
УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Гадаадад байгаа иргэдийн асуудал шийдэгдсэн. ГХЯ шуурхай ажиллаж, чартер нислэгтэй холбоотой мэдээллүүдийг маш тодорхой хүргэж байгаа. Мэдээлэл тодорхой байснаар иргэдийн бухимдлыг бууруулна.
Дархлаажуулалтын ажлын хэсэг УИХ-аас байгуулагдсан. Бид долоо санал гаргаад өгсөн. Энэ саналуудаас хэрэгжихгүй байгаа зүйлсийг онцлож хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Нэгдүгээрт, иргэдэд дархлаажуулалтын тухай тодорхой, ойлгомжтой мэдээллийг маш бага хүргэж байна. Хувийн хэвшлийнхэн хэзээ вакцин хийлгэх нь маш бүрхэг, тодорхой бус байгаа юм. Төр шахдаг сонголтгүй, тулгадаг байдлаасаа татгалзах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Засгийн газар вакцины татан авалт хийлээ гээд байх юм. Бүгд буцалтгүй тусламжаар ирсэн вакцин. Уг нь засгийн газар өмнө нь төсвөө гаргаад худалдан авах төлөвлөгөөг баталсан байх ёстой. Үүн дээр маш муу ажилласан. Гуйлгачин сэтгэхүйгээр тусламжийн вакцин авч байна. Ингэж нэр нүүрээ барж болохгүй. Гуравдугаарт, БЗД-ийн 26-р хорооны Засаг даргыг улс төрийн зорилгоор халсан. Үүнийг Шадар сайд мэдэж байх хэрэгтэй. Ажлаа мэддэг, хороогоо мэддэг бүх хүнийг халсан. Тэгэхээр тэнд халдвар нэмэгдээд замбараагүй байдал үүсээд байна" гэлээ.