Британийн эзэнт гүрэн 70 жилийн өмнө Шотландын арлуудаас зүүн тийш 400 орчим километр зайд байх жижиг арлыг өөртөө нэгтгэсэн байдаг. Энэ Роколл арлыг хэрхэн Британийх болгосныг Хаант улсын коммандер 1955 онд ВВС-гийн сурвалжлагчид ярьжээ. Гэвч өнөө хүртэл маргаан тасрахгүй байна.
Британийн байгаль судлаач Жеймс Фишер тус арлыг “дэлхийн далайд байх тусгаарлагдсан жижигхэн хад асга” гэж 1956 онд бичсэн нь үнэнд гойд нийцдэг. Роколл соёл иргэншлээс хэт алслагдсан газар, Гебридийн арлуудыг хү¬рэхэд хөлөг онгоцоор 11 цаг явна. Маш жижигхэн, 25 метр өргөн, далайн түвшнээс 17 метр өндөр юм. Өнгөн хөрс нь бараг бүхэлдээ нүцгэн боржин чулуу, өчүүхэн хэсэг нь хүн зогсож болохоор тэгш. II Елизавета хатан хаан тус арлыг улсдаа нэгтгэж авахыг тушааж, “арлыг миний нэрийн өмнөөс эзэмшилдээ ав” хэмээн 1955 оны есдү¬гээр сарын 14-нд флотдоо зарлиг буулгасан аж.
Арлын байрлалыг анх 1831 онд флотын ахмад Александр Томас Эмерик Вайдал газрын зурагт тэмдэглэсэн ч ВВС-гийн радио нэвтрүүлэгт тэнгисийн районуудын нэгд нь түүний нэрийг өгсөн 1949 онд л Ромоллыг хүмүүс мэдэх болсон байна.
Чухам тэр үед л хадат бяцхан арлын стратегийн ач холбогдлыг Британийн Засгийн газар олж харжээ. Хүйтэн дайн ид хүчээ авч Зөвлөлтийн хийгээд НАТО-гийн усан доогуур явагч завинууд Умард Атлантыг байнга харуулдаж байхад Роколлыг хяналтдаа байлгах нь тэнгисийн орон зайг хянаж байх түлхүүр гэгдэх болов. Роколлоос зүүн тийш 370 километр зайд байх Саут Юист арал дээр Америкийн зайнаас удирдах цөмийн пуужинг турших анхны талбайг Британи байгуулав. Дайсны тагнуулууд туршилтын үр дүнг ажиглаж байхын тулд Роколл дээр бэхжих вий хэмээн Британийн Засгийн газар сэрэмжилж байсныг 1970 онд нууцаас гаргасан НАТО-гийн материалд бичсэн байжээ.
Британийн хатан хааны флотын Vidal гэдэг судалгааны хөлөг онгоц 1955 оны есдүгээр сарын 15-нд ирсэн ч салхины хүч тогттол гурав хоног хүлээх завсар нисдэг тэргээр тэнгисийн гурван явган цэрэг, эрдэмтэн Жеймс Фишер нарыг авчирсан байна. Ирсэн хүмүүс арал дээр Британийн төрийн далбайг мандуулж, арлыг Британи эзэмших эрхтэйг албан ёсоор мэдэгдэв. Хөлгийн командлагч Ричард Коннел ВВС-гийн сурвалжлагч Невилл Баркерт ярихдаа “Нэрийн нь өмнөөс Роколл арлыг өөрийн улсын харьяанд авах тухай эрхэм дээдсийн тушаал надад байсан. Бид “Роколл” ажиллагаагаа амжилттай боллоо” гэж эргэж мэдэгдсэн. Ийм мэдээлэл илгээхдээ би хэзээ ч түүн шиг баярлаж байгаагүй” гэсэн байдаг.
Британийн Геологийн нийгэмлэгт судлуулахаар өгөх хөрсний дээж авахыг Фишерт үүрэг болгосон байв. Тэрбээр Роколл арал нь сөнөсөн галт уулын үлдэгдэл бөгөөд тэндхийн боржин чулуу нь “хосгүй” гэж сурвалжлагчид ярьж байсан аж. Геологчид Роколлын боржинг судлаад урьд өмнө нь тааралдаж байгаагүй галт уулын гаралтай “базирит” хэмээх эрдэс илрүүлсэн байна.
1955 онд Роколлыг Британид нэгтгэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал байв. Хэдэн арван жил өнгөрөхөд Засгийн газар загас ихтэй ус, нөөц арвинтай нефтийн ордуудад нь илүү анхаарал тавих болжээ. Ирланд, Исланд, Дани улс ч эдгээр баялгийг нь булаалдах болов.
Арлыг эзэмших эрхээ бэхжүүлэхийн тулд Британийн парламент 1972 онд Роколлыг Британийн бүрэлдэхүүнд албан ёсоор оруулахаар санал хураалгаж, Шотландын Баруун арлуудыг түүний нэг хэсэг болгов. Гэтэл энэ шийдвэрийг нь нэг ч улс хүлээн зөвшөөрсөнгүй. Хүн амьдрах, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үл тохирох эзэнгүй хад асгыг ашиглахыг хориглосон тэнгисийн эрхийн конвенцыг НҮБ баталснаар 1982 онд Британи дахин цохилт авчээ. Ингэснээр Роколл арлыг эзэмших нь нефтийн нөөцийн төлөөх тэмцэлд шийдвэрлэх давуу тал байхаа больсон байна.
Арлыг эзэмших Британийн эрхийг баталгаажуулахын тулд тусгай зориулалтын албанд ажил лаж байсан Том Макклин 1985 онд Роколл дээр өөрийн лагерь байгуулав. Тэрбээр энд хүн аж төрж болохыг нотлох гэж 40 хоног өнгөрөөж, Роколл арал дээр амьдарсан анхны хүн болсон байна. Тэрбээр “1995 онд Британийн арлыг анх өөрийнх болгоход хэн ч түүнийг сонирхож байсангүй. Ийм байдлаар 10-20 жил болсны дараа нефть байгаа нь илэрснээр Роколлыг бүгд сонирхох болсон” гэж сэтгүүлчид ярьсан байдаг.
Улс төрийн мэдэгдэл хийхийн тулд Роколл арал дээр аж төрөх гэж оролдсон хүн нь ганц Том Макклин биш байлаа. 1997 онд “Гринпис”-ийн гурван идэвхтэн нисдэг тэргээр ирж Роколл арлыг “Вейвлэнд улс” хэмээх жижигхэн гүрний нийслэл хэмээн зарлаж, эндхийн ашигт малтмалыг олборлох тусгай зөвшөөрөл өгөхийг эсэргүүцэх болов. Бас үнэнч байх тангараг өргөсөн хүн бүрийг Вейвлэндийн ир¬гэн болгохоо мэдэгдэв. Энэ идэвхтнүүд Том Макклины амжилтыг эвдэж, арал дээр 42 хоножээ. Үүний дараа Британи тэнгисийн эрхийн асуудлаарх НҮБ-ын конвенцод 1997 онд нэгдэж, Роколл нь хуулийн утгаар “хад асга” болохыг нь хүлээн зөвшөөрч, арлын эргэн тойрны 200 милийн бүсэд загас барих, ашигт малтмал олборлох эрхгүй болжээ. Энэ нь баялаг нөөцөө алдсанд бухимдсан загасчдын эсэргүүцэлтэй тулгарав. Ийнхүү аварга их орон зайг “олон улсын ус” хэмээн зарлаж, сонирхогч талууд хоорондоо яриа хөөрөө хийх нь нээлттэй болсноор маргаан өнөөдөр ч үргэлжилж буй юм байна.
Шотландын лейборист, усан цэрэг явсан Лорд Кеннет “Түүнээс илүү уйтгартай, яах ч аргагүй, айдас хүрэм газар энэ дэлхийд байж боломгүй” хэмээн тус арлын тухай хэлсэн байна. Гэлээ ч түүний эргэн тойронд байх асар их баялагтай усны төлөөх ширүүн тэмцэлд энэ бүхэн саад болсонгүй, “хөмсөг зангидсан” энэ хадан цохио адал явдал хайгчдыг татсаар байна.
Ник Хэнкок гэгч 2014 онд Роколл дээр 43 хонож, дэлхийн шинэ дээд амжилт тогтоов. Гэхдээ л хатуу ширүүн нөхцөл байдал нь олон хүнд аюул сүйрэл учруулжээ. Армийн ахмад албан хаагч Кэм Кэмерон 2023 онд цаг агаарын таагүй байдал багаж хэрэгслийг нь гэмтээснээс туршилтаа дуусгалгүй буцсан байна. “Хүмүүсээс 300 миль, хамгийн ойрхны хуурай газраас 200 миль зайд тэр хадан хясаан дээр байх шиг айдас төрүүлэм өөр юм бий гэж би бодохгүй байна” гэж Кэмерон сэтгүүлчид ярьжээ.
Энэтхэгийн далайд байдаг алс холын ч гэлээ стратегийн хувьд чухал бүлэг арлыг эзэмших эрхээсээ татгалзаж, Маврикий улсад өгөхөөр шийдсэнээ Британи зарлалаа. Чагосын бүрэлдэхүүнд Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнууд, холын зайн бөмбөгдөгч онгоцнуудынхаа бааз болгож АНУ ашигладаг Диего Гарси арал Чагосын бүрэлдэхүүнд ордог аж. Уг баазыг Америкийн нисэх хүчин Афганистан, Ирак руу довтлохдоо ашиглаж байжээ. Шинэчлэн байгуулсан гэрээний заалтаар энэ арлыг Британи Маври¬кийгаас 99 жилийн хугацаагаар түрээсэлсэн нь цэргийн баазаа байрлуулж байх боломжийг АНУ-д ол¬госон байна.
Британийн колони байсан Чагосын бүлэг арлыг 1965 онд Маврикийгаас салгажээ. Британи түүнийг гурван сая фунтээр худалдан авч Энэтхэгийн далай дахь өөрийн газар нутаг хэмээн зарласан аж. Тусгаар улс байхыг нь зөвшөөрсний хариуд Чагос арлыг эзэмших эрхээс 1968 онд хууль бусаар татгалзуулж, түүнийг эзлэн түрэмгийлж өөрийн болгосон гэж Британийг Маврикий буруутгаж ирсэн байна. Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Маврикийн Ерөнхий сайд Правинд Жагнот нарын хамтарсан мэдэгдэлд “Өнгөрсөн үеийн алдааг засахаар тохирсон нь Чагосын оршин суугчдын ая тухыг хоёр тал дэмжиж буйн илэрхийлэл” хэмээн өгүүлсэн байна. 1968-1974 онд Британийн эрх баригчид тус арлын 1000 гаруй оршин суугчийг Маврикий болон Сейшелийн арлуудад шилжүүлэн суурьшуулснаар олон хүн өлсгөлөн, ядуурал, ялгаварлан гадуурхах үйлдэлтэй нүүр тулгарсан байна. Лондон арлын оршин суугчдыг нүүлгэснийхээ төлөө нэг бус удаа уучлалт хүсэж, стратегийн зорилгод нь хэрэгцээ, шаардлагагүй болмогц Чагосыг Маврикийд буцааж өгөхөөр амласан юм байна.
Р.Жаргалант