Монгол Улсын Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 1-нд өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталж, музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй төрийн өмчийн 12, орон нутгийн 24, хувийн хоёр музей үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн сум, дүүрэгт орон нутаг сурталчлах зориулалт бүхий 265, Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын болон Цагдаагийн, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн, Археологи, Палеонтологи зэрэг эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд 16 музей, үзвэрийн танхим ажиллаж байна. Музейн тухай хуульд тусгагдсан зарим заалтын талаар сонирхуулъя.

- Монгол Улсын харьяат, 16 хүртэлх насны хүүхэд музейн үзвэрийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх бөгөөд 2022 оноос уг үйлчилгээний зардлыг хувийн музейд төрөөс нөхөн олгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.
- Музейн аюулгүй байдлыг музейн орчны, барилга байгууламжийн, сан хөмрөгийн гэсэн гурван түвшинд авч үзэн, үндэсний стандарт тогтоох эрх зүйн үндсийг тавьж, аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны механизмыг бүрдүүллээ.
- Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтныг томилоход тодорхой шаардлага тавьж, түүний мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон, хариуцлагын механизмыг бий болгохын зэрэгцээ хараат бус, тогтвортой ажиллах, санхүүгийн хувьд бусдын нөлөөнд автахгүй байх нөхцөл бүрдүүлэх зорилгоор найман жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 2022 оноос олгож эхлэхээр тусгав.
- Музейн тухай хуультай уялдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн, Улсын тэмдэгтийн хураамжийн, Соёлын өвийг хамгаалах, Шинжлэх ухаан, технологийн, Гамшгаас хамгаалах, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тус тус нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа.
- Музей нь ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага байх бөгөөд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулж болно.