Гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Чагнаагийн Пүрэвдоржийн шүлгүүдээс уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Жаргалант сумд төрсөн бөгөөд “Амьдралын төгөл”, “Амьдралын төлөөс”, “Амьдралын төөрөг”, “Амьдралын төвөргөөн”, “Амьдралын аялгуу” зэрэг яруу найргийн таван боть номоо хэвлүүлсэн нэгэн. Мөн бүтээлүүдээ орос, англи, япон, франц, герман гэсэн таван хэлээр хэвлүүлдгээрээ онцлогтой юм. Ингээд Ч.Пүрэвдоржийн “Амьдралын төвөргөөн” номд орсон шүлгүүдээс дээжлэн хүргэе.
Аавын хайчилсан үнэг
Юм бүхэн утга учиртай гэж бодсоор явсан
Ерөөсөө энэ бодол маань угтаа
Утга учиргүй байсан юм биш үү
Ертөнц гэдэг хязгааргүй гэх мэдэмхийрэл
Ердөө цээжинд минь саяхан л явсан бил үү
Хүн эцсийн эцэст өөрөөсөө хэрэв татгалзвал
Хүсэл байх уу, заяа байх уу
Амьдрал гэдэг гүн нүхэнд шидэгдсэний хойно
Адаг ёроолыг нь тэмтэрч
Амсарт нь хүрэх гэж хайдаг
Аав минь харин тэгэхэд
Алга дарам эсгийгээр үнэг хайчилж өгсөн
Айлтгүй ээ, зүгээр гэж хэлсэн
Өнөөх үнэг намайг гэтэл аргадаж эхэлсэн
Үүдэн дээр ирээд сүүлээ харуулсан
Үймүүлж болохгүй, номхон бай гэсэн
Үг сөрж хэрэггүй, дагаж бай гэсэн
Буруу ч байсан ахмадын үгийг ав гэсэн
Бусадтай бүү муудалц, дага гэсэн
Тэр цагаас би өөрийгөө тэвчиж эхэлсэн
Тэнэг санагдсан ч мөрдөж явсан
Сүүлд нь бодоод байх нь ээ
Сүх далайсан дайсны өөдөөс би гүйсэн л байдаг
Сүү барьсан буянтнаас зугтаасан л байдаг
Сүмбэр их уулын орой нь гэтэл үүлс байсан
Сүн их далайн ёроол нь гэтэл зэрэглээ байсан
Юм бүхнээс утга учир хайсаар явсан
Ерөөсөө энэ бүх бодол минь өөрөө
Утга учиртай байсан уу гэж эргэлзэх болсон
2020 оны арванхоёрдугаар сарын 6
Одоо
Яг энэ одоо гэдгийг
Яагаад би зөвхөн өөрийнхөөрөө төсөөлдөг юм бол
Ярихын зуур өнгөрөх тэрхэн эгшинд
Яагаад энэ орчлон бүтээгдсээр байдаг юм бол
Эгшин төдий гэж хэчнээн ихээр чамлавч
Энэ ертөнц бүхэлдээ харьяалагддаг
Яг одоо гэх тэрхэн эгшинд
Нөгөө газар бүхэл амьдрал залран ирэх
Нэгэн газар алуурчны мэс зүрхийг оноход
Ямар их зүйл болж өнгөрнө вэ
Нэгэн газар бүтэн од задран унахад
Нөгөө газар эхийн хэвлээс үрс мэндлэх
Одоо л амжуулна гэсээр худал хуурмаг өөрийгөө илчилж байхад
Огт байгаагүй цоо шинэ дэргэд нь босоод сүмбэрлэж байдаг
Овилгогүй нэгэн сүүлчийнхээ алдаанд сөхрөн унахад
Ондоо нэгэн эхнийхээ амжилтаар өндийгөөд ирдэг
Одоо, одоо гэсээр цайвалзан өнгөрөх эгшин бүрийг
Орчлон дээр дайрсангүй одогч даан ч үгүй
Өнгөрсөн хугацааг эргээд харахад ямар их холд хоцорч вэ
Үнэндээ түүний эхлэл нь ч ор сураггүй болсон байна
Үүнтэй адил ирээдүйн эхлэл биш, төгсгөл нь харагдахааргүй их
Энэ завсарт одоо бүхэн нэг нэгээр цувран өнгөрсөөр ч
Олдошгүйг олно гэж явдгаараа явсаар л байх болно
Орчлон мөнхөд оршдогоороо оршсоор л байх болно
Одоог би ч мөн орхидгоороо орхисоор л байх болно
2020 оны хоёрдугаар сарын 10
Дотор ухаан
Хатуу цагт хатавчинд чинь сөгдөөд, мөргөж чадах тэвчээр
Хааны чинь сууринд мөлхөж очоод
Толгойг чинь нэхэх хорсол
Ихийг их гэж ханаад буцдаггүй шунал
Багыг бага гэж чамлаад голдоггүй авлага
Эцэж уйдахгүй зөвхөн төөлсөөр л байх
Эх дэлхийг гэтэл ганцхан цэг дээр эргүүлчихнэ гэх тооцоо
Эртний мэргэд Будда, Есүс,
Мухаммед аль нь ч
Энэ бүхнийг зүүдэндээ ч төсөөлөөгүй гэдэг
Зөөлнөөр хатууг дийлдэг гэх тийм нэгэн жам ёс бий гэх
Зөвийг буруугаар дардаг гэх ийм нэгэн гэм бас бий гэх
Уур хэдийгээр цээжийг дүүргэн оволзовч
Урдаас зөвхөн инээсээр л байх
Ухаан хэдийнээ боловсорч, тэргүүнээ оргин байвч
Улдан гишгээд түүнээ нуусаар л суух
Өвс бүхэн өвөл хагдарч зун цэцэглэдэг гэлээ ч
Өөрөөсөө ургаж өөрийгөө хадгалж буй нь тэр гэх
Өдөр бүхэн дулаан наран мандсаар бүгдийг тайтгаруулавч
Өвөл гэтэл нэг л өглөө ирсэн байдаг
2022 оны хоёрдугаар сарын 3
Миний квант
Аавын минь аавыг
Аль ч талаас нь харсан феодал байсан
Аав минь гэтэл гаднаа коммунист, дотроо феодал явсан
Харин би эхэндээ коммунист, эцэстээ капиталист болсон
Яг одоо намайг харвал
Яах аргагүй би феодал коммунист капиталист
Аль талд нь илүү вэ гэдэг
Аяндаа мэдэгдэнэ
Бүх цаг үед
Бүх нийгэмд зэрэг орших нь
Бүхэлдээ хүмүүн миний чанар болой
2023 оны тавдугаар сарын 7
Өнөөгийн бид
Өмнө нь бас харуул тавина
Үргэлж түүнээ утсаараа хянана
Тэгсээр атал нэг л өдөр хулгайч
Тэнгэрээс буусан уу, газраас ургасан уу
Сахиулд ч харагдаагүй, камерт ч өртөөгүй
Одоо ч тэр сураггүй хэвээр л байгаа
Хэзээ бид ийм болчихсон юм бэ гэж
Хэн хэнийхээ өөдөөс мэлзэнэ
Үүдээ дангинатал цоожилно
Үгүй ер, яаж мэдэх вэ гэж дахин сэрэмжилнэ
Өөр нэг газар камер өлгөнө
Салхинд хийссэн үү, усанд урссан уу
Ор мөргүй арилсан байдаг
Өнөөдөр л ийм болчихсон мэт
Өнгөрсөн үеийг дурсана
Үүд нь хүртэл тэгэхэд цоожгүй байсан гэж шогширно
Үзье ч гэсэн тэнд түгжээгүй байсан гэж сайрхана
Үүд ч гэж дээ
Өргөөд сөхчихдөг эсгий л байсан
Өнөөгийн бидэнд ган хаалга ч нэмэргүй гэж гасална
Өгөөгүйг аваад сурчхаж
Үйл нь ирсэн цаг
Өнөөдрийн бид
Үүдээ түгжихээс ч
Өгснийг хаяад сурчхаж гэж харамсана, өөрөөр яалтай нь билээ гэж эвлэрнэ
2021 оны арванхоёрдугаар сарын 7
Мухар гудамж
Магадгүй чамайг би
Магтах гээд ичээчихсэн байж болно
Манант алс руу давхисан гээд
Элсэн толгодод гацсан ч байж болно
Магадлал, учрал дүүрэн энэ хорвоод
Аалзны тор
Магадгүй би өөрийнхөө байхгүйг
Эндүүрсээр ч явсан байж болно
Могойн хор хоёр адилхан
Амьдралд угаасаа л тийм байдаг
Хүрд нь эргэсээр ч гол нь хөдөлдөггүйг
Хүмүүс андахгүй мэддэг
Хөдөлгөөн гэгч эцэстээ хөдөлдөггүйд тулдаг тэмтчин урагшилдаг
Цаг мөнхийн юм гэж бишрэн сөгддөг ч
Цаг зуурынх гэж байдаг учраас л тэгдэг
Заримдаа би тас харанхуй дундуур
Замдаа гэвч үүрийн гэгээтэй учирна гэж итгэдэг
Яагаад хүмүүс ийм их агуу байдаг юм бэ
Ямагт тэд надаас илүүг олоод хэлчихдэг
Хэрдээ л их бодлоо гэхэд
Хэдийнээ тэр хуучирсан байдаг
Хэн нэг нь хэлчихсэн байдаг
Хэрхэвч түүнд хүрэхгүйгээ мэддэг
Мэдэхгүй нь гэтэл явж явж
Миний сэтгэлийн мухар гудамж байсан
Тэгсэн ч гэсэн би
Тэр гудамжиндаа л амьдарсаар явдаг
2021 оны наймдугаар сарын 24
Харуусал
Өнөөдөр тааз ширтэн хэвтэнэ
Өнгөрсөн цагийг кадр бүрээр нь ухрааж үзнэ
Хаана би буруу товчийг нь дараад өнгөрөв гэж
Харуусал гашуудлаа цэгнэнэ
Хана цоортол дуугүй ширтэнэ
Хүйтэн мухарт ганцаар хүлээнэ
Хөлийн чимээ чагнана
Нөгөөх их дагагсад
Нөмөрт нь явсан дарга
Дансанд багтахааргүй их мөнгө
Даруулгагүй явсан тэр цаг
Олдохгүйгээр талийсан
Одоо нэгэнт өнгөрсөн
Оройтсон хүн гэдэг
Хурц, тунгалаг ухаантан мөн боловч
Хувь тавиландаа өөрөө орооцолдон унадаг нь үнэн гэх
2020 оны арваннэгдүгээр сарын 30
Навчис гуньдаггүй
Өглөө болоход л
Үй түмэн навч
Энд ч хуйларна
Тэнд ч хумирна
Хэсэгхэн хормын хойно алга болно
Хийсэн одсон уу
Хэн нэг нь түүгээд хаясан уу
Өчүүхэн багачууд юуг ч эс тоон үймэлдэнэ
Өвгөн ах гэтэл харуусан бодно
Тэнгэр өөд хэрэв хийсэн одсон бол
Тэр лав навч биш, сүнс нь байсан байх
Газартаа хэрэв эргээд шингэсэн бол харин
Гарцаагүй тэр жинхэнэ навч мөн
Өвгөн ах тийн бодож
Өөрийнхөөрөө эргэцүүлнэ
Үнэндээ тэнд навч биш
Өвгөн ах л гундаж суусан юм
2021 оны есдүгээр сарын 26