 хувийн өсөлттэй байна. Түүнчлэн төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачаалал 2024 онд 1655 МВт хүрсэн. Үүнээс Улаан¬баатар хотын ачаалал 1073 МВт хүрсэн нь нийт ачааллын 64.8 хувийг эзэлж байна.
Эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын 81 хувийг дулааны цахилгаан станцууд эзэлдэг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хоногийн графикаар их. бага ачааллын зөрүү 280-350 МВт-д хүрч байна. Ачааллын зөрүүний дийлэнх хувийг импорт, экспортын эрчим хүчээр зохицуулж байгаа билээ. Мөн 2023-2024 онд ашиглалтад орсон батарей хуримтлуурын станцууд горимын тохируулгад зохих хэмжээний дэмжлэг үзүүлж байна.
2026 ОНД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС, ДУЛААНЫ III ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, “СЭЛБЭ” ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Ирэх онд эрчим хүчний салбарт хэрэгжих томоохон төслүүд нь эдийн засгийн өсөл¬тийг дунд хугацаанд тогтвортой хадгалах хөшүүрэг болно. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, “Сэлбэ” дэд төв зэрэг бүтээн байгуулалтын төслүүд эрчим хүч¬ний салбарын үйлдвэрлэлийг дунд хугацаанд нэмэгдүүлж, өсөлтийг дэмжинэ.
БӨӨРӨЛЖҮҮТИЙН 300 МВТ, БАЯНГИЙН 660 МВТ, ШИВЭЭ-ОВООГИЙН 660 МВТ, ТОСОНЦЭНГЭЛИЙН 30 МВТ, СЭЛЭНГИЙН 70 МВТ.ЫН СТАНЦЫН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын эрчим хүчний тогтвортой, найдвар¬тай байдал болон цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах чиглэлээр том чадлын суурь горимд ажиллах эх үүсвэрүүд болох томоохон нүүрсний нөөц бүхий Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт Цайдам нуурын нүүрсний ордод түшиглэн Бөөрөлжүүтийн 300 МВт, Баянгийн 660 МВт, Шивээ-Овоогийн 660 МВт-ын цахилгаан станцууд, мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын, Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт.ын станцуудыг барьж, эхний ээлжийг 2024 оноос ашиглалтад оруулаад байна. Эдгээр эх үүсвэрүүдийг барихын зэрэгцээ үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэгчдэд нь хүргэх цахилгаан дамжуулах шугам сүлжээний төслүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд 2026 онд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 3515 мянган МВт.ц-аар, төвлөрсөн дулаан хангамжийн хүчин чадлыг 112 МВт-аар тус тус нэмэгдүүлнэ. Ингэснээр цахилгаан эрчим хүчээр хангагдсан хүн ам 99.7 хувьд хүрч, импортын цахилгаан эрчим хүчийг 663.4 мянган МВт.цаар бууруулах юм.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсын хэмжээнд арилжааны үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 155МВт-ын салхин цахилгаан станц, 181 МВт-ын нарны эрчим хүчний эх үүсвэрүүд ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүс¬вэрүүдийн суурилагдсан хүчин чадал системийн нийт суурилагдсан хүчин чадлын 18.6 хувь байгаа. Нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 5.53 хувийг эзэлж байна
Нар, салхины эх үүсвэрүүдийн үр ашигтай үйлдвэрлэлийн горим нь эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний оргил ачааллын цагаас зөрүүтэй байгаагаас эдгээр станцууд өөрийн суурилагдсан хүчин чадлын хэмжээгээр системд тогтвортой эрчим хүчийг нийлүүлэх боломжгүй бана. Иймээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд эрчим хүчний нэгдсэн сүлжээний горимын зохицуулалт хийх чадвартай эх үүсвэр шаардлагатай байгаа юм. Эрчим хүчний салбарт суурь горимд ажиллах том чадлын ДЦС, оргил ачааллын үед горим тохируулга хийх, нөөц чадлыг богино хугацаанд гаргах маневрлах чадвартай их чадлын усан цахилгаан станц, усан цэнэгт, цэнэгт хураагуур болон хийн станцуудыг эхний ээлжид барих, тэдгээрийн горим ажиллагааны оновчтой байрлалд нар, салхины эх үүсвэрүүдийг үе шаттайгаар барьж байгуулснаар эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц оновчтой болж, импортын эрчим хүч буурах, системийн тогтворжилт дээшилж, улмаар манай улс эрчим хүч экспортлох боломж бүрдэх юм.
Л.Чимэг