Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж буйгаа мэдээлсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2024 оноос цагт 50 тонн болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан гэв. Эдүгээ үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилгээг хийж, 38.3 мянган тонн хагас коксон түлшний нөөц бүрдүүлсэн. 2026-2027 оны халаалтын улиралд 300 мянга гаруй тонн хагас кокс, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөжээ. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх аж. Нийслэлээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэх болон борлуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгаад буй. Хотын дарга Б.Пүрэвдагва “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилган, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ, хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн” гэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 15-наас эхлэн шахмал түлш борлуулж эхэлсэн бөгөөд өнөө жил гэр хорооллын айл өрхүүдэд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш худалдаж байгаа аж. Иргэд хүйтний улирал эхлээгүй байгаа энэ үед ч түлш их хэмжээгээр нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж болзошгүй тул одоогоор нэг удаад долоон шуудайгаас илүүг худалдах боломжгүйг албаныхан хэлсэн. Савлагаан дахь түлшний жин, хэмжээг дутаахгүй, үйлдвэрт 25.5 кг-аар тохируулга хийсэн хэмээв. Өдгөө нэг шуудай шахмал түлшийг 3750, хагас коксыг арваннэгдүгээр сарын 1-нээс 5000 төгрөгөөр борлуулахаар төлөвлөжээ.
О.Ундрах