“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г өнгөрсөн намрын чуулганаар УИХ хэлэлцэн батлах үеэр тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын захирагч Х.Нямбаатар нар нийслэлд шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүч¬ ний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч буйг ам уралдан ярьж байлаа. Тухайлбал, Засгийн газрын тэргүүн асан Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн дулаан, эрчим хүчний сүлжээний шинэчлэлийг бүрэн шийдвэрлэхэд багадаа хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийслэлийн асуудлыг сууриар нь шийдвэрлэх 24 мега төсөл хэрэгжүү¬ лэхэд багадаа 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нийслэлд шаардлагатай байгаа.
Уг ерөнхий төлөвлөгөөнд туссан төслүү¬ дийг хэрэгжүүлж, нийслэлийн асуудлыг бүрэн хэмжээнд шийдвэрлэх эрх зүйн шинэ орчин, санхүүгийн шинэ модель зайлшгүй шаардлагатай” гэж тодотгож байв. Харин түүний үеэл Х.Нямбаатар “Газын төсөл дээр Улаанбаатар хот дэд бүтцээ бариад, Засгийн газар татаас олговол 2031 оноос нийслэлчүүд нүүрс түлэхээ болино. LNG, LPG, CNG гэсэн бүх төрлийн газыг дэмждэг дэд бүтцийг Улаанбаатар хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээгүй газарт татах төлөвлөгөөтэй байгаа. ОХУ-ын “Газпром” нийгэмлэг Улаанбаатар хотыг LNG түлшээр бүрэн хангахад бэлэн гэдгээ илэрхийлсэн” хэмээн араас нь “баадууг нь чангалан”, санаагаа зүтгүүлж байлаа.
Үүнээс өмнө буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд нийслэлийн ИТХ-ын 13 дугаар тогтоолоор “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХКийг байгуулан, гүйцэтгэх захирлаар нь хотын парламентын төлөөлөгч Ч.Батзоригийг томилсон түүхтэй. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрчим хүчээр хангагдсан хот” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийт 105 627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөсөн бөгөөд энэ жил 5000-7000 айл сонгожээ. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн мэдээлснээр бол Гандан, Зурагт, Дэнжийн мянга болон Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн нийт 3361 байшин сууцын, мөн 1468 монгол гэртэй айлыг хийн халаагуурт холбох юм байх. Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”-аар хийн халаагуурт шилжсэн нэг өрхөд ирэх жилийн тавдугаар сарын 15-ныг хүртэл нийт 900 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон.
Эхний холболт нь Баянзүрх дүүргийн гэр хорооллын тодорхой бүсүүдэд хэрэгжихээр төлөвлөгдсөн нь бас цаанаа учиртай. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэх “Тархмал эрчим хүч¬ ний дэд бүтэц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг нь Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон, урьд нь хотын дарга Х.Нямбаатарын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх байсан нэгэн билээ. Мөн тус компанийг байгуулах тогтоолыг баталсан Хотын удирдлагууд хийн зуухаар ашиг хонжоо хайж байна уу нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр ч Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард Ч.Батзоригийн хамт БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй энэ асуудлаар уулзсан байдаг.
Манай хотын удирдлагуудын машид итгэл үнэмшилтэйгээр тодорхойлсончлон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг цэвэрлэх хамгийн найдвартай гарц гэгдэх LNG, LPG, CNG хэмээх “гялгар” нэртэй төслүүдийн тухай пиар 2024 оны сүүлчээс эрчийг авсан. Гэр хорооллыг хийн түлшинд холбох, хий дамжуулах дэд бүтцийн талаар туршлага судлахаар хотын дарга Х.Нямбаатар, Ч.Батзориг нар БНХАУ, Өмнөд Солонгосоор баахан явсан. Гэтэл туршлага судлаад судлаад өнөөх LNG (Liquefied natural gas) буюу шингэрүүлсэн байгалийн хий, CNG (Compressed natural gas) буюу байгалийн шахсан хийн төслүүдийн нэг нь ч урагшаа хөдлөөгүй байна. Сөүл, Бээжин, Шанхайд утааг эрс бууруулж чадсан технологийн шийдэл, хийн түлшний дэд бүтцийн системүүд Улаанбаатарт тохирохгүй байв уу, эсвэл төсөл хэрэгжүүлэх эздийнх нь эрх ашигт нийцээгүй юм болов уу?
Бяцхан тодруулга хийхэд, CNG нь бусад түлштэй харьцуулахад хямдаас гадна агаарт цацагдах хорт бодисын ялгарал байхгүйтэй адил, байгаль орчинд ээлтэй учраас дэлхийн 110 гаруй улс оронд ашиглаж буй гэнэ. Оросуудын “Танай Улаанбаатар хотыг бүрэн хангахад бэлэн” гээд байгаа LNG буюу шингэрүүлсэн байгалийн хийн хувьд ч зөв хэрэглэж дадвал экологид ээлтэй түлш гэдэг нь ойлгомжтой. Ямартай ч гадаад нэртэй хийн түлшний төслүүд гацаанд орсон энэ үед нийслэл “талаа” солиод, шахмал түлшний импортын тухай илүү идэвхтэй ярьж, ажил хэрэг болгохоор зүтгүүлж эхэлсэн нь асуулт дагуулж байна. Монгол Улс өөрөө нүүрсний арвин нөөцтэй атал гаднын орнуудаас шахмал түлш авах дээрээ тулсан нь улс төрийн шуурганд зай завсаргүй шавхуурдуулсаар урагш ахисан ажилгүй, намар, өвөлтэй золгосонтой холбоотой гэх үү.
“Нийслэлийн удирдлагууд БНХАУ-ын “Haier”, “Hisense” компаниас хийгээр ажилладаг 5000 ширхэг зуухыг ямар ч тендергүй, шууд гэрээгээр авсан” хэмээн аж ахуйн нэгжүүд эхнээсээ гомдол гаргаад явж байна. Мөнөөх “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж буй Ч.Батзориг болон хотын удирдлагуудыг 19 тэрбум төгрөгөөр дээрх 5000 ширхэг зуух авах гэж байгааг сонссон дотоод, гадаад хувийн хэвшлийнхэн тендер зарлахыг нь хүлээн, багагүй цагаа үрж. Гэтэл тэд хууль зөрчин, шууд гэрээ хийсэн тул даруй цуцлахыг шаардаж байгаа аж. Улаанбаатарын гэр хорооллын 200 мянган өрхийн ядаж 50 мянгыг нь эхний ээлжинд хийн түлшинд холбох ажлыг хариуцаад хийгээтэх гэсэн болохоос “тойргоо торд” гээгүй л байлтай.
Ингэхэд Чимэддоржийн Батзориг гэж хэн бэ. Өөрийнх нь ашиг сонирхолд нийцээгүйн улмаас гадаадын хөрөнгө оруулалтаар хийгдэх хэд хэдэн төслийг зогсоосон, туршилт хийх нэрийдлээр сонгогдсон тойргийнхоо айл өрхүү¬ дэд хийгээр ажилладаг 30 ширхэг зуухыг нэг бүрийг нь 3.8 сая төгрөгөөр худалдан авч, суурилуулсан, өнгөрсөн хавар Баянзүрх дүүргийн 100 өрхөд дөрвөн тэрбумаар хийн халаалт тавих тендер зарлаж, компаниудын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас хэрэгжээгүй гэх мэтчилэн дээрх төлөөлөгчийн талаар янз бүрийн мэдээлэл сонсогддог. Тэр ч бүү хэл, хотын даргын зөвлөх, Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ ашиглан 8.3 тэрбум төгрөгийн тендерийг бэр дүүгийнхээ компаниар дамжуулан завшсан тухай ноцтой баримтууд нь дэлгэгдэж байсан, будилаантай нэгэн гэнэ. Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал байхдаа Ч.Батзориг нь Улаанбаатар хотын төвд автомашины олон давхар зогсоол барих тендерийг гурав дахин зарлуулж, эргэж буцаан байж бэр дүү Г.Жаргалынхаа нэр дээрх “Эм Ти Юү” ХХК-ийг сонгон шалгаруулж, 8.3 тэрбум төгрөг завшсан гэдэг.
Хоржоонтой нь, Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирал асан тэрбээр Түгжрэлийн сайдаар томилогдон хэсэг хугацаанд ажилласан Ж.Сүхбаатарын шавь аж. Багш, шавь хоёр гар, ганзага нийлэн, түгжрэлийн төсвөөр туйлж байсан нь “Ногоон автобус”-ны хэргээр ил болж, Ж.Сүхбаатар АТГ-ын хаалга татсан бол Ч.Батзоригийг хотын дарга Х.Нямбаатар суга татан авч зөвлөхөөрөө тавьж, улмаар нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн төлөөлөгч болгосон түүхтэй. Татаасаар очсон албан тушаал болгондоо ах нарынхаа “ач”-ийг ямар нэг аргаар заавал хариулдаг МАН-ын цүнх баригч хурган дарга нарын жишгээс Ч.Батзориг ч хазайдаггүй бололтой. Түгжрэл бууруулах нэрийдлээр албан тушаалд очингуутаа төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь шамшигдуулан, том ах нарынхаа сонгуулийн санхүүжилтийг зуу зуун саяар нь босголцдог тухай нь хэвлэлүүд хэдэнтээ шүүмжилж байж. Гэтэл ийм хүнд нийслэлийн иргэдийг цэвэр, хүртээмжтэй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор байгуулсан “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийг хариуцуулчихдаг нь ямар гээч дабль стандарт вэ.
Ёстой л “чононд мах хадгалуулав” гээч болох бус уу. Эцэст нь гадаад нэртэй гоё чамин төсөл ч үгүй, мөнгө ч үгүй, хийн халаалтын зуух ч байхгүй, шингэрүүлсэн нь байтугай хатуу түлш ч олдохгүй, нийслэлчүүд нийтээрээ хөлдөх, эсвэл угаартах эрсдэлд орох вий. Хотын төсөв, татвар төлөгчдийн мөнгө хаашаа урсаж байна вэ. Хариулт олдохгүй цагт утаагүй нийслэлийн мөрөөдөл л үлдэх үү. Долдой шиг “Галын хайч ч үгүй хоцорлоо доо” гээд гасалж суух цаг хугацаа үлдээгүй.
Г.Сансар