Сүхбаатар аймгийн нутаг дахь Төхөмийн уурхайг эзэмшигч “Олгой булаг” компанид хөрөнгө оруулсан Хятадын иргэн Ли Жуан Хуа гэх эмэгтэй “Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарт мөнгөө алдсан” хэмээн өнгөрсөн оны сүүлчээр мэдээлэл хийсэн билээ. Түүнээс 51 тэрбум төгрөгийг нь авсан Д.Баатараас мөнгөө буцааж авахаар хандахад хариуд нь “Покер тоглоод алдсан гэж бод. Хуулийнханд хандаад ямар ч нэмэргүй. Хуулийн бүх дарга нар миний талд байгаа” гэдэг талаар БНХАУ-ын иргэн эмэгтэй мэдээлэлдээ тодотгож байв. Тэгвэл сүүлийн үед дээр дурдсан уурхайн нэг амыг прокурорын шийдвэрээр битүүмжилсэн аж.
Уг нь эл хэргийг анх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байсан гэнэ. Улмаар нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад уурхайн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилсэн гэнэ. Үүнтэй холбоотойгоор хэргийн оролцогчид прокурорт гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2025 оны зургаадугаар сарын 27-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу аймаг, дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд байгаа гомдлыг Улсын болон Нийслэлийн прокурорын газарт хянахаа больсон аж. Өөрөөр хэлбэл, уг хуульд “Дээд шатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг энэ зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хугацаанд хянаж шийдвэрлэнэ” гэх заалтыг үндэслэн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо больсон юм.