Өнгөрсөн долоо хоногт манай умард хөршийн удирдагч өмнөд хөршид айлчлав. Путин, Си Зиньпин нар түншлэл, стратегийн харилцан ажиллагаагаа цаашид бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл хийж, дэлхийн болон олон улсын шинэ маягийн олон туйлт харилцаа үүсгэх тухай хамтарсан тунхаглал баталлаа. Цөмийн зэвсэгтэй улсууд бусдадаа өдөөн хатгалга хийж байгааг мэдэгдэлд шүүмжлээд, Украины хямралын тэргүүлэх шалтгааныг арилгах талаар өгүүлж, Иранд АНУ, Израилын өгч буй цохилт Ойрх Дорнодын тогтвортой байдлыг алдагдуулж байна хэмээн Хятад, Оросын байр суурийг илэрхийлэв.
Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Дорно дахины судлалын тэнхимийн доцент Анна Киреевагийн үзэж буйгаар Бээжинд Путиний хийсэн энэ айлчлал юуны урьд хоёр орны удирдагч жил бүр уулзахдаа олон орны асуудлаар илэрхийлдэг хоорондын байр суурийнхаа уялдааг тодруулах зорилготой байжээ. Түүнчлэн Орос-Хятадын болон үүний өмнөхөн болсон Америк-Хятадын хоорондох яриа хэлэлцээг адил хэмжээнд авч үзэж болохгүйг эл шинжээч тэмдэглэсэн байна. Москва, Бээжингийн яриа хөөрөө олон улсын асуудлаар байр суурь, эрх ашиг нь тохирч байдаг стратегийн ойр түншүүдийн хооронд болж байдаг. Харин Хятад, Америкийн төлөөлөгчдийн дээрх уулзалт худалдааны дайныг шатлан өргөжүүлэхээс зайлсхийгээд удаагүй, эцэст нь, үр бүтээлтэйгээр зөвлөлдөх байдалд ороод буй стратегийн хоёр өрсөлдөгчийн хоорондын харилцааг тогтворжуулах оролдлого байлаа гэж Киреева тэмдэглэжээ.
Оросын талын төлөөлөгчдийн тоо Хятадынхаас гурав дахин олон байв. Өргөтгөсөн яриа хэлэлцээнд Оросын 39 хүн оролцсоны дотор Ерөнхий сайдын таван орлогч, найман сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон томоохон компани, банкнуудын төлөөлөл байжээ.
Ардын хурлын ордонд болсон хэлэлцээр дээр Си Зиньпиний хэлснээр бол Хятад, Оросын харилцаа харилцан хүндэтгэл, шударга ёс, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр тулгуурлаж, дэлхий дахинд тогтвортой байдал бий болгоход чиглэж байгаа аж. Энх тайван байдал, хамтын ажиллагаа нь ард түмнүүдийн хүсэл эрмэлзэл болж байна гэж тэр хэлжээ. Путин энд хэлсэн үгээ “Нэг өдөр уулзаагүй маань гурван намар өнгөрөөсөн шиг” гэх Хятадын зүйр үгээр эхлэв. Тэрбээр Орос, Хятадын харилцааг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэж үнэлээд, өөрийн тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газар, бизнес, олон нийт, боловсролын салбарын удирдах албаны хүмүүс байгааг нь санамсаргүй юм биш гэсэн аж. Орос, Хятадын худалдааны эргэлт жилд 200 тэрбум ам.долларт хүрчээ. Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа тэргүүлж буй юм байна. Яриа хөөрөөний албан ёсны хэсгийг дуусгахдаа Путин БНХАУ-ын даргыг 2027 онд Орост айлчлахыг урьжээ.
Бүтэн хагас цаг орчмын дараа яриа хэлэлцээ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй эхлэв. Путиний энэ айлчлал Орос, Хятадын хооронд сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25, стратегийн түншлэл тогтоосны 30 жилийг тохиолдуулж буй юм байна. Энэ удаад хоёр тал 40 орчим баримт бичигт гарын үсэг зуржээ. Яриа хэлэлцээний нэг гол сэдэв нь “Сибирийн хүч-2” төсөл байв. Гэхдээ уг асуудлаар ямар нэг дорвитой ахиц гарсангүй. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ хоолой явж өнгөрөх зам, барьж байгуулах аргын талаар харилцан ойлголцсон гэж хэлсэн төдийгөөс хэтэрсэнгүй. Хий дамжуулах энэ хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх ёстойг манай уншигчид нэгэнт мэдэх болсон билээ. Германы түүхч, Дорно дахин судлаач, профессор Сёрен Урбански хэлэхдээ уг төслөөр Орос их эртнээс хэлэлцээ хийж буй ч Хятад төдийлөн хөдлөхгүй байгааг тэмдэглэжээ. “Сибирийн хүч-2” нь Зүүн Сибирээс Монголоор дайруулан Хятад хүртэл 2600 километр үргэлжилж, жилд 50 сая хүртэл кубметр хий дамжуулах юм. Уг төсөл 2019 онд эхэлсэн. Урбанскийн хэлснээр уг төсөл үнэ өртөг, гэрээний нөхцөл дээрээ гацаад байгаа аж.
“Wire China” тэмдэглэснээр Ормузын хоолойг хаачихаад байгаа нөхцөлд ч Оросын хийгээр Хятад тэгтлээ гачигдаж дутагдаад байгаа биш гэнэ. Бээжин хийг Катар, Австралиас авдаг. Хятад өөрөө ч атомын цахилгаан станц барьж буй. Тийм болохоор эрчим хүчний хямд эх үүсвэрийг сонирхож байгаа юм. Хятадын экспорт, гадаад шууд хөрөнгө оруулалтад зориулж АНУ хэрэв зах зээлээ түр ч гэсэн нээвэл бусад улстай хийх эдийн засгийн харилцаанаас Бээжингийн хамаарал ихээхэн багасна гэж тус сонинд бичсэн байна. Оросын эдийн засагт асар их нөлөөтэй байгаа Хятад улс Украины дайныг төгсгөх оролдлогод төдийлөн анхаарахгүй, харин ч тамир тэнхээ нь суларч буй түншээсээ ашигтай санал хүлээж авсаар байна. Үүний нэг нь дээрх сонинд бичсэнээр Арктикт найр тавих алхам юм. Хятад улс Арктикийн гүрэн болох нь Гренландын талаар Трамп байн байн ярихад хүрсэн нэг шалтгаан юм байна.
Путин сая Хятадад 25 дахь албан ёсны айлчлалаа хийв. Эхнийх нь 2000 оны зун болсон байдаг. Тэр үед сурагч байхдаа Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнд Путинтэй “санамсаргүй” тааралдсан инженер Пэн Пай энэ тухай дурсан ярьсан байна. Пэн Пай Москвад дээд сургуульд оюутан болж, орос хэл сурчээ. Сурагч хүү Путинтэй тааралдаж байсан нь өнөөгийнхөөс огт өөр цаг үе байв. Тэгэхэд Өрнөдийн эдийн засгийн тогтолцооны интеграцад орохыг Орос, Хятад хоёул өсөн дэвжих түлхүүр хэмээн үзэж, тэр нь ч сайн нөлөө үзүүлсэн байдаг.
Энэ айлчлалынхаа үеэр Путиний хэлснээс үзвэл Москва цаашдаа ч Хятадын зах зээлд нефть, хий, нүүрсний томоохон нийлүүлэгч байх юм байна. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Го Цянкунь 2027 оныг дуустал Оросын иргэдэд тусгай зөвшөөрөлгүй үйлчлэх журмаа сунгаж буйгаа мэдэгдлээ. Ингээд оросууд 30 хүртэл хоногоор аливаа зорилгоор Хятад руу визгүй зорчиж байх нь.
Хэлэлцээний дараа болсон хэд хэдэн арга хэмжээний үеэр Путин дээр өгүүлсэн инженер Пэн Пайтай уулзаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай ярилцан, үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, хүндэтгэлийн зоог хүртсэн байна. Айлчлалын эцэст Путин, Си Зиньпин нар Ардын хурлын ордонд цай уунгаа ярилцжээ. Энэ уулзалтад Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, засаг захиргааны орлогч дарга Максим Орешкин, Хятадад суугаа Элчин сайд Игорь Моргулав нар байлцжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар Орос, Хятадын удирдагчид эдийн засгийн талаар томоохон тохиролцоонд хүрсэн тухай мэдээлсэнгүй, харин гарын үсэг зурсан баримт бичгүүдээр нь баримжаалбал, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахад ихээхэн анхаарчээ. Бүс нутгийн өргөн цар хүрээтэй асуудлыг шийдвэрлэхдээ илүүтэй харилцан уялдуулан зохицуулахад хоёр улс бэлэн гэдэг нь тодорхой болсон байна. Оросын ШУА-ийн Ази-Номхон далайн судалгааны төвийн удирдагч Александр Ломановын тэмдэглэснээр 2001 онд тухайн үеийн Хятадын дарга байсан Зян Зэминь, Оросын Ерөнхийлөгч Путин нар гарын үсэг зурсан Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай Орос, Хятадын гэрээг таван жил тутам сунгаж, хоёр улсын харилцааны хөгжлийн явцыг харуулж байх нь чухал үйл явдал болох аж.
Путиний айлчлалыг Европ, Өрнөд хэрхэн үзэж, үнэлж буй нь ойрноос тодорхой болж байна. Хятадын байр суурийг Өрнөдийн шинжээчид “Оросын талыг баримталсан төвийг сахисан байдал” гэж нэрлэв. Орос, Украины хооронд болж буй үйл явдалд Хятад оролцохгүй мэт байгаа ч Оросын эрчим хүчний эх үүсвэрийг худалдан авч, иргэний ч, цэргийн ч зориулалттай бараа нийлүүлснээр үндсэндээ Москвад дэмжлэг үзүүлж байна гэж дүгнэв. Түүхий эдийг нь авч, хагас дамжуулагч болон давхар зориулалттай бараагаа Хятад өгч, Оросын хэтэвчийг дүүргэж байна. Өрнөдийн тоймч Жеймс Браун “Орос хожих ч үгүй, хожигдох ч үгүй байгаад Хятад сэтгэл хангалуун байгаа” гэсэн бол Токиогийн улс төрч Оросын байдал муудаад ирвэл Хятад илүү нээлттэй дэмжлэг үзүүлнэ хэмээн таамаглаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийнхэнтэй уулзахдаа түүнийг айлчлахад Хятад Путинээс илүү хандаж хүлээж авсан гэж хэлсэн байна. Түүнтэй өргөтгөсөн хэлэлцээ хийж байхдаа Украины асуудлыг Си Зиньпин хөндөхдөө, тийш довтлох шийдвэр гаргасандаа Путин “харамсах” болно гэж хэлж байжээ. Украины Дорно дахиныг судлаач Наталья Бутырская Хятадаас Орос хамаарах байдал нэмэгдэж байна гэж үзэв. Хэвлэлийнхнийг байлцуулалгүй хийсэн хэлэлцээ гол үйл явдал болсон, түүний үр дүнг ойрын үед Оросын хийх үйлдэл харуулна. Путин Украины эсрэг дайнаа үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэр хэлжээ. Дайныг зогсоох зорилгоор Орост Хятад дарамт шахалт үзүүлнэ гэдэг Наталья Бутырсая итгэхгүй байгаа аж.
Р.Жаргалант