
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт цуврал нэвтрүүлэг бүтээжээ. Уг нэвтрүүлэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-наас эхлэн “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно. Улмаар долоо хоног бүрийн ням гарагт Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдал, Монгол Улсын тусгаар тогтнолын бахархалт түүхийг үзэгчдэд тайз дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх юм. Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, ард олноо энх жаргаланд учруулсан ардын журамт цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг баримтад тулгуурлан, тод томруунаар толилуулах уг шоунд жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нарын уран бүтээлчид хоёр багт хуваагдан өрсөлдөнө. Багууд “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” гэсэн ардын журамт цэргийн ялгуусан ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэжээ. Нэвтрүүлгийн шүүгчээр Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Монгол Улсын Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий нар ажилласан байна.