Тэр үед хөвгүүд, охид том хүмүүсийн хувцасны багасгасан хэв загварыг л эдэлж хэрэглэдэг, тухайн цагийн дэг журамд захирагдаж, ажил хөдөлмөрт ч эрт ордог байж. Уран зурагт эрэгтэй хүүхдүүдийг хэмжээ дамжаа нь зохицоогүй царай төрхтэй, насанд хүрсэн хүмүүсийнх шиг хэлбэр галбиртай дүрсэлдэг, уран сайхны үзэл баримтлал нь хүүхдийн дүрээр ч “эр хүн”-ийг харуулахыг шаарддаг байсан бололтой юм.
Долоон насыг сүм хийдийнхэн “нас биед бүрэн хүрсэн”, өөрийн аливаа үйлдлийг хариуцах чадвартай гэж үздэг байв. XVI зуун болж ирэхэд Европын хүүхдүүд, тэдний гадаад төрхөд хандах нь өөрчлөгдөж эхэлсэн байх юм. Хүүхдийн эндэгдэл багасаж, хүмүүнлэг үзэл хөгжсөнөөр тэднийг насанд хүрээгүй гэж үзэхээ больж, өөрийн үйлдэл, гоо сайхныг хариуцагч хэмээн үнэлж эхэлжээ. Одоо гэр бүлээрээ авхуулсан зураг дээр хүүхдүүд инээвхийлсэн энхрий дугуй царайтай, гартаа тоглоом барьсан байх нь элбэг харагдана. Уран зурагт ч бумбагар хацартай, буржгар үстэй охид, гэрэлтсэн хацартай, гэгээн царайтай хөвгүүд үзэгдэнэ. Охид, хөвгүүд харилцан адилгүй харагдах болсон байна.
Урьд нь охид, хөвгүүд ялгаагүй адилхан хувцасладаг байсан бол XIX зуун болоход хөвгүүд “томчууд”-ын гэхээр костюм өмсөж байхад охид харин нөгөө л тууз зангидсан, хатгамалтай захтай хувцас өмссөн хэвээр.
Японд XIX зуун болтол шүд нь хар өнгөтэй байхыг гоо сайхны шинж чанар гэж үздэг байсан аж. Охидыг 10-12 нас хүрэхэд шүдийг нь лакаар будна. Хятадад болохоор чинээлэг гэр бүл охидоо таван настайгаас тавхайг нь бооно. Ингэж “зэрэмдэг” болгосон хөлийг “алтан лянхуа” гэж нэрлэнэ.
Өнгөрсөн зуунд аж үйлдвэр хөгжиж, дундаж анги бий болсноор хүүхдийн хэлбэр загвар гэх шинэ зүйл гарч ирсэн байна. Томчуудын хувцас, гоёлын оронд хүүхдийн хувцас гэж юм бий болов. Загвар зохион бүтээгчид хувцасны шинэ хэлбэр, тухайлбал, хөвгүүдэд усан цэргийн маягийн, охидод хатгамалтай, хүүхэлдэйнхэрхүү даашинз урлаж өгөх болов. 1930-аад онд Холливудын одод гарч ирэх нь тэр. Бужгар үст Ширли Темпл дэлхийн киноны түүхэнд “Академийн залуучуудын шагнал” авсан анхны хүүхэд болов. Ширлигийн нэрийн хуудас болсон гэж хэлж болох гэрэл цацруулсан инээвхийлэл, буржгар үсийг нь олон сая ээж, охид дууриах болжээ.
Ширли Темплийн алдар цуу хүүхдийн хувцсанд хандах байдлыг өөрчилсөн гэж загвар судлаачид тэмдэглэсэн байдаг. Хүүхдүүдийг тод, тунгалаг “гоё” чамин харагдах болгож, тэдний хэв маягийг томчуудынхаас эрс ялгах болжээ. Сурталчилгаа анх удаа хүүхдийг бие даасан тусдаа хамтлаг гэж үзэж шууд тэдэнд хандах болж, сонин, сэтгүүлүүд тэдэнд зориулсан зөвлөгөө нийтэлж, дэлгүүрүүд хүүхдийн гоо сайхны тусгай тасагтай болсон байна. “Disney” ч үүнд өөрийн хувь нэмрийг оруулав. Хүүхэлдэйн киноны гүнжүүд жинхэнэ хувцасны загвар үзүүлэгчид болж, дэлхий дахинд охид Золушка шиг нүдтэй, үсээ Цасан охин шиг засуулахсан гэж мөрөөдөх болсон байна. 1959 онд гарч ирсэн “Barbie” хүүхэлдэйн гадаад байдал, төрхийн үлгэр жишээ болж, хүүхдүүдийн сонирхлыг ихээр татав. Түүний дүр насанд хүрсэн бүсгүйг харуулдаг ч гэлээ бага насны охид түүн шиг урт хөл, нарийхан бэлхүүстэй байхыг эрмэлзэнэ.
Дайны дараах жилүүдэд зөрчилтэй байдал бий болсон нь хүүхдүүд өөлөх юмгүй дэгжин гоё байхын зэрэгцээ нас биед хүрсэн мэт харагдах ёстой болсон байна. Нэг талаас хүүхдийн төрөлхийн гоё, гэнэн цайлган байдлыг нь нийгэм таашааж байхад нөгөө талаас хүүхэд, насанд хүрэгчдийн гадаад үзэгдэх заагийг нь арчиж хаясан аж үйлдвэр гээч юм гараад иржээ.
1960-аад онд АНУ-д өсвөр насныхны гоо сайхны үндэсний хэмжээний конкурс болж, цаашдаа түүнд оролцогчдын нас доошилсоор байв. 1980-аад он болоход хүүхдийн гоо сайхны конкурс маань олон сая мөнгөний бизнес болон хувирч, түүнд оролцох 5-8 настай охид томчууд шиг хувцаслаж, будаж шунхдах болжээ. Хажуугаар нь хүүхдийн гэх мэргэжлийн загварын зураг авах ажил газар авч, сэтгүүлүүд хачин этгээд хувцастай охидын зураг нийтлэх болсон байна. 15 настай Брук Шилдс “Calvin Klein” жинсний шуугиан тарьсан сурталчилгаанд зургаа авахуулж оролцов. Тэр үед охид өсвөр насных байсан ч зураг нь түүний бие насанд хүрсэн бүсгүйн дур татам байдлыг онцлон харуулахыг зорьдог байв. Одоо бол хүүхдийн гоо сайхны стандарт нийгмийн захиалгад нийцэж, хүүхдүүд насаа болоогүй байхад том хүн шиг харагдахыг хичээх болоод байна. Мэдээ, мэдээлэл олж авах боломж ч нууцлалын хязгаарыг давжээ. Урьд нь хүүхэд ертөнцтэй алгуур аажим дэс дараатай танилцдаг байсан бол одоо интернет ороод л хэдхэн минутад бүхнийг мэдэх боломжтой болов.
АНУ-д 9-11 насны охидын 80 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, 12-14 настай охидын тэн хагасаас илүү нь нүд, хөмсгөө будаж, нүүрэндээ энгэсэг түрхэж буй аж. Бага сургуулийн охид өөрийн гоо сайханд анхаарч, хянаж байхыг хичээх болсон байна. 9-10 настайдаа гоо сайхны барааны дэлгүүрээр орж, үсээ гоё, чаминаар янзлуулж, хоол хүнсэндээ анхаарч байна. Энэ нь тэдний өөртөө итгэлгүй байдагтай нь холбоотой гэнэ. Судлаачдын үзэж буйгаар өсвөр насны таван охины нэг нь өөрийгөө гоё, хөөрхөн биш гэж боддог, тиймээс үс зүсээ янзлахгүйгээр гэрээсээ гардаггүй гэнэ. Түүнээс гадна одоо цагийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ гоо сайханд гойд анхаарч, ээжүүд нь нийгмийн сүлжээнээс загварлаг бүсгүйчүүдийн дүр төрхийг байнга хайдаг бол аавууд хөвгүүдийнхээ үсийг “том хүний маягаар” засуулах болжээ. Нийгмийн сүлжээ ч хүүхдүүдийн хувьд гадаад үзэмжийн уралдаан болж хувираад байна. Сэтгэл судлаачид ч жаахан хүүхэд ээжийнхээ гоёлд татагдахыг зүй ёсных гэж үзэх болж. Тэгэхдээ том хүн болж тоглох нь амин чухал хэрэгцээ болж орхивол хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний хяналтад үл нийцэх сэтгэл санаагаар хөгшрөх эрсдэлд хүргэх аюултайг профессор Тара Уэлл сэрэмжлүүлж байна.
Америкийн жүжигчин эмэгтэй Жессика Симпсон долоон настай охиныхоо уруулыг будаж, өндөр өсгийтэй шаахай өмсүүлснээр ихээхэн шүүмжлэлд өртжээ. Оросын телевизийн нэвтрүүлэгч Виктория Бони 13 настай охиноо сурталчилгаанд оролцуулахдаа оготор банзал өмсгөсөн нь мөн л шүүмжлэлийн бай болсон байдаг. Энэ сурталчилгаа нь эмэгтэй хүний төдийгүй бага насны охины өдөж сэдсэн байдлыг илэрхий харуулсан аж.
Р.Жаргалант