
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор өчигдөр шагналаа.
Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчуудын язгуурын дээд шүтээн, сэтгэлгээний гүн бэлгэдэл нь сансар огторгуйн чанадад орших мөнх тэнгэр ба замбуу тив гэх дэлхий байжээ. Сансар огторгуйг танин мэдэх хүн төрөлхтөний хүсэл, мөрөөдөл нь шинжлэх ухааны гайхамшигт нээлтэд хөтөлж 60 жилийн өмнө сансарт анх хүн ниссэн байна. 40 жилийн өмнөх энэ өдөр Улаанбаатарын бүсээр 22.40 цагт Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа, ОХУ-ын иргэн В.А.Жанибеков нарын хамтарсан баг "Союз-39" хөлгөөр сансарт нисэж, гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. НҮБ-ын гишүүн 194 улсаас 36 нь сансарт иргэнээ нисгэсэн. Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь улс, Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь хүн болсон. Монгол хүн сансарт ниссэнээр манай улсад сансар судлал хөгжих эхлэлийг тавьжээ. БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа бол Монголчууд төдийгүй, хүн төрөлхтөний бахархал мөн. Дэлхий дахинд монголын суу билгийг алдаршуулж, эх оронч үзэл, үндэсний бахархалыг бадраасан гавьяаг үнэлж, Төрийн дээд шагнал - тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор түүнийг шагнаж байна" хэмээсэн юм.
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа "Хамтарсан сансрын нислэгт олон хүний хөдөлмөр, бүтээл шингэсэн. Маш олон байгууллага, эрдэмтэн, судлаачдын үйлсээр дээд цэг нь болсон сансрын нислэгт биеэр оролцсоныг өндрөөр үнэллээ. Энэ бол сансрын нислэгт оролцсон бүх хүмүүсийг үнэлж байгаа явдал юм. Буян хишгээ хайрладаг Монголын ард түмэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгчдөө гүн талархал илэрхийлье" хэмээв.
Тэртээ 1981 оны гуравдугаар сарын 22-нд БНМАУ-ын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын иргэн, сансрын нисэгч В.А.Жанибековын хамтарсан баг Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн билээ. Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхных бөгөөд Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн юм.
Ташрамд дурдахад, "Чингис хаан" одонг 2005 оноос гардуулж эхэлснээс хойш нийт 12 эрхэм хүртээд байна.