
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй экспортын тээврийн жолооч нарыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 13,000 тун вакцинаар тээврийн жолооч нар болон Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулж байгаа аж. Тус аймгийн хэмжээнд эхний ээлжид дархлаажуулалтад хамрагдах 13,000 зорилтот бүлгийн хүн байгаагийн 11,860 нь уул уурхайн салбарын ажилтнууд болон нүүрс тээврийн 157 аж ахуйн нэгжийн жолооч нар гэнэ. Харин үлдсэн 1,019 хүн нь тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд аж. Мөн гааль, хил хамгаалах зэрэг байгууллагын 121 ажилтан, алба хаагчийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтыг хийхдээ Гашуунсухайт боомт дээр тав, Шивээ хүрэнд гурван цэг ажиллуулж, нүүрс тээврийн жолооч болон уул уурхайн ажилтнуудыг вакцинжуулж буй аж.
Мөн Даланзадгадын хоёр цэгт эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулах гэнэ. Жолооч нарын ажлын ээлжийн хуваарьт тохируулан дархлаажуулалтыг зохион байгуулах бөгөөд нэг баг өдөрт 150 хүнийг хамруулахаар тооцжээ. Ингэснээр эхний ээлжийн 4,000 хүнийг тав хоногт багтаан дархлаажуулах гэнэ.