ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёв орлогчтойгоо ярилцаж буй нь 1991.03.07
Тэрбээр Горбачевыг огцруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болж буйгаа 1991 оны наймдугаар сарын 19-нд зарласан ЗСБНХУ-ын түүхэн дэх цорын ганц Дэд Ерөнхийлөгч, Онцгой байдлын улсын хорооны тэргүүн юм. Цаашдаа түүнд шүүхийн тогтоол, шоронгийн замнал нүүрлэж улмаар ор тас мартагдсан. 1991 оноос өмнө энэ албан тушаалын шатаар эрчимтэй өгсөж, ажил төрлийг гялалзуулж явсан юм.
Геннадий Янаев Перевоз гэдэг суурингийн (одоо хот болсон) уугуул, Ельциний адил үйлдвэрт дарга байж, Комсомолд ч ажиллаж, Брежневийн эхэн үед Горький мужийн залуучуудын байгууллагыг удирдаж байхад нь Москва түүнийг анзаарсан байдаг.
Дэлхийн ардчилсан залуучуудын холбоонд Зөвлөлтийг төлөөлдөг 1956 онд байгуулагдсан Залуучуудын байгууллагуудын хороог түүгээр удирдуулах болов. Энэ байгууллага империализмын эсрэг эв нэгдэл, энх тайван, нөхөрлөлийн төлөө тэмцдэг байв. 1985 онд Дэлхийн залуучууд, оюутны их наадам хоёр дахь удаагаа чухам ийм уриан дор зохион байгуулагдаж Алла Пугачёва, Карел Готт, Дин Ридийн гайхалтай тоглолтоор Зөвлөлтийн иргэдийн ухаан санаанд үлдсэн байдаг. Энэ их наадамд бэлтгэхэд Янаевын үүрэг асар их байж, профессор Виктор Кривопусковын хэлснээр “Тэр дэлхийн өнцөг булан бүрийг мэддэг, тэнд түүнийг ч бас мэддэг, хүндэлдэг” байв. 1986 онд Янаев Үйлдвэрчний төв зөвлөлд ажиллах болж улмаар 1990 онд түүнийг тэргүүлэх болжээ.
Янаев өрөө сахиж суудаггүй, улс орноороо байнга явж байдаг тул үндэсний бодлогоо сайн мэддэг ажилтан байлаа. 1989 оны зун Дээд Зөвлөлийн Үндэсний зөвлөлийн тогтоолоор байгуулсан Крым-Татарын ард түмний асуудлыг эрхлэх комиссын даргаар томилогдов. Дундад Ази руу албадан нүүлгэсэн Крымийн татаруудыг түүхэн газар нутагт нь эргүүлж аваачих шаадлага тухайн үед тавигдаж байжээ. Энэ асуудлыг нөгмөсөн шийдэж болохгүй байв. Үүнд Украин улс ихээхэн эсрэг байр суурь баримталж, өөрчлөн байгуулалтын үед Крымийн татарууд чимээ анир багатайхнаар буцаж ирцгээж байтал Украины эрх баригчид ам хэл хийлгүй саад хийж байснаа дараа нь тэдний үйлдлийг албан ёсоор хориглов. Хожим нь профессор болсон Виктор Кривопусков 1980-аад онд Уулын Карабахад байдал хурцдахад Дотоод хэргийн яамны мөрдөх шуурхай бүлгийн штабын даргаар ажиллаж байхдаа Дэд Ерөнхийлөгч болсон Янаевтай ойр хамтран ажиллаж үндэстэн хоорондын хурцадсан асуудлыг шийдвэрлэх замыг идэвхтэй хайж байв. Зөвлөлтийн удирдагчид Армен-Азербайжаны харилцааны нарийн ээдрээтэй асуудалд баримжаа муутай ханддаг, эдгээр ард түмний уламжлал, соёлыг мэдэхгүй хүн тэдний дотор цөөнгүй байжээ. 1988 онд Ереванд ирсэн улс төрийн товчооны гишүүн Владимир Долгих гэхэд л арменчууд лалын шашингүйг мэдээд ихэд гайхаж байсан гэдэг. Тэгвэл Янаев түүнээс огт өөр байлаа. Сая нэрийг нь дурдсан профессорын ярьснаас үзвэл 1991 оны наймдугаар сарын үйл явдлын босгон дээр түүнтэй уулзахад Гобачевыг амарч байх үед Уулын Карабахын асуудлыг Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оруулахаар төлөвлөж буй хэмээн хэлж байсан ч Янаев удалгүй ЗСБНХУ-ын хувь заяаны төлөөх тэмцэлд оролцож ялагдал хүлээв.
ЗХУ-ыг Дэд Ерөнхийлөгчтэй болгохоор 1990 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулав. Энэ албанд сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлж, түүний эзгүйд юм уу үүргээ гүйцэтгэх боломжгүй үед нь төрийн тэргүүнийг орлох ёстой байлаа. 1990 оны XII сард Москва хотноо болсон Ардын депутатуудын IV их хурлаар Дэд Ерөнхийлөгчийг сонгов. Горбачевын хувьд энэ албанд санал болгох гол хүн нь Янаев байв. Гэтэл Ерөнхий сайд Николай Рыжков хүндээр өвдөж, Эдуард Шевардназе гэнэт дуулиан шуугиантайгаар Гадаад хэргийн сайдын суудлыг орхиж, улмаар коммунист намын эгнээнээс гарлаа. Энэ бүхний эцэст үйлдвэрчний байгууллагын удирдагчийг өөрийн ойрын дэмжигч, ЗСБНХУ задарсны дараа өндөр албан тушаалын шатаар өөдөө өгссөн Евгений Примаковын урдуур гишгүүлэв. Олон депутат Брежневийн үеийн байдаг л нэг түшмэл, өөрчлөн байгуулалтын эриний ардчилагч биш гэж үзэж Ерөнхий нарийн бичгийн даргын санал болгосон Янаевыг Дэд Ерөнхийлөгчөөр сонгохыг хүсэхгүй байлаа.
Тэр бол хүчтэй бие хүн биш, улс орныг удирдах чадваргүй, зориггүй, эрх баригчдын байдаг л нэг төлөөлөгч байсандаа л Горбачёвын санаанд нийцсэн хүн гэж Хөдөлмөрийн яамны сүүлчийн сайд байсан Валерий Паульман сэтгүүлчдэд ярьсан байдаг. Тэрбээр Янаевыг балгах дуртай нэгэн гэж үздэг байж. Түүний ярьснаар бол Паульман Бельгийн Хөдөлмөрийн сайдтай цайллага дээр байхдаа Дэд Ерөнхийлөгч Янаевын гар чичирч байхыг Бельгийн сайд анзаараатахжээ. Цаг хугацаа алсарч, хамтран зүтгэгчид эвлэршгүй дайснууд болцгоов. Өөрийн дарга байсан хүнийг (Горбачёвыг) туйлбаргүй, өөрчлөлтийг эцэст нь хүргэх чадваргүй гэж Янаев дурсамждаа шүүмжилж байсан бол “Янаевыг их хурлын индрээс үг хэлж байхыг нь хэд хэдэн удаа ажиглаад шийдэмгий, ажил хэргийн өндөр чадвартай хүн болохыг нь гэрчлэх чадварыг нь үнэлсэн” гэж Горбачёв дурсамждаа бичиж байжээ. Хагас жил өнгөрөхөд Орос улс шинэ Дэд Ерөнхийлөгчтэй болсон нь цэргийн хүн байгаад улс төрд дөн гөж хөл тавьсан, “Ардчиллын төлөө ком¬мунистууд” нэртэй депутатуудын фракцын удирдагч Александр Руцкой байлаа. “Янаев Дэд Ерөнхийлөгчийн суудалд хууль бусаар суусан хүн. Их хурал дээр эрүүл мэндийнх нь талаар сонирхоход хамт архи уугчдынхаа дунд байгаа юм шиг “Миний эхнэрээс асуу” гэж хариулж байсан нь түүний зан авирыг илтгэнэ” гэж тухайн үед Москва хотын дарга байсан Юрий Лужков хэлж байсан аж. Цааших үйл явцад Дэд Ерөнхийлөгчийн институт амьдрах чадваргүйг харуулж, Янаев ч, Руцкой ч Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байж, өөрсдийгөө “Ерөнхийлөгч” хэмээн зарлацгаасан билээ. 1993 оны эцсээр энэ албыг байхгүй болгож, Ерөнхийлөгчийг Засгийн газрын тэргүүн орлож байх болсон байна.
НАТО-г сөргүүлэн хүйтэн дайны ид үед бий болгосон социалист орнуудын цэргийн эвсэлВаршавын гэрээний байгууллагын 36 жилийн түүхийг чухам Янаев л цэглэсэн юм. Тэрбээр уг байгууллагын дүрмийн үйлчлэлийг зогсоох протоколд ЗСБНХУ-ын нэрийн өмнөөс Дэд Ерөнхийлөгчийн хувиар 1991 оны долоодугаар сарын 1-нд Прага хотод гарын үсэг зурав. Энэ зөвлөгөөнд Горбачёв оролцож, милитаризмийн өвөөс татгалзаж буйгаа зарлаад Варшавын гэрээний байгууллагын араас замнахыг НАТО-д уриална гэж Зөвлөлтийн армийн дээд хэсгийнхэн найдаж байжээ. Үндсэндээ капитализмд социализм ялагдаж буйг харуулсан цэргийн эвслээ булшлах үйлсэд Ерөнхийлөгч өөрийн орлогчоо явуулсан байна.
Улс орныхоо байдлыг хэлэлцэхээр дээд албан тушаалтнуудаа Кремлийн Сенатын ордонд Горбачёв урьсан 1991 оны гуравдугаар сарын 28-нд Онцгой байдлын хороо үндсэндээ байгуулагдсан гэж хэлж болно. Уурхайчид бослого гаргаад, заводууд ажлаа зогсоочихсон, үйлд¬вэрийн газрууд алдагдалд орчихсон байлаа. Эдийн засгийн хямралаас гарах арга зам олохыг Ерөнхийлөгч хүсэж байв. “Сүүлийн жилүүдэд ЗСБНХУ-д юу болоод байгаагийн учрыг олох гэсэн хэнд ч Онцгой байдлын улсын хороог яах гэж байгуулсан нь тодорхой байсан. ЗХУ нуран унаж, амьсгалаа хурааж буйг бид харж байлаа” гэж Янаев тухайн байдлыг тайлбарлаж байжээ.
Энэ зөвлөгөөн дээр Горбачёв шинэ комисс байгуулж, Онцгой байдлын хорооны хоёроос бусад гишүүнийг түүнд оруулж удирдлагыг нь Янаевт өгөв. Чухамдаа бол хуйвалдагчдын ирээдүйн хорооны гол үүргүүдийг Горбачёв өөрийн хамтран зүтгэгчдэд хуваарилжээ. Комисс Батлан хамгаалахын сайд Димитрий Язовын өрөөнд хуралдаж байлаа. Москвагийн намын хорооны сүүлчийн нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Юрий Прокофьевийн ярьснаар бол Горбачёвыг шийдмэг бус хэмээн буруутгаж, “улс орны удирдлагыг Янаев гартаа авах хэрэгтэй” хэмээн хэн нэг нь хэлжээ. Дэд Ерөнхийлөгч энэ саналаас эрс татгалзав.
Холбооны БНУ-ууд тусгаар тогтнож, төвлөрсөн удирдлагаас татгалзах тухай гэрээнд 1991 оны наймдугаар сарын 20-нд гарын үсэг зурахаар бэлтгэж байлаа. Үүнд саад хийж, ЗСБНХУ-ыг задруулахгүй байхаар Дэд Ерөнхийлөгч Геннадий Янаев, Ерөнхий сайд Валентин Павлов болон хүчний яамдын сайд нар, бусад хэд хэдэн өндөр албаны тушаалтан шийдсэн байв.
Онцгой байдлын хорооны удирдагчдын шуугиан дэгдээсэн хэвлэлийн бага хурал 1991 оны наймдугаар сарын 19-нд болж “эрүүл мэндийн байдлаас шалтгаалж” Горбачёв үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор ЗСБНХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болж буйгаа Янаев зарлав. Энэ үйл явдлыг телевизээр нэвтрүүлснээс хүмүүст таатай сэтгэгдэл төрөөгүй гэдэг. Янаевын дуу хоолой, яриа нь итгэлтэй бус, гар нь чичрээд. Тэрбээр Төрийн тэргүүний үүргийг ердөө гурван өдөр гүйцэтгэсэн байна.
Горбачёвын суудлыг хамгаалахаар Борис Ельцин гарч ирэв. Үймээн дэгдээгчдийн эсрэг ардчиллыг хамгаалахаар Цагаан байшин руу хүрч ирсэн Москвагийн хэдэн мянган оршин суугч улс орныхоо хувь заяаг шийдвэрлэсэн юм. Балти хавийг оролцуулаад улс орон бүхэлдээ чимээ чагнаж, Янаевын хийлгэсэн хэвлэлийн бага хурал, түүний салгалж байхыг хараахан үзэж амжаагүй хөдөө нутагт Онцгой байдлын улсын хороог ялчихсэн хэмээн бодож байлаа гэж Төв хорооны нарын бичгийн дарга байсан, түүхийн шинжлэх ухааны доктор Владимир Калашников 1991 онд ярьсан байдаг. Түүний бод¬лоор Ельцинийг хүчээр баривчилбал л энэ ялагдлыг нөхөж болох байсан ч энэ нь Цагаан байшинг эзэлж, цус урсгана гэсэн үг. Онцгой байдлын хорооны гишүүдийн хэн нь ч ийм хариуцлага үүрэхэд бэлэн байсангүй.
1991 оны наймдугаар сарын 22-ны өглөө эрт Холбоот Орос улсын ерөнхий прокурор Валентин Степанов шуурхай ажилтнуудтайгаа ирж Янаевийг баривчлаад “Матросская тишина” шоронд хүчирхийлэгчидтэй нэг өрөөнд хорьчихов. Дараа нь Янаевыг эх орноосоо урвасан хэмээн буруутгав. Түүнийг өмгөөлсөн Абдулла Хамзаев “Зөвлөлт засгийг хайрлах юм надад ер байгаагүй ч ЗСБНХУ-ыг хадгалж хамгаалахыг хичээсэн хүнийг түүнээс урвасан гэж буруутгах нь хачирхалтай байсан” гэж ярьсан байдаг.
Үймээний дараа улс оронд бий болсон бүхнийг тунгаан бодсон хүмүүс Онцгой байд¬лын хорооныхныг урьдынх шиг дайснууд гэж үзэхгүй, тэдэнд “сэхээтний ямар нэг чанар, харамсал дуудсан хүмүүнлэг сэтгэл” байсныг нь олж харсан байдаг. Онцгой байдлын хорооныхон цэр гийн хүч хэрэглэхээс татгалзсаныг нь хулчгар бай¬далтай холбож үзсэн хүн ч цөөнгүй байж.
Шоронгоос гараад 1990-ээд онд Геннадий Янаев ихээхэн хавчигдаж, хяхагдсан байдалтай аж төрж байв. Түүнтэй холбогдохоос айдаг байснаас ажил олгож чадах хүн ч алив шалтгаанаар татгалздаг байжээ. Дэд Ерөнхийлөгч асан үүнд хэнд ч гомдоллож байсангүй. Эцэст нь, Олон улсын аялал жуулчлалын академийн ректор 2002 онд түүнд багшийн ажил санал болгоход нь Янаев ихэд баярлаж, Эх орны түүх болон олон улсын харилцааны тэнхимийг нь удирдах болжээ.
“Онцгой байдлын улсын хороонд Янаев бүх хариуцлагыг өөртөө хүлээж аваагүй, шийдвэр ч гаргаж чадаагүй. Түүнийг ямагт шийдмэг байсныг нь би мэддэг ч гар нь яагаад чичирч байсан, яагаад өөртөө итгэлгүй байсныг нь мэдэхгүй. Түүнийг сэтгэл санааны хувьд ийм байдалтай байхыг урд өмнө нь хараагүй” гэж мөнөөх Кривопусков ярьсан байдаг.
ЗХУ-ын хоёрдугаар албан тушаалтан явсан энэ хүн 2010 оны есдүгээр сарын 24-нд 73 насандаа Москва хотноо анир чимээгүйхэн амьсгал хурааж, коммунизмд гэнэхнээр итгэгч, улсаа унаж нурахаас аврахыг мөрөөдөгч болж олон хүний оюун ухаанд үлдсэн юм.
Р.Жаргалант