“Хар муур” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч, зохиолч, яруу найрагч Ө.Үлэмжтөгсийн тун удахгүй мэндлэх түүврээс нэгэн өгүүллэг “шүүрдэн” уншигчдадаа хүргэж байна. Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр “Абсурд зүүдний хот”, эрэн сурвалжлах сэтгүүлчийн амьдралын тухай хүүрнэх “5W1H” постмодерн роман, “Иргэншлээс оргох тасалбар”, “Хийсвэр үг” триллер өгүүллэг, яруу найргийн түүврээрээ эчнээ танил билээ. Эл хэвлэлийн газар өнгөрсөнтавдугаар сард байгуулагдсан хэдийчөдгөө дөрвөн бүтээл эрхлэн гаргаад буй. Эдгээрийн гоц онцлог нь “эгдүүтэй”, авсаархан, алганд багтах хэмжээтэй. Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Шинэ тавилга” өгүүллэг тус халаасны ном цувралын дараагийн бүтээлийн нэг хэсэг хэмээн өгүүлсэн юм.
Зандан модоор хийсэн, будаг нь хуучраагүй... Тэр зарын сонин уншиж байгаад, “За Итали мебель л биз” гэж дотроо боджээ. Гэхдээ тэр уг зарыг гүйцэд уншиж дуусаад нүдэндээ итгэсэнгүй. Ахин нэг, гэхдээ үг, үсэг бүрээр лавшруулан уншсан хойноо алмайрч орхив. Зар дээр ийм өгүүлбэр байж:
“Зандан модоор хийсэн, будаг нь хуучраагүй авс үнэ тохирч зарна. Харилцах утас: 9919.......” гэжээ. Тэр уг нь зарын сониноос байрлал сайтай, үйлчилгээний объект хайж байлаа. Харин одоо бол түүний сонирхлыг мөнөөх зар дээрх авснаас өөр юу ч татахаа болив. “Ямар хүн нь авс зардаг байна аа? Байтлаа сонинд ийм зар нийтлүүлэх гэж...” дотроо гайхширан шогширно. “Аягүй бол аргаа ядсан, оновч муутай маркетинг идэвхжүүлэлтийн нэг жишээ л биз! Далд сурталчилгаа маягийн л юм байгаа болов уу” гэж үл ойшоох гэж хичээсэн ч сонирхолдоо дийлдэн нэг л мэдэхэд зарын дагуу залгаж орхив.
Түүний таамаглаж байсан шиг далд сурталчилгаа биш болж таарлаа. Тоглоом шоглоом ч үгүй үнэхээр жинхэнэ авс зарах гэж байгаа гэдэг нь харилцуурын цаадах хүний хоолойны өнгө, ярианы байр байдлаас мэдрэгдэнэ. Гэхдээ зарын эзэн мужаан хүн биш бололтой. Учир нь хэрэв худалдаж авахаар сонирхож байвал ирж үзэж болно гээд гэрийн хаягаа зааж өгсөн билээ.
Уг нь түүнд хангалттай их ажил байгаа. Үнэндээ авсыг зарна уу, байна уу, хэн ямар учраас зарах нь түүнд огтхон ч хамаагүй гэлээ ч, тэр хэдийн зааж өгсөн хаяг руу очиж явлаа. Замдаа тэр ер нь яах гэж яваагаа өөрөө ч мэдэхгүй байв. Зард бичсэн яг тийм шинэ, будаг нь хуучраагүй, зандан модоор хийсэн авс байлаа гээд худалдаж авахгүй гэдгээ тэр сайн мэдэж байгаа. Ер нь муу ёрлосон биш, авсаар яах ч билээ дээ. Гэхдээ тэр яагаад тийшээ өөрийн мэдэлгүй хөтлөгдөөд байгаагаа ойлгохгүй байлаа. Амьдрал нь нэгэн хэвийн уйтгартай хэмнэлтэй учраас ганц өдөр ч болов хачирхалтай явдалтай нүүр учрахыг хүссэн адын хүсэл нь хатгасан байж ч болох юм. Үл мэдэг жихүүдэс ч төрөх шиг... Ямар нэг зүйлийг ёрлоод л байгаа юм шиг... Үнэн хэрэгтээ түүнийг ямар нэг ёр совин даллахаас илүүтэй ямар хүн нь ийм юм зардаг хэрэг вэ гэсэн сониуч хүсэл нь тийш хөтөлж байлаа. Замын түгжрэл очих цагаас нь хумсалж саатуулах зуур өнөөх авс зарагчийг төсөөлөн бодлоо.
Тэр ер нь ямар хүн бол? Цуврал алуурчин юм болов уу? Сэтгэл мэдрэлийн өвчтөй гаж донтон юм болов уу? Ийм этгээд хачирхалтай зарлалаар хүмүүсийн сонирхлыг татаж авчраад мөчилж алчхаад мөнөөх авсанд нь хийж оршуулдаг бол яана? Эсвэл тэр зүгээр л мужаан байх! Захиалсан хүн нь үнэтэй, эсвэл хийц нь таалагдаагүйгээс худалдаж авахаас татгалзсан байж мэднэ. Тэгээд л мань мужаан хөрөнгө мөнгө зарж хийсэн эдийнхээ ядаж зардлыг нөхөхийг хүссэн байхыг үгүйсгэхгүй. Ер нь сүүлийн таамаг л хамгийн үнэмшилтэй нь болов уу. Гэхдээ бас л бишдэг шүү. Мужаан юм бол урлангийнхаа хаягийг хэлж өгмөөр юм. Гэтэл орон сууцын давхар зааж хаягаа хэлсэн шүү дээ?
Тэр машинтайгаа түгжрэл дунд зогсож байхдаа энэ мэтийг л бодож явлаа. Ингэж очих гэсээр байтал нөгөө хүн гараад явчих вий дээ. Нэгэнт өнөөдрийн ажлаа бүгдийг нь хаяад зориод очтол эзэнгүй хаалга мөргөвөл шал дэмий цаг үрсэн хэрэг болно гэж хаширлан зарын дугаар луу дахин лавшруулан залгахад ашгүй гэртээ хүлээж байна гэнэ. Явсаар нэг юм зааж өгсөн хаягийн дагуу очив. Шинэ баригдсан хотхонд амьдардаг болж таарлаа. Хаа очиж гадаах орчин нь их тохьтой юм. Харваас л тохь томоотой иргэд аж төрдөг газар нь илт. Зааж өгсөн орцоор орж хоёр давхрын шат руу харсан хаалганы хонхыг дарлаа. Арай л чанга дарчих шиг. Хэсэг хүлээзнээд хаалга тайлаагүйд ахин нэг удаа аажуухан дартал ханиалган ирж буй дохио өгсөөр хүний хөлийн чимээ гарч хаалга онгойв.
-Сайн байна уу? Би зарын дагуу...
-Өө, тэгэлгүй яахав. Алив орооч.
Хоолойны өнгөөр төсөөлсөнчлөн 60 орчим насны хүн угтлаа. Байгаа байдлыг нь харахад тэр лав мужаан биш бололтой, гар хуруу нь эвдрээгүй, насаараа албан өрөөнд суусан хүний хуруу, гар харагдлаа. Мужаан хүн гэхээр л заавал эвдэрсэн гартай байх албагүй ч, мужаан биш гэдэг нь байгаа байдлаас нь тодорхой. Харин гаж донтон алуурчны тухайд, хүнийг гаднах төрхөөр нь тааж мэдэх боломжтой биш. Цуврал алуурчин гэвэл эвдрээгүй гартай байх тусмаа бүр ч магадлалтай. Өвгөн түүнийг зочны өрөөнд буйдан дээр суухыг урьж, өөрөө цай авч ирэхээр явав бололтой. Одоо сониуч зан, авс зарагчийн талаарх төсөөлөл таамаг нь хэдийн биежжээ. Тэр хэдхэн цагийн өмнө таамаглан гайхширч асан өнөөх зарын дагуу ирээд зогсохгүй зочны өрөөнд нь тухлаад авчээ. Хэрэв өвгөн үнэхээр л цуврал алуурчин бол сониуч зан нь түүнийг үхэл рүү хөтлөөд ирсэн юм биш байгаа? Өвгөн арай л удаад байх шиг... Магадгүй санаа дагаад ч тэр байж болно л доо. Тэр нүцгэн гараараа балиус барьсан өвгөнтэй халз тулалдах болбол, дийлэх болов уу яах бол? Боломж байгаа дээр гараад явчихдаг ч юм уу гэж бодож үзлээ. Уг нь тэр 34-тэй, өвгөн харин 60 орчим насных гээд тооцвол чадал тэнхээ, насны хувьд харьцуулж үзвэл шийрэгнээд байх зүйл ч биш л дээ. Болгоомжлох ганц юм нь өвгөн тэр ажилдаа гаршсан бол хүдэр эрийн ч бодийг хөтөлж чадна шүү дээ!
Эргэлзээ тээнэгэлзээг арилгаж өвгөн хоёр аяга цай, тавагтай чихэр барьсаар орж ирэв. Өвгөний өгсөн цайнд уруулаа хүргэсэн болоод буцааж тавьлаа. Бас л нөгөө сэрдэлтээс болоод ууж чадсангүй. Өвгөн яриагаа эхлэх гээд хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг түгдэрснээ:
-Зарын сонин дээрээс харав уу? Хүн хэлэв үү?
-Аан тийм ээ, сониноос...
Харин дэмий ч зар тавив уу? Хүн амьтан юу гэж бодох билээ гэж бодсон ч яах аргагүй болчхоод... гэсэнд залуу сая нэг уужуу амьсгаа авлаа. Өвгөний ярианаас аргаа барсан байдал илт мэдэгдсэнд санаа амарч, аягатай цайнаас нэг балгаж аваад, хамгийн ихээр сонирхол татаж, ийш ирэхэд хүргэсэн өнөөх авсыг ямар учиртай болох, яагаад зарахаар шийдсэн тухай асуулаа. Өвгөн мужаан, гаж солиотын аль нь ч биш болж таарчээ. Харин авс эхнэрийнх нь юм санж. Өвчин нь эцсийн шатандаа хүрч амьдрах найдлагагүй болсон эмгэндээ зориулж тусгайлан захиалж хийлгэсэн гэнэ. Харин бэлэн болсон авсыг мужааны цехээс гэртээ авч ирсэн цагаас эмнэлэгт эцсийн өдрөө хүлээж байсан эхнэрийнх нь эрүүл мэндийн байдал гайхамшиг гэлтэй илаарьшсаар, үхлийн аюул ч ор үндэсгүй алга болжээ. Эмч нар ч, анагаах ухаан ч уг хачирхалтай явдлыг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Харин өвгөнийг ажил явдлын бүхий л зүйлсийг бэлтгэж, авс хүртэл хийлгэж амжсаныг эмгэн нь битгий хэл үр хүүхдүүд нь ч мэдэхгүй байгаа гэнэ. Энэ зандан авснаас хамаг юм болоод байна гэж өвгөн эхэндээ итгэхийг хүссэнгүй. Гэхдээ л түүнд нэг л хачирхалтай санагдаад байтал хөгшин нь өнөө маргаашгүй гэртээ гарах болжээ. Насан туршдаа ханилсан өвгөнийгөө өөртэй нь хэдийн салах ёс хийхээр бэлтгэснийг мэдээд яах бол? Хүүхдүүд нь эцгийнхээ энэ үйл үйлдлийг зөнөсөн гэж дүгнэх үү? Эсвэл эмгэнээсээ салахын түүс болсон үйлдэл гэж ойлгох уу? Юутай ч сайнаар хүлээж авах хүн нэгээхэн ч үгүй. Тиймээс л цаг байгаа дээр нь тэрхүү хачирхалтай явдал дагуулсан авсыг далд оруулахаар шийджээ. Өвгөн түүнд гадаа тагтан дээрээ хадгалж байгаа зандан авсыг үзүүллээ. Түүний бодож төсөөлж байсан шиг энгийн нэг шарилын хайрцаг биш гэдэг нь гаднах байдлаасаа л илт ажээ. Маш гоёмсог, хийл хөгжим хэлбэрт улаан хүрэн өнгийн авс байх нь тэр. Дотрыг нь зөөлөвчөөр чигжиж, хөх цэмбээр хулдсан байх бөгөөд энгийн нэг шарилтай булдаг модон хайрцаг биш жинхэнэ урлагийн бүтээл болжээ. Зорьж ирсэн зүйл нь түүний төсөөлснөөс хэд дахин илүү зүйл байсанд тэр алмайрч орхив. Эхнэр нь хөгжимчин, насаараа симфони хөгжмийн оркестрт эрдүү хийл тогложээ. Тэгээд л өвгөн ханийнхаа дараачийн амьдралын насан туршийнх нь гэр орныг хайртай хөгжмөөр нь хийхийг хүссэн нь энэ байв. Гэтэл захиалга гүйцэтгэсэн мужаан нь “эрдүү хийл” гэдгийг том хийл гэж буруу ойлгон “морин хийл” урлачхаж. Одоо нэгэнт эмгэнд нь эрдүү хийл ч, морин хийл ч, шарилын хайрцаг ч ойрын хэдэн жилдээ хэрэггүй болжээ. Залуу тэрхүү гайхамшигт хийлийг тэмтэрч, хурууныхаа өндөг нэг бүрээр мэдэрч, бишрэн харж буйг өвгөн харин горьдлогын нүдээр ширтэнэ. Өвгөн залууг анхандаа ажил явдал тохиолдсон эр гэж таамаглаж байснаа харин одоо этгээд гаж зүйл цуглуулагч юм болов уу гэж дотроо таамаглахад хүрэв. Залууд үнэндээ тэр авсны хэрэг огтхон ч байгаагүй хэр нь өвгөнийг бодсондоо, эсвэл тэр гайхамшигт нарийн хийц, сэтгэл шингэсэн урлагийн бүтээлийг өөр хэн нэгэнд алдахыг хүсээгүйдээ худалдаж авлаа. Үнэ мөнгөний хувьд өвгөний хэлсэн ханшаар, уг бүтээлтэй харьцуулахад харьцангуй бага үнээр боловч сарынхаа ажлын байр түрээслэх мөнгөн дээр 500 мянгыг нэмээд улаан хийлийг өөрийн болгожээ. Өөрийнх нь тэргэнд яавч багтахгүй учраас ачааны машин хөлслөн авч харив.
Өдөрхөн энэ бүхэн зүгээр л сониуч зан, сэжиг айдас, таамаглал байсан бол одоо гэртээ маш этгээд загварын тавилгатай болсондоо сэтгэл өег болов. Тэр багаасаа л ямар нэг хөгжим эзэмшиж сурахыг хүсдэг байж билээ. Гэртээ өнөөх улаан хийлээ оруулж байрлуулчхаад ахин сонжиж үзлээ. Өвгөнийд гэртээ байгаа шигээ ийн тухтай үзэж сонирхох боломж байсан биш. Тэр үед авс эмгэний өмч байсан учир аргагүй ч биз. Түүний томоогүй зан хөдөлж авсанд хэвтэж үзлээ. Хэвтсэн даруйд өөр ямар ч орон дээр хэвтсэнээс илүү тухтай санагдлаа. Ингээд унтчихвал илүү сайхан амрах юм шиг... Тэр гэртээ ганцаараа амьдардаг нь ямар их зол вэ? Үгүй бол гэрийн гишүүдийн хэн нэгэн нь түүнийг ийм зүйл худалдаж авсанд таагүй л хандах байсан биз. Тэр хөнжлөө авч нөмрөөд хийл дотроо унтлаа. Гэхдээ тагийг нь хаасангүй. Өмнө хэзээ ч түүний сонсож байгаагүй гайхамшигт аяз хийлээс эгшиглэж буй мэт төсөөлөгдсөөр тэр гүн нойрны ертөнцөд хөл алдлаа. Түүнийг бөх гэгч нь унтаж байхад авсны таг хаагдан түгжигджээ. Өглөө залуу сэрсэнгүй. Залуу бүтэж үхжээ. Гоёмсог, тухтай, урлагийн бүтээл болсон гэрийн шинэ тавилга дотроо үүрд унтжээ. Тэр авсыг сайтар үзэж сонирхсон хэдий ч бүрэн гүйцэд, нэг бүрчлэн шалгаагүй байжээ. Мужаан уг авсыг хийж дуусчхаад өвгөний зөвшөөрөлгүйгээр доорх үгсийг толгойн хавтгай гадаргуу хэсэгт сийлсэн байж. Тэр сийлсэн үгс нь болбоос: (Эд зүйлс бүхэн зөвхөн хэн нэгэнд зориулагдан бүтээгддэг бөгөөд цор ганц эзэнтэй байдаг)