Чойжин ламын сүм музейн барилгын сэргээн засварлах ажлыг олон нийт шүүмжиллээ. Тодруулбал, тус музейн хойд хэсгийн хашааг нураан, дахин барьж буй нь соёлын өвийн эх төрхийг сүйдэлж, түүнд бүдүүлгээр халдаж байгаа явдал хэмээн иргэд эсэргүүцсэн юм. Энэ талаар Чойжин ламын сүм музейн захиргаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах тохиолдолд Соёлын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэн, зохих журмын дагуу мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг болно. “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүмийн хэрмэн хашааг засварлаж, сүм дуган, асар хаалга, хэрмийн өнгө будгийг сэргээх ажлыг гүйцэтгэхээр тусгасан” гэв. Түүнчлэн Соёлын яамнаас 2023 оны наймдугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер зарлахад “Зэндмэнэ суварга” ХХК шалгарсан бөгөөд сүмийн 16 баганат асар, Хаалган, Махаранзын сүм, хэрэм, саравч зэргийг иж бүрэн засварлахаар болсон тухай дурджээ. Тус компани 2023 оны есдүгээр сараас ажлаа гүйцэтгэж эхэлсэн ба өдгөө хэрмэн хашааг сэргээж буй нь энэ гэнэ.
Энэ талаар соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологийн мэргэжилтнүүд “Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 2014 оноос эхтэй. Ямар ч тооцоо, судалгаагүйгээр соёлын өвд бүдүүлгээр халдаж буй нь зохисгүй үйлдэл гэж бодож байна. Үүний цаана тендер нэрээр татвар төлөгчдийн мөнгийг завшиж, үр ашиггүй зарцуулах сэдэл байхыг үгүйсгэхгүй. Уг нь ийм ажлыг олон улсад мэргэжлийн сэргээн засварлагчид, баг, компани гүйцэтгэдэг жишиг бий. Зураг төсөл, гүйцэтгэлийн төлөвлөгөөг судлаачид хамтран маш нямбай, нухацтай боловсруулдаг. Сэргээн засварлах гэдэг бол үндсэндээ шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглах замаар соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, унаган төрхийг нь хадгалах юм шүү дээ. Энэ бол хуучин орон сууцыг засаж, сэлбэхээс өөр гэдгийг санах хэрэгтэй. Тус музей байрших хэсэг онцгой цэвдэгтэй. Энэхүү цэвдэг хайлж, ууршихаар байшин барилгад суулт өгөөд байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн. 117 жилийн настай тус музейг 1961 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийншийдвэрээртүүх, соёлын дурсгалд бүртгэж байсан аж.
Д.ХЭРЛЭН