
Хууль зүй, дотоод хэргийн яамнааас “Салбарын алба хаагч бүрт-орон сууц хөтөлбөр” хэрэгжиж буй. Хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд “Хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын орон сууц цогцолбор хотхон”-ыг өнөөдөр /2021.03.19/ ашиглалтад өглөө. Тус хүрээнд хотхоны эхний ээлжийн хоёр блок 238 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдын төлөөлөлд байрны түлхүүр гардуулсан юм. Энэ өдөр Дотоод хэргийн их сургуулиас долоон алба хаагч энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Тухайлбал, ДХИС-ийн алба хаагчдын төлөөлөл, цагдаагийн хошууч С. Болдбаатар шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Цагдаагийн хошууч С.Болдбаатар “Би төрийн байгууллага, төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Анх 1984 онд НАХЯ –ны Цэргийн дээд сургуулийг төгсөөд Булган аймгийн "Цагдан сэргийлэх анги” нэртэй байгууллага байхад хүүхдийн төлөөлөгчөөр томилогдон ажлын гараагаа эхлэж байсан. Үүнээс хойш төрийн байгууллагад тасралтгүй ажиллахдаа томилогдсон газар болгондоо янз бүрийн байранд амьдарч байлаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, Их сургуулийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр орон сууцны хуваарьт багтаж, шалгуурт тэнцэн шинэ байрны түлхүүр гардсандаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Дээрх бүтээн байгуулалтын хүрээнд 840 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, 1300 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, спорт цогцолбор, ногоон байгууламж, 111 автомашины дулаан авто зогсоол, үйлчилгээний төв бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдсон хотхоныг барьж байгуулахаар төлөвлөжээ.