Эрдэмтэн, судлаачийн хувьд эх орныхоо нэрийг дэлхийн шинжлэх ухааны оргил цэгт гаргаж, олон улсын томоохон төслийг дотооддоо нутагшуулах шиг бахархал үгүй билээ. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн есдүгээр сард хүн төрөлхтний оюун ухаан, технологийн сод бүтээл болох Европын цөмийн судалгааны нэгдсэн байгууллага (CERN)-ын үндсэн дөрвөн аварга туршилтын нэг LHCb төсөлтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн нь манай шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Ийнхүү дэлхийн физикийн салбарт эх орноо төлөөлөн түүчээлж буй ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Хүнд кваркын судалгааны лабораторийн эрхлэгч, LHCb судалгааны багын ахлагч, доктор Б.Баасансүрэнтэй Монголын суурь шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.
-Ертөнцийн “ажиллах” зарчим, физикийн гүн рүү тэмүүлэх тэрхүү сониуч зан тань хэзээнээс, юунаас эхлэлтэй вэ?
-Би багадаа тоглоомоо заавал эвдэж байж санаа амардаг, их сониуч хүүхэд байлаа. Ээж, аав, өвөө, эмээ минь удирдлагатай машин үргэлж авч өгдөг байсан юм. Эхэндээ утастай удирдлагатай байснаа сүүлдээ утасгүй, антентай болж шинэчлэгдсэн. Тэр үед “Ямар ч холбоосгүй атлаа энэ машиныг алсаас яаж удирддаг юм бол” гэсэн асуулт намайг үнэхээр их гайхшируулдаг байлаа. Эргээд бодоход, ертөнц хэрхэн “ажилладаг”-ийг мэдэх гэсэн сониуч зан минь тэр үеэс л эхэлсэн болов уу. Дунд сургуульд орсон хойноо газар зүй, математик, тэр дундаа физикийн хичээлд илүү шимтэх болсон. Улмаар Х дугаар ангидаа физикийн олимпиадад анх удаа оролцсоноор энэ шинжлэх ухаан ямар гайхалтай, сонирхолтой болохыг мэдсэн юм. Миний энэ сонирхлыг ээж их дэмжинэ. “Миний хүү, энэ их ховор, сайхан мэргэжил юм байна. Чи өөрөө ч дуртай юм чинь тууштай яваарай” гэж урамшуулсан. Тэгээд л МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн ерөнхий физикийн ангид элсэн орж, 2015 онд бакалаврын зэргээ хамгаалсан. Тэр жилийнхээ намар нь АНУ-ын Нью-Йорк муж дахь Сиракузын их сургуульд элсэж, зургаан жил суралцаад, доктор болсон.
СУДАЛГААНДАА 100 ХУВЬ ТӨВЛӨРӨХ БОЛОМЖООР ХАНГАДАГ
-CERN буюу Европын цөмийн судалгааны нэгдсэн байгууллага бол хүн төрөлхтний оюун ухаан, технологийн оргил төвүүдийн нэг гэдэг. Тэндхийн ажиллах орчин, судлаачдын өдөр тутмын амьдрал хүмүүсийн төсөөлдгөөс хэр ялгаатай байдаг бол?
-CERN бол суурь судалгааны чиглэлээрх дэлхийн хамгийн том лабораториудын нэг. Тэнд хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг бөөмийн хурдасгуур болох LHC (Large hadron collider) хэмээх аварга том машин байдаг. Тэр ч утгаараа CERN-д маш өргөн чиглэлээр судалгаа явуулдаг. Энэхүү LHC хурдасгуурт суурилсан үндсэн дөрвөн аварга туршилт байдаг нь AT-LAS, CMS, ALICE, LHCb юм. Орчин үеийн физикийн онолоор орчлон ертөнц 13.8 тэрбум жилийн өмнө “Их тэсрэлт”-ийн үр дүнд үүссэн гэж үздэг шүү дээ. Тэгвэл эдгээр машины тусламжтайгаар “Их тэсрэлт”-ийн үеийн нөхцөл байдал, үйл явцыг лабораторийн орчинд олон давтан үүсгэж, тэрхүү эгшин зуурын физик шинж чанарыг нь нарийвчлан шалгаж үздэг гэсэн үг. Харин ажиллах орчин нөхцөл, хангамжийн хувьд маш их ялгаатай. Тэнд судлаачдыг ахуйн болон санхүүгийн элдэв асуудалд толгойгоо гашилгахгүйгээр зөвхөн судалгаа болон эрдмийн ажилдаа 100 хувь анхаарлаа хандуулж, төвлөрөх бүхий л боломж, нөхцөлөөр нь хангадаг.
-Та “SciCon-2026”-гийн үеэр ертөнцийн үүслийн талаар шинэ судалгаагаа танилцуулсан шүү дээ. Үүний үндсэн санаа, шинжлэх ухаанд оруулж буй шинэ өнцөг нь юу вэ. Уншигчдад ойлгомжтой байдлаар тайлбарлахгүй юу?
-Энэхүү судалгаа нь дэлхийн шинжлэх ухаанд цоо шинэ зүйл биш ч гэлээ Монголд анх удаа хийж буйгаараа ач холбогдолтой. Тодруулбал, дээр дурдсан CERN-ын LHC хурдасгуур дээрх дөрвөн аварга туршилтын нэг болох “LHCb” төслийн хамтын ажиллагааг Монголд анх удаа албан ёсоор оруулж ирж байгаа юм. Товч түүх сөхвөл, манай улс 2014 онд CERNтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2025 оны есдүгээр сард бид CERN-ын үндсэн дөрвөн аварга туршилтуудын нэгтэй хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн. Үүний дагуу Монгол Улсын ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн тус төсөлд хамтрагч гишүүний статустайгаар ажиллахаар болсон. “SciCon-2026” хурлын үеэр миний өгсөн хамгийн чухал мессеж бол энэхүү түүхэн хамтын ажиллагааг дотооддоо албан ёсоор эхлүүлснийг зарласан явдал байлаа. Судалгааны үндсэн санааг энгийнээр тайлбарлавал, 13.8 тэрбум жилийн өмнөх “Их тэсрэлт”-ийн үед яг юу болсныг илүү гүн гүнзгий ойлгоход чиглэсэн.
-Матери болон антиматерийн ялгааг энгийнээр тайлбарлавал хүн төрөлхтөн яг ямар асуултын хариуг хайгаад байгаа хэрэг вэ?
-Орчин үеийн физикийн шинжлэх ухаанд одоог хүртэл хариултыг нь олж чадаагүй хэд хэдэн асуулт бий. Жишээлбэл, бидний амьдарч буй орчлон бол матери давамгайлсан ертөнц юм. Матери гэдэг нь та, бидний ярилцаад сууж буй энэ кофе шоп, ширээ, сандал, бие махбод гээд бүгдээрээ хэдхэн төрлийн эгэл бөөмөөс тогтож буйг хэлж байгаа юм. Үүнийг материт орчлон ертөнц гэнэ. Гэтэл сүүлийн үеийн астрофизикийн хэмжилтүүдээр энэ бүхэн ердөө л орчлон ертөнцийн 5-6 хувь, магадгүй түүнээс ч бага хувийг эзэлдэг гэдгийг харуулж байна. Тэгвэл үлдсэн 94-95 хувьд нь юу байна вэ гэдэг асуулт урган гарна. Хүмүүсийн ярьдаг харанхуй энерги, матери гэдэг ч үүнд хамаарна. Үүнийг шууд хэмжих хэмжилтийн арга одоог болтол байхгүй учраас бид дам байдлаар нөлөөллийг нь шалгаж үздэг. Тэгэхээр LHC дээрх туршилтууд эдгээр асуултын нэг хэсэгт, ялангуяа харанхуй матери болон шинэ физикийн боломжит ул мөрийг хайх замаар хариулт эрэлхийлдэг гэсэн үг.
-Судалгаа амжилттай болбол ертөнцийн үүсэл, бидний оршин тогтнох тухай ойлголтод ямар шинэ өөрчлөлт авчрах бол?
-Үүнд хариулахын тулд эхлээд суурь судалгаа гэж юу вэ гэдгийг тодруулах нь зүйтэй. Хүн төрөлхтний хөгжил ерөөсөө л асуулт тавихаас эхэлсэн шүү дээ. Жишээ нь, Жордано Бруно тухайн үеийн тогтсон үзэл, сүмийн номлолын эсрэгээр “Дэлхий яагаад заавал орчлон ертөнцийн төв байх ёстой гэж. Хэрэв энэ ойлголт буруу байвал яах вэ. Орчлон ертөнц бидний төсөөлснөөс хавьгүй уудам, бүр олон ертөнцтэй байж болохгүй гэж үү” гэж асуусан. Тухайн үед ингэж асууна гэдэг зүгээр нэг шинжлэх ухааны маргаан биш, хүний амь нас, нийгмийн байр суурь, үзэл бодлын эрх чөлөөг хүртэл эрсдэлд оруулахуйц зүйл байсан. Гэхдээ хүн төрөлхтөн яг ийм зоригтой асуултуудын ачаар л ертөнцийг илүү гүн ойлгож, шинжлэх ухааны хөгжил урагшилсан юм. Суурь судалгаа, асуудал гэдэг нь хүний төрөлхийн нэг чухал чанар болох сониуч зантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн үргэлж л асууж байдаг. “Яагаад өдөр, шөнө солигддог юм бэ”, “Нар их тусахаар тогтоол ус яагаад ууршиж багасдаг вэ”, “Дэлхий яагаад бөөрөнхий вэ” гэх мэт асуулт хүн төрөлхтний хүрээлэн буй орчноо ажиглаж, ойлгох гэсэн оролдлогоос эхлэлтэй. Эдгээр нь маш энгийн мэт сонсогддог ч ийм асуултуудын зарим нь хүн төрөлхтний ертөнцийг харах өнцгийг бүхэлд нь өөрчилсөн байдаг. “Дэлхий орчлонгийн төв мөн үү”, “Бидний харж буй зүйлсийн цаана ямар хууль үйлчилж байна вэ”, “Байгаль үнэхээр ямар зарчмаар ажилладаг вэ” гэх мэт асуулт шинжлэх ухааны хувьсгалын эхлэл болсон. Жишээ нь, эрт үед хүмүүс сар хиртэхийг Скандинавын буюу Норсын домогт гардаг аварга чоно сарыг барьж авснаас болж улаан өнгөтэй болсон гэж тайлбарладаг байв. Харин үүнийг нарийвчлан ажиглаж, хэмжилт хийж, логик дэс дараалалтайгаар судлахад ид шидийн, үлгэр домгийн зүйл биш, харин байгальд тогтмол явагддаг энгийн үзэгдэл болохыг нь ойлгосон. Өөрөөр хэлбэл, суурь судалгаа гэдэг нь үл мэдэгдэх зүйлийг асууж, ажиглаж, хэмжиж, эцэст нь байгалийн хуулийг ойлгох үйл явц юм.
Суурь судалгаанаас гарсан үр дүн бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийн хамгийн ойрын жишээ бол CERN-д бий болсон world wide web юм. CERN-д олон улсын эрдэмтэд, лабораториуд асар их хэмжээний мэдээлэл солилцох шаардлагатай байсан. Энэ хэрэгцээнээс үүдэн 1989 онд Tim Berners-Lee CERN-д мэдээллийг хурдан, ойлгомжтой, хооронд нь холбож түгээх зорилгоор шинэ системийн санаа дэвшүүлсэн нь өнөөдрийн бидний өдөр тутам ашигладаг www буюу веб орчны үндэс болсон. Эндээс нэг чухал зүйл харагддаг. “Суурь судалгаа яг юунд хэрэгтэй юм бэ” гэж асуухад эхлээд шууд хариулахад хэцүү байж болно. Гэвч байгалийн суурь хуулийг ойлгох гэж оролдох явцад хүн төрөлхтөн өмнө нь төсөөлөөгүй шинэ технологи, арга барил, төхөөрөмж, салбаруудыг ч бий болгодог. Тиймээс суурь судалгаа нь хүний сониуч зангаас эхэлдэг боловч үр дүн нь технологийн дэвшил, эдийн засгийн болон нийгмийн оюун санааны хөгжилд үргэлж түлхэц болдог.
-LHCb туршилтаас их хэмжээний өгөгдөл гардаг гэсэн. Тэр их мэдээлэл дундаас үнэ цэнтэйг нь ялгаж авахад хиймэл оюун, алгоритмын хөгжил ямар үүрэгтэй бол. Цаашид AI физикийн нээлтүүдэд хэрхэн нөлөөлнө гэж та харж байна вэ?
-Сонирхолтой асуулт байна. Орчин үеийн физикийн шинжлэх ухаан хиймэл оюун буюу AI-тай хэдийн салшгүй холбоотой болчихсон. Энгийн жишээ дурдахад, CERN-ын LHC хурдасгуурт нэг секундэд дөрвөн терабайт (TB) дата цугладаг. Энэ аварга машин 2-3 жилийн турш тасралтгүй ажилладаг гээд бод доо. Жилд хэдэн секунд байдаг билээ. Тэгэхээр асар их хэмжээний өгөгдөл цуглардаг нь ойлгомжтой байх. Мэдээж тэр их датаг бүгдийг нь хадгалах боломжгүй. Тиймээс бид тусгай сонголтын алгоритмуудыг ашиглан, зөвхөн сонирхолтой өгөгдлүүдээ шүүж хадгалаад, хэрэггүйг нь орхидог. Ингэж шүүсээр одоогийн байдлаар CERN-ын нийт цуглуулсан дата мэдээллийн хэмжээ 1500 петабайт (PB)-д хүрээд байна. Ийм их хэмжээний датаг энгийнээр төсөөлбөл, тэр чигтээ хэмжилтийн тоон утгуудаас бүрдсэн асар том еxcel хүснэгтүүд гэсэн үг. Мөр, багана болгон нь дандаа тоонууд. Үүнийг хүний гараар, эсвэл механик аргаар боловсруулах боломжгүй учраас компьютер зайлшгүй шаардлагатай болдог. Тэр дундаа бидний өдөр тутамдаа ашигладаг ердийн компьютер, эсвэл зөөврийн нөүтбүүк (laptop) хаанаа ч хүрэхгүй. Хиймэл оюуны хөгжил физикийн суурь судалгааг шинэ түвшинд ахиулах боломжтой. Мэдээж хүний хөдөлмөрийг харьцангуй хөнгөвчилнө. Гэвч нөгөө талдаа хиймэл оюун ашиглаж буй хүнээсээ илүү ухаалаг, нарийн чадвартай байхыг шаарддаг. Жишээлбэл, өнөөх еxcel хүснэгтийг янзлах, датаг цэгцлэх зэрэг “хар хөдөлмөр”-ийг хиймэл оюун хэдхэн хоромд хийгээд өгчихнө. Харин эрдэмтэд түүнд зарцуулах цаг хугацаагаа өгөгдлийн цаад утга учрыг илүү гүн гүнзгий бодож, боловсруулахад ашиглана гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш том давуу тал, ирээдүйн нээлтүүдийн хөтөч гэсэн үг.
CERN-Д АЖИЛЛАДАГ ЭРДЭМТДИЙН ДУНДАЖ НАС 27
-Та ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Хүнд кваркийн судалгааны лабораторийг удирддаг. CERN-д хуримтлуулсан туршлагаасаа Монголын шинжлэх ухаанд заавал нутагшуулах юм сан гэж боддог зүйл бий юү?
-Миний хувьд CERN-ын судалгааны ажил хийх соёлыг эх орондоо нутагшуулахыг хүсдэг. Жишээлбэл, багаар ажиллах явцад асар их хэмжээний өгөгдлийг боловсруулахын тулд судлаач бүр код бичдэг шүү дээ. Тэрхүү салангид ажлуудыг нэгтгээд, нэгдсэн нэг системд оруулдаг тусгай программ хангамжийг тэнд ашигладаг. Үүгээр дамжуулан хэн юу хийж байна, тухайн судалгааны баг ямар үр дүн гаргасан бэ гэдгийг шууд харах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ бол технологид суурилсан багийн ажиллагааны маш том шийдлүүдийн нэг. Уг систем нь Монголд огт нутагшаагүй зүйл биш боловч манай эгэл бөөм, их энергийн физикийн салбарт нэг талаар шинэлэг зүйл л дээ. Миний хувьд монгол залуусаа тийшээ олноороо явж, ажиллаасай гэж хүсдэг. CERN-д дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуус ажилладаг. Судлаачдын дундаж нас нь 27. Маш залуухан хамт олон байгаа биз. Бид ярилцлагын эхэнд ертөнцийн үүслийн талаар маш төвөгтэй асуудлуудыг ярьсан болохоор хүмүүс ийм зүйл судалдаг эрдэмтдийг яагаад ч юм нүдний шилтэй, ахмад настай хүмүүсээр төсөөлөх нь бий. Гэтэл CERN-ын эдгээр нарийн судалгааг голчлон магистр, докторын оюутнууд, эсвэл докторын зэргээ дөнгөж хамгаалсан залуу эрдэмтэд хийдэг. Тиймээс монголчууд ирээдүйд тийшээ очиж, олон орны залуустай мөр зэрэгцэн ажиллах хэрэгтэй. Хүн гэрээсээ гарч, гадаадад ажиллаж үзэхээр харах өнцөг нь тэлж, аливаад хандах хандлага нь хүртэл өөрчлөгддөг юм билээ. Бусад орны залуусаас суралцахын зэрэгцээ өөрийнхөө давуу талыг ч олж харна. Энэ нь маш чухал.
ДУНДАЖ БОЛОВСРОЛЫГ ШАТ АХИУЛЖ БАЙЖ НИЙГМИЙН ОЛОН АСУУДАЛ АЯНДАА ШИЙДЭГДЭНЭ
-Монголд физик, суурь шинжлэх ухааныг залуу үеийнхэнд сонирхолтой байдлаар хүртээмжтэй хүргэхэд хамгийн их дутагдаж буй зүйл нь юу вэ?
-Нэгдүгээрт, санхүүжилт. Манай улсын эдийн засаг төдийлөн томорч бэхжээгүй учраас суурь судалгаа болон шинжлэх ухааны салбарт төсөвлөж буй мөнгө нь дэндүү бага байдаг. Үүнийгээ дагаад судлаачдын цалин хангамж ч муу. Мөн ямар нэгэн судалгааны шинэлэг санаа байлаа ч лаборатори байгуулах, баг бүрдүүлэхээс эхлээд тухайн төслийг авч явахад санхүүжилт нь хумигдмал. Мэдээж бүр төсөвлөхгүй бол биш. Гэхдээ АНУ, БНХАУ зэрэг шинжлэх ухаанаар тэргүүлэх оронтой харьцуулахад хаанаа ч хүрдэггүй нь үнэн.
Хэдийгээр эрдмийн ажил хийх нь тухайн хүний сонирхлын асуудал ч хүний наад захын хэрэгцээг хангадаг байх ёстой шүү дээ. Байр, хоолны мөнгөндөө санаа зовж, өнөө, маргаашаа хэрхэн аргацаахаа бодож суугаа хүнд би мянга ертөнцийн үүслийн талаар яриад яах юм. Тэр хүнд энэ бүхэн сонирхолтой санагдахгүй. Тиймээс судалгаа хийж буй эрдэмтэд, судлаачдынхаа ахуй нөхцөлийг хамгийн түрүүнд бүрэн шийдэх хэрэгтэй.
Өнөөдөр Монгол Улс ДНБ-ийхээ ердөө 0.2- 0.4 хувийг л шинжлэх ухааны салбарт зарцуулж байна. Гэтэл АНУ-д 3-4, Хятадад 5-7, Японд бараг таван хувийг энэ салбарт зарцуулдаг. Шинжлэх ухааны салбар нь богино хугацааны “тоглолт” хийдэг талбар биш. Боловсон хүчнээ бэлтгэж, лабораторио байгуулаад, тэндээс үр дүн гарч, бүтээгдэхүүн болох хүртэл багадаа 10-20 жил зарцуулдаг. Гэтэл манайд одоохондоо богино зайн “тоглолт” л хийж байна. Энэ бол “Би танайд 10 сая төгрөг өглөө, нэг жилийн дараа үүнийг 100 сая болгоод өг” гэдэгтэй адил утгагүй, боломжгүй зүйл. Суурь судалгаа бол бизнес биш. Тэгэхээр бодлого боловсруулж, төсөв баталдаг хүмүүст сэтгэлгээний өөрчлөлт хамгаас чухал байна. Суурь судалгаанд хөрөнгө “хаяж” байж л олон жилийн дараа үр шимийг нь хүртдэг жамтай.
Хоёрдугаарт, хүүхдүүд яагаад физикийг сонирхохгүй байна вэ гэдэг асуудал. Нийт суурь боловсрол буюу бага, дунд, ахлах, цаашлаад их, дээд сургуулийн боловсролын чанар, оюутнуудын чадавх, чансаа улсын дунджаараа сул байна. Бид олон улсын олимпиадад оролцож, шагнал хүртсэн цөөн хэдэн хүүхдийг хараад л алга ташиж, бахархдаг. Гэтэл тэд нийт сурагчийг төлөөлөх хэмжүүр биш. Тэгэхээр бүхэл бүтэн боловсролд реформ хийх асуудал болж хувирч байгаа юм.
Япон Улс яагаад цэцэрлэгээсээ эхлээд бүх шатны боловсролдоо асар их хөрөнгө оруулаад байгаа юм бэ. Хүүхдүүдийнхээ дундаж мэдлэгт тэгж их анхаардгийн гол шалтгаан нь дараа дараагийн мэргэжлийн боловсон хүчнийхээ “арми”-ийг бэлдэж буй хэрэг. Чадавх муутай сурагч чадваргүй оюутан л болно. Чадавх сул оюутан их сургуулиа яаж ийж байгаад төгслөө гэхэд чадваргүй мэргэжилтэн л болж хувирна. Тэгэхээр өнөөх компани нь тэр хүнийг ажлын байранд нь дахиж сургана. Бүгдийг эхнээс нь заахаас өөр замгүй. Энэ болгонд цаг хугацаа алдана. Цаг хугацаа бол мөнгө шүү дээ. Тиймээс цэцэрлэгээс эхлээд бүх шатандаа бодлогын том өөрчлөлт хийх цаг хэдийн болсон. Нийт хүүхдийнхээ боловсролын дундаж түвшнийг шат ахиулах хэрэгтэй. Тэгсэн цагт манай нийгмийн нэлээд олон асуудал хүссэн, хүсээгүй аяндаа шийдэгдэнэ. Энэ бол зөвхөн физикийн салбарын бус, улсын нийт боловсон хүчний асуудал болчхоод байна.
У.Цэцэг