“Би дэлхий ертөнцийн жинхэнэ хэмнэлд тохирох хэлээр бичихийг хүсдэг”.
Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналын эзнээр 71 настай, Унгарын зохиолч Ласло Краснахоркай тодорлоо. “Соёл иргэншлийн сүйрлийн үед урлагийн хүчийг олноо дахин тунхаглаж, онч мэргэн, утга төгөлдөр бүтээл туурвисных нь төлөө уг шагналыг олгов” хэмээн академийн хорооноос мэдэгдсэн. Өнгөрсөн жилийн шагналтан Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганыг “Нууц далд шархыг зоригтойгоор дэлгэж, хүний амьдралын хэврэг чанарыг илчилсэн яруу найраглаг өгүүлэмжийнх нь төлөө” хэмээж байв. Харин Краснахоркайн хувьд уран зохиол бол сүнслэг эргэцүүлэл, мэдрэхүйн туршлага, гоо сайхны эрэл хайгуул. “Уран зохиол бол цагаахан итгэл найдвар биш, үнэн мөнийг нь дэлгэн үзүүлдэг ёс суртахууны үйл” ч гэх. Ингээд шинэхэн Нобелийн шагналтан Ласло Краснахоркай, түүний уран бүтээлийн талаар өгүүлье.
Тэрбээр 1954 оны гуравдугаар сарын 5-нд Унгарын зүүн өмнөд хэсэг дэх Гюла хэмээх жижиг тосгонд дундаж орлого, боловсролтой, еврей гэр бүлийн хүү болж төрсөн бөгөөд чанд хатуу социалист дэглэм, хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал нийгэмд өссөн нэгэн. Энэ нөхцөл нь түүний хожмын уран бүтээл дэх нийгмийн дотоод задрал, итгэл найдварын мөхөл, оюун санааны гүн цөхрөлийн тухай сэдвийн эх ундарга болсон гэж судлаачид үздэг байна. Краснахоркай багаасаа маш дотогшоо, ажигч, чимээгүй хүүхэд байсан төдийгүй ихэнх цагаа ганцаараа ном уншиж, юмсын талаар эргэцүүлэн бодож өнгөрүүлдэг байж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би жаахандаа гэрийнхээ цонхоор ширтэх их дуртай хүүхэд байлаа. Алхаж буй хүмүүс, гудамж, бас цас, бороог. Энэ бүхнийг ажиглах нь миний туйлын баяр баясгалан байлаа” хэмээн дурсжээ. Түүний аав төмөр замын инженер, ээж нь номын санч байсан тул балчраасаа утга зохиолд шимтэх болсон гэдэг.
Краснахоркай дунд сургуулиа тосгондоо дүүргэж, улмаар Сегедийн их сургуульд хуульч, Будапештын Өтвөш Лорандын их сургуульд утга зохиол, герман хэл судлаачийн мэргэжил эзэмшсэн энэхүү жилүүдэд түүний үзэл бодол, оюун санаа гүн бат төлөвшсөн байна. Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фройд, Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч, этгээд жигтэй Франц Кафка, реализмын эцэг Томас Бернхард, Оросын зохиолч, сэтгэгч Фёдор Достоевский зэрэг сэтгэл зүй, оршихуйн философийн сэдэв хөнддөг зохиолчдын уран бүтээлд шимтэн “өвчилж”, эцэст нь өөрийн бичлэгийн хэв маягийнхаа онцлогийг нээсэн аж. 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхээр Унгарт коммунизмын нуран уналтын үе эхэлсэн тул нийгэм даяар хүлээлт, тодорхойгүй байдал, айдас, дарамт ноёлж байв. Яг энэ цагт Краснахоркай “Жинхэнэ цөхрөл бол эдийн засгийн бус, харин оюун санааных” хэмээгээд анхны богино өгүүллэггүүдээ бичиж, 1985 онд анхны роман болох “Sбtбntangу” (Сатаны танго)-гоо хэвлүүлснээр уншигчдад танигдсан юм. Уг зохиолыг 1994 онд Унгарын найруулагч Бела Тар хар-цагаан, долоон цаг үргэлжлэх дэлгэцийн уран бүтээл болгосон юм. Социализмын мөхөл, хөдөөгийн хүмүүсийн ёс суртахууны доройтлын талаар өгүүлэх постмодернист уг зохиолын үйл явдал түүний бага насаа өнгөрүүлсэн Гюла тосгоны нутаг, орчны уур амьсгал, хамтрал, ядуурлын дурсамжтай нягт холбоотой байна. Тэрбээр залуу насандаа Унгараас ангижрахыг нэн хүсэж, 1986 онд тухайн үеийн баруун Берлин рүү нүүжээ. Тэндээс Европ руу, Хятад, Япон, Монгол зэрэг улсад түр болон урт хугацаагаар амьдарсан нь түүний ертөнцийг үзэх үзэл, онгод тэнгэрийг хэрхэн “хөглөсөн”-ийг хожим ярих болно. Манай улсад хэсэг амьдрахдаа тэрбээр “Az urgai fogoly” (Өргөө хотын хоригдол) номынхоо санааг олсон гэнэ.
Шведийн академиас Краснахоркайд Нобель хүртсэн талаар нь сүүлд утсаар мэдэгдсэн бөгөөд Нобелийн шагналтныг тодруулах мөчид тэрбээр Франкфуртын цагийн зөрүүнээс шалтгаалан нойрсож байсан нь тун хоржоонтой ч юм шиг. Түүнд шагналыг нь ирэх арванхоёрдугаар сард Стокхолм хотод болох ёслолын үеэр гардуулах юм. Үүгээр тогтохгүй энэхүү шагналыг хүртсэн хоёр дахь унгар зохиолч болж байна. Үүнээсөмнө зохиол, бүтээлдээ хүний эрх, эрх чөлөөг тусгадгаараа алдартай Имре Кертес агсан 2002 онд хүртсэн билээ. “Sбtбntangу”-гийн дараагийн бүтээл болох “Az ellenбllбs melankуliбja” (Эсэргүүцлийн уй гашуу) гарсны дараа эл зохиолыг шүүмжлэгчид “Карпатын уулсын хөндийд байрлах нэгэн жижиг хотод болж буй айдас, эмх замбараагүй байдлын халуурал дунд өрнөх аймшигт зүүдэн туульс” гэж байсан бол 1999 онд хэвлэгдсэн “Hбborъ йs hбborъ” (Дайн ба дайн) романыг Краснахоркайн урт гэгч үргэлжилдэг, “мушгирсан” өгүүлбэрийн бүтэц, бичлэгийн хэв маяг яг таг тогтож эхэлсэн үе хэмээн үздэг аж.
Ласло Краснахоркай бол Төв Европын утга зохиолын уламжлалыг Кафка, Томас Бернхардаас өвлөсөн, абсурд гаж хэтрүүлгээрээонцлог зохиолч. Харин түүний дараагийн нүүдэл дорно дахин руу, тэр дундаа бясалгасан ертөнц, Буддын философи руу чиглэх болсон нь хэдэнтээ романуудад нь харагддаг. Тэр байтугай “Барууны хүн тайван байж чаддаггүй. Харин дорнын сэтгэлгээ бол юу ч хийхгүй байхын хүч” гэсэн байх жишээтэй. Түүний урт гэгч, тасралтгүй урсах үг, өгүүлбэрүүдийн гол зорилго нь үйл явдал дахь бодол, цаг хугацаа, мэдрэмжийн эрчимт хөдөлгөөнийг алдагдуулалгүй чиг барих явдал гэж үздэг. Ийм хэлбэр нь зарим уншигчийг залхаах бол, ихэнхэд нь аливааг няхуур анзаарч, мэдэрч, бодоход хүргэдэг гэдгийг түүний үнэнч уншигчид бичих юм билээ. Краснахоркайн хүртсэн Нобель түүний утга зохиол дахь амжилтаас гадна нийгмийн ёс суртахуун, урлаг, уй гашуу дахь гоо сайхны эрлийг үнэлж дүгнэсэн хэрэг болов. Энэ эрхмийн бүтээлийг манай орчуулагчид тун удахгүй монгол хэлнээ хөрвүүлэх биз ээ.
Д.Сэлэнгэ