Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.САНЧИР: Монголчуудынхаа язгуур чанарыг сэргээх зорилготой аялал зохион байгуулна

 

“Тархан суурьшсан монголчууд” байгууллагынхан соёлын, онцгой хэмээн тодотгохоор аялал зохион байгуулах гэж буй аж. “Торгоны зам”- ын түшиц газар байсан Алматы, Ташкент, Бухара, Самарканд гэсэн түүхэн алдартай хотуудад зохион байгуулах энэхүү үйл ажиллагааных нь талаар нь тус байгууллагын тэргүүн, Төрийн шагналт соёл судлаач Ц.Санчиртай ярилцсан юм.

-Танайх монгол жуулчдыг “Торгоны зам”-ын жимээр аялуулах нь ээ. Хэзээнээс эхлэх вэ, хэдэн хүн авч явах вэ? 

-Энэ жил гурван аялал төлөвлөсөн. Бэлтгэл ажил хангагдсан. Анхныхыг есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 3 хүртэлх хугацаанд зохион байгуулна. Хоёр дахь нь аравдугаар сарын 17-24-нд. Харин гурав дахь буюу арваннэгдүгээр сарын аяллаа өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг дайруулна. Ертөнцийг байлдан дагуулсан Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэхээр хуульд заасан. Энэ удаа арваннэгдүгээр сарын 21-нд тохионо. Тэр өдөр бид Чингис хааны, 1220 онд өөрийн биеэр дайлсан Бухара балгас дахь, их хааны зогсож байсан соёлын дурсгалыг тайлбарлаж байх болно. 
 

-Сар бүр нэг аялалтай байх нь. Дараа жилийнхийг товлосон уу? 

-Ирэх хавар дөрөв, тав, зургадугаар сард аялалтай. Яагаад жилийн турш аялуулахгүй байгаа юм бэ гэж хүмүүс асууж байна. Бидний аялах газар бол үржил шимт Аму мөрний хөндий, Памирын нуруунаас Арал тэнгис, Тэнгэр уулаас Хазарын тэнгис хүртэлх өргөн уудам газрыг хамрах, байлдан дагууллын түүхэн нутгууд юм. Македоний Александр, Юлий Цезарь, Чингис хаан, Төмөр хаан гэсэн үе үеийн байлдан дагуулагчдын хүслэнт нутаг. Бүтэн зуун жилийг Монголын үе гэж өнгөрөөсөн, монгол хүний заавал очиж үзэх газрууд юм. Соёл судлаачдын хувьд угсаатны онцлогийн хамгийн онцгой, цаг агаарын ч хамгийн тааламжит үе, хоол хүнсний зохимжит улирлыг тааруулж явах учраас ийм цөөн аялал зохион байгуулах юм. Үүнийгээ жишиг аялал болгохыг хүсэж байна. Манайхан гадаадын оронд аялахаараа газар үздэг. Харин соёлын агуулга талд анхаарахдас тааруу санагддаг. Одоо бол тодорхой хэмжээний зардал, цаг хугацаа зарцуулж байгаагийнх, өв соёлын “Тасам” академийнхны 18 жилийн турш аялан судалсан амжилт дээр хөтлүүлж явах учир санасандаа хүртэл сайхан аялаад ирээсэй гэж хүсэж байгаа юм. 
 

-Аяллын баг ердөө найман хүнтэй гэхээр арай чамлалттай санагдаад байх юм. 

-Энэ нь жирийн аяллаас өөр юм. Группээр явахад нэг цэгээс нөгөө рүү автобус дүүрэн жуулчин, бараг 40-үүл яваад л, дурсгалт газар, үзмэрийг тайлбарлаж гүйцээгүй байхад явах цаг нь болохоор түүх, дурсгалын тухай мэдээллийг дутуу, хагас сонсоод өнгөрөх тал байдаг. Чухам аялагчдаа ийм байдалд оруулахгүй, хүн тус бүрт анхаарч, үйлчлэх тул тусгай аялал юм. Хэрвээ, тухайлбал 20 хүн авч явбал аяллын чанар алдагдана. Самаркандыг өнөөдөр “Тэнгэрийн доорх хот музей” гэдэг. Хаашаа л харна, XIII, XIV зууны соёлын дурсгал байдаг. Хаа сайгүй Төмөр хааны холбогдолтой дурсгал. Төмөр хааны музей, талбай, хөшөө, Гур-Эмирийн соёлын цогцолбор, Регистан буюу Төмөр хааны ач хүү Үлэгбэхийн одон орны оргил, Төмөр хааны ухаант их монгол хатны бунхан, хатны сургууль, сүм гэх мэт байгууламж бий. Тэнгэрийн доорх энэ хот музейг үзүүлэхийн тулд 20 хүн авч явж, соёлын дурсгалуудын талаар тайлбарлахад бүгдэд жигд хүрэхгүй байх магадлалтай. Тиймээс хүмүүсийнхээ тав тух, аяллын чанарын төлөө цөөн хүнээр баг бүрдүүлж байгаа юм. Одоогоос 12 жилийн өмнө бид “Тасам турс”-ээ байгуулсан. Гэхдээ соёлын аялал жуулчлалыг илүүтэй хөгжүүлэх үе нь өнөөдөр аж. “Тархан суурьшсан монголчууд” байгууллагынхан бид 18 жилийн хугацаанд дэлхийн 100 гаруй улсад очсон. Тухайлбал, ертөнцийг байлдан дагуулагч Чингис хаан болон түүний залгамжлагчдын очсон, бүтээсэн, эрхшээсэн, шинээр байгуулж, сэргээн босгосон 40 гаруй улсын 1000 гаруй газарт очжээ. Цар тахлын дараах дэлхий ертөнцийн хандлага аялал жуулчлал руу эргэсэн байна. Монгол ч гэсэн аялал жуулчлалаа хөгжүүлэх шаардлага тулгамдаж байна. 
 

-Аяллаа хаанаас эхлэх вэ? 

-Бид Монголоос гараад түүхийн сурвалжид өгүүлдэг “Тэнгэр уулыг даван Алимтай хотод хүрснээр” аялал эхэлнэ. Түүнээс цааш 2300 жилийн түүхтэй Ташкент хотод хүрнэ. Тэгээд Төмөрийн улсын нийслэл Самарканд, Бухара гэсэн алдарт “Торгон зам”-ын өртөөнүүдээр явна. Энэ нь байдаг л аялал, зугаалга биш. Дэлхийн хоёр улсын дөрвөн мужийн 12 соёлын дурсгалд хүрнэ. Эдгээр нь бүгд Монголын эзэнт гүрний Цагадайн улсын суурин дээр байгуулагдсан Төмөрийн улсын соёлын дурсгалууд. Өнөөдөр бид жилд тэдэн сая жуулчин авна, тэгнэ, ингэнэ гэж ярьцгааж байна. Гэтэл бидний очих гэж буй Узбекистан улс жилд есөн сая жуулчин хүлээж авдаг. Тэр улсын ДНБ-ий эхний тавд соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүний орлого багтдаг. Соёлын аялал жуулчлал улс оронд ийм ач холбогдолтой. Жилд есөн сая жуулчин хүлээж авч буй Узбекистан нь Монголын эзэнт гүрний дөрвөн их улсаас бүр хожим бий болсон Төмөрийн улсад суурилагдсан. Энэ бол Монголын Алтан ордын Узбек хааны нэрээр нэрлэгдсэн юм шүү дээ. Хожим Цагадайн улсын харьяанд байсан ч өдгөө Төмөрийн улс гэдгээр алдартай. “Торгоны зам”- ын Бухара, Самарканд бол Чингис хаан өөрийн биеэр дайлсан хот. 

Тэгэхээр 800 жилийн өмнөх “Торгон зам”-ын түүхийн жимээр монголчууд 800 жилийн дараа зорилготой, зохион байгуулалттайгаар дахин очих гэж буйгаараа онцлог. Бидний түүх дээр тэр улс, үндэстэн хэрхэн хөгжиж байгааг харна. Гэтэл эзэнт гүрний голомт болсон Монголд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж байна уу, үгүй юү, энэ чиглэлд гадаадын хэдэн жуулчин хүлээж авч байна вэ, энэ үйлчилгээнээс олж буй орлого ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байна вэ гэдэгт хаана, хаанаа анхаараасай гэж хүсэж, дохио өгөх гэсэн юм. Тусгай аяллын цаад санаа энэ. Аяллыг би өөрөө удирдана. Хөтөч, хэлмэрч нь манай байгууллагын судлаач, соёл судлалын доктор Б.Өэлүн-Эрдэнэ байх юм. Түүхийн нугачаанд монголчууд эдгээр газрын хаанаас нь эхлэн байгуулж, хаана нь орхиод, хаанаас нь сэргээсэн бэ гэх мэтийн мэдээлэл өгөх юм. Ямар ч ажил, мэргэжлийн хүмүүс байлаа гэсэн өнөөдөр бид монголчууд. Тэр тусмаа бид эзэнт гүрний голомтыг сахиж үлдсэн монголчууд. Түүхийн ноён оргилд монголчууд дэлхийн 40 улсыг эзэлсэн. Өнөөдөр тэдгээр улсад монгол угсаатан, монгол соёлын дурсгал, Монголын эзэнт гүрний их хаадын үлдээсэн өв байдаг. Тэр харгуйгаар аялах болно. 

Бид багийнхандаа 12 соёлын дурсгалыг тайлбарлах юм. Эдгээр нь бүхэлдээ Чингис хаан 1220 онд биеэр дайлсан Бухара балгас, мөн Цагадай, Өгэдэй, Зүч хөвгүүдтэйгээ уулзсан Самарканд балгасаас түүхэнд доголон гэж алдаршсан Төмөр хааны улсын нийслэл гэдгээр цуутай, тухайн үедээ дэлхийн шилдэг хот байсан Самарканд хотыг хамардаг. Тэр үед Венец дэлхийн шилдэг хотуудын жагсаалтад 30-аас хойш байр эзэлдэг байсан бол Самарканд, Бухара дөрөв, тавдугаарт нэрлэгддэг байсан. Энэ түүхийн жимээр, тэр улс, үндэстний, угсаатны онцлогийг мэдэрч аялах боломжийг хүмүүст олгож байгаа юм. Тухайн улс, үндэстэн ДНБ-ийг бүрдүүлэхэд эхний тавд ордог салбартаа, тэр дундаа соёлын аялал жуулчлалдаа, дэд бүтцэд нь хэрхэн анхаарч ханддаг вэ, жуулчин хүлээж авдаг зочид буудал, буурчийн газар, айлуудаа яаж дэмждэг вэ гэдгийг мэдрүүлэх юм. Усыг нь ууж, хоолыг нь амталж, яриаг нь сонсож явах гэдэг бол алсаас сонсохоос, уншихаас тэс өөр. Тэнд байдал тийм байхад манай улсад, өөрөөр хэлбэл, эзэнт гүрний голомт болсон Монгол нь “Монголын эзэнт гүрний түүхийн аялал”-ын нэгэн жим болсон тийм аялал зохион байгуулдаг орон байх хэрэгтэй, магистраль газар байх ёстой гэсэн асуудлыг дэвшүүлэхийг оролдож байна. 
 

-Эдүгээ дэлхийд аялал жуулчлалын их сэргэлтийн үе тохиож байна уу? 

-Би 18 жилийн хугацаанд дэлхийн 100 гаруй улсад зорчсон, тухайлан стан, ислам улсуудын заримд 35 удаа очсон. Их юм үзэж, харж, судалсан. Цар тахлын дараах дэлхий нийтийн хандлага их өөр болсныг анзаарч байна. Бидний очихоор зорьж буй улс “Ковид-19”-ийн үед соёлын аялал жуулчлалаа бүр цэцэглүүлжээ. Зарим хотод нь хоёр жилийн өмнө очиход байгаагүй зүйлс нэмэгдэж. Тухайлбал, Самарканд гэхэд жуулчдад богино зайд үйлчлэх, эртний юм шиг хийцтэй трамвайтай болжээ. Бид энд хөлөө хориулаад сууж байхад улс, үндэстнүүд трамвайтай, метротой ч болж байжээ. Соёлын дурсгалуудыг тайлбарлах, үзэх, ингэснээр үйлчилгээ авсан нь таньж мэдэж, аж амьдрал, бизнестээ тусгаж байвал бидний соёлын аялал жуулчлалын гарцыг төлөвшүүлэх, соёл түгээх гэсэн зорилго биелж эхлэх юм. Сүүлийн жилүүдэд монголчууд дотооддоо аялдаг боллоо. Ялангуяа цар тахлын дараа идэвхэжлээ. Энэ бол сайн. Гэхдээ нутагтаа ч байна уу, аль нэг, аймаг, сумд очсон хүмүүс тухайн газрын орон нутаг судлах музейг үзэж байна уу. Аялал эндээс эхэлж байвал соёлын аялал жуулчлын хандлагатай болж эхэлнэ. Тэгэхээр аялал төлөвшсөн хэв маягтай болоосой, суралцаасай, аялал жуулчлалын компаниуд ч гэсэн үлгэр дуурайл аваасай гэж хүсэж, хичээж байна. 
-Танай аяллыг сонирхох хүн олон байх бололтой. 
-Энэ оны зургадугаар сард аяллаа зарлахад тухайн долоо хоногт эхний гурван аялалд явах хүмүүсийн тоо гүйцсэн юм. Хамгийн эхнийхэд нь явна гэсэн хүн олон байлаа. Тэднээс наймыг л сонгосон. Манай үйл ажиллагааг дэмждэг болон олон жилийн турш харилцаж буй зарим байгууллагын удирдлагууд явах гэж байна. Зургаан жилийн өмнө Киргизийн Бишкек хотод очихын тулд газраар найман өдөр явж байлаа. Гэтэл одоо үндэснийхээ “Хүннү эйр” нислэгийн компаниар үйлчлүүлээд гурван цаг 50 минутад л Бишкект очиж байна. Дөрвөн л цаг яваад Алматыд очдог болсон.