“Гутал муут гурвын доор”, “Сайн гутал сайхан газар хүргэнэ” хэмээн монголчууд ярьдаг. “Армон” компанийг үүсгэн байгуулагч С.Мөнхбатын хувьд гутал урлана гэдэг зүгээр нэг ажил бус, амьдралынх нь утга учир, үнэ цэн болжээ. Хүүхэд насандаа өмсөх гутлаар дутаж өссөн тэрбээр өдгөө хүний хөлд тухтай, эрүүл мэндэд ээлтэй бүтээл урлах эрхэм зорилго тээн, энэ салбарт 39 жилийн турш тууштай хөдөлмөрлөж яваа нэгэн. Италийн мастеруудаас суралцсан арга технологи, олон жилийн баялаг туршлагаа бүтээл бүрдээ шингээдэг түүнтэй чанартай хийцийн үнэ цэн болон зөв гутал сонгох соёлын талаар ярилцлаа.
-Таныг амьдралынхаа 40 орчим жилийг гутал урлахад зориулсан гэж сонссон. Чухам яагаад энэ мэргэжлийг сонгох болсон нь сонирхолтой санагдлаа.
-Хүүхэд байхдаа өмсөх зүүхээр дутуу дулимаг, ер нь л гутал муутай өссөн. Найз нөхөд, танилуудаасаа гуйж өмсөх нь энүүхэнд. Аавын дүү заримдаа манайд ирэхээр гутлыг нь нууцаар өмсөөд л гараад гүйчихдэг сэн. Ядаж байхад тэр нь эмэгтэй гутал. Араас эгч минь “Мөнхөө, наад гутлаа аваад ир” гээд хашхичих нь холгүй үлдэнэ.
Тэгэхээр дутуу дулимаг өссөн нь намайг эл салбар луу хөтөлсөн байж магадгүй. Нэг л мэдэхэд би гуталчин болчихсон байв. Үнэндээ багаасаа мөрөөдөж, төлөвлөсөн мэргэжил биш ч, амьдралын явцад энэ ажлынхаа дөрийг олж, арга техникийг нь суралцсаар 39 жил болжээ.
Хамгийн анх өөртөө зориулж хятад шаахай урласан юм. Сэтгэлдээ нийцтэл гайхалтай гоё гуталтай болсон учраас урам зоригоор бялхаж, найзууддаа захиалгаар хийж өгдөг боллоо. Зах дээр тийм шаахайг 150 төгрөгөөр зардаг байв. Харин би найзууддаа 50 төгрөгөөр урлаж өгнө. Тэр үеийн 50 төгрөг гэдэг чамлахааргүй их мөнгө байлаа шүү дээ.
-Хэзээнээс ботинк болон өвөрмөц загвартай гутал урлах болов?
-Шаахайгаа амжилттай хийсэндээ урамшиж, төд удалгүй илүү нарийн хийцтэй ботинк урлаж үзэхээр шийдсэн. Тухайн үед үйлдвэрлэлийн арга барил битгий хэл, колотк буюу хэвлүүр гэж мэдэхгүй. Аргаа барахдаа өөрийнхөө хөлийг хэв болгон ашиглаж, хамбан материалаар ботинкныхоо түрийг оёод, хөл дээрээ шууд татаж тааруулав. Бас гутлын үйлдвэрт ажилладаг нэгэн танилаараа бэлэн цагаан ул нууцаар олуулаад, доор нь наачихлаа. Ингэж чамин хэрнээ чанартай, гоё гуталтай болсон.
Найз минь нэг өдөр “Ямар чамин эд вэ, хаанаас авав” гэж асуусан. Өөрөө хийснээ хэлтэл тэрбээр ихэд гайхав. Түүний ах, дүү нар гутлын үйлдвэрт ажилладаг учраас надаас хэрхэн хийсэн тухай лавшруулсан. Би ч хөлөн дээрээ хэлбэржүүлж байгаад л улыг нь наачихсан, загварыг нь өөрөө зохиогоод оёчихсон гэдгээ хэлтэл “Уг нь үүнийг колотк буюу тусгай хэвлүүр ашиглаж хийдэг. Би чамд тусалъя” гээд 37 размерийн эмэгтэй гутлын модон хэвлүүр авчирч өгсөн юм.
Ингээд хэвлүүртэй болчихлоо, үүгээр юу урлаж болох талаар нэлээд бодсон. Тэгээд нэг танилаасаа хуучирч элэгдсэн жийнсэн өмд аваад, шинэ санаа туршихаар шийдэв. Жийнсээ үрчийлгэж байгаад гараараа бөхлөн оёж, одоогийнхоор бол цайруулагч (белизна) ашиглан ширүүн сойзоор үрлээ. Оёсон утаснуудаа таслаад, даавуугаа буцааж тэнийлгэхэд үрчлээстэй хэсгүүд нь яг л тухайн үед моодонд орж байсан “чанамал” жийнс шиг болсон. Ингээд өнөөх даавуугаараа эмэгтэй гутал урлалаа. Үнэхээр чамин, нүд булаам гутал болсон. Тэгэхээр нь баярласандаа хэвлүүрээ сугалаад автал өнөөх сайхан гутал маань юу ч үгүй нурмайгаад, хэлбэрээ алдчихдаг байгаа. Баярласан сэтгэл минь хоромхон зуурт гомдлоор солигдож, сонин мэдрэмж төрж билээ.
Найзаасаа учрыг нь бушуухан лавлатал “Даавуун гуталд заавал хамрын хатуулга, зуузай хийж байж хэлбэрээ барьдаг юм” гэсэн. Дахиад л найзаасаа тусламж авч, шаардлагатай хатуулга, зуузайг нь олж хийгээд гутлаа бэлэн болголоо. Ингээд гутлаа борлуулахаар “Нарантуул” захыг зорив. Тухайн үед хүмүүс үндэсний үйлдвэрлэлээс илүү гадаад барааг шүтдэг байсан тул Монголд хийсэн гэвэл хүн тоохгүй байх гэж эмээгээд, “Чехээс ирсэн гутал 150 төгрөгөөр зарна” гээд хэлчихлээ. Тэгтэл хүмүүс шууд л “шуурчихсан”. Гаргаж тавиад удаа ч үгүй байтал эхний үйлчлүүлэгч худалдаад авчихлаа. Тэр мөчид л наймааны амтанд орж билээ.

-Тэгвэл энэ хугацаанд дэлгүүр, захаас бэлэн гутал худалдаж авч өмсөж байв уу?
-Үгүй, нэг ч удаа өмсөж байгаагүй. Бүгдийг нь өөрөө урладаг. Аливаа зүйл хүнд дадал болдог шиг, би ч өөрийнхөө хөлд тааруулж хийсэн гуталдаа бүрэн дасчихсан хэрэг л дээ.
-Та яг одоо ямар гутал урлаж байна вэ?
-Уламжлалт хийцийн, нугалаастай хромны захиалга авчихсан, арьсаа хэвд нь оруулахаар зэхээд л сууж байна. Манайхны хэлж заншсанаар “гармоошкитой хром”.
“ГАР ХИЙЦИЙНХ ЧАНАРТАЙ, МАССЫНХ ЧАНАРГҮЙ” ГЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ
-Загвар, эскизээ гаргаж, зурахаас эхлээд гутал бүтээх явц цаг хугацаа, чимхлүүр хөдөлмөр их шаарддаг юм билээ.
-Хөндлөнгийн хүмүүс бэлэн хэвд цутгаад, эсвэл хэдхэн оёод л гутал бэлэн болчихдог мэтээр ойлгодог талтай. Гэтэл бодит байдалд маш нарийн ажил шүү дээ. Хамгийн түрүүнд хаанаа ямар оруулгатай, ямар дизайн хийх вэ гэдгээ толгойдоо зураглана. Дараа нь хатуулгыг нь хаана байрлуулж, пропорцыг нь хэрхэн тааруулахаа нарийн тооцоолно. Ингээд санаагаа цаасан дээр буулгаж, түүнийгээ өнөөх модон хэвлүүртээ тохируулан үндсэн дундаж хэмжээг нь гаргаж ирдэг. Үүний дараа л сая нэг эсгүүр буюу жинхэнэ эскиз бэлэн болдог. Хэмжээ, харьцааг нь зөрүүгүй тааруулсны эцэст арьсаа эсгэж, оёх ажилдаа ордог доо.
Захиалгын гутлын үнэ цэн нь зөвхөн тухайн хүнд зориулсанд оршдог. Үйлчлүүлэгчийнхээ хөлийн урт, өргөн, тавхай гээд хэмжээг нь нэгбүрчлэн авна. Үндсэн хэвлүүрээ тухайн хүний хөлийн онцлогт тохируулан энд тэндээс нь нэмж, хасаж, засаад гутлаа урлаж эхэлдэг. Харин массын гутал бол дундаж стандартад баригддаг. Урьдчилан бэлтгэсэн нэг хэв, нэгэн ижил эсгүүрээр олноор нь үйлдвэрлэдэг гэсэн үг.
Гэхдээ “Гар хийцийнх нь чанартай, массынх нь чанаргүй” гэж шууд дүгнэх нь өрөөсгөл ойлголт. Үйлдвэрийнх, эсвэл гар хийцийн гэдгээсээ илүү тухайн гутлыг ямар материалаар, хэрхэн урласнаас л чанар нь шалтгаална. Чанартай түүхий эдээр, технологийн горимыг нь ягштал баримталж, сэтгэлээ шингээж хийсэн бол үйлдвэрийн гутал ч эдэлгээ сайтай, чанартай л байдаг.
-Гутал урлах бүхий л шат дамжлагаас хамгийн их ур ухаан, ажиллагаа шаарддаг хэсэг нь аль вэ?
-Бараг 40 жил энэ ажлыг хийгээд гаршчихсан болохоор ч тэр үү, надад яг тэр гээд онцлоод хэлчихмээр хүндрэлтэй зүйл байдаггүй. Хэдий нарийн ажиллагаатай ч гэлээ гарт орчихдог юм байна. Харин залуу дүү нарынхаа яриаг сонсоход шинэ загвар, шинэлэг эскиз зохиох нь хамгийн ярвигтай, толгой гашилгасан ажил болдог гэцгээдэг.
Миний хувьд 1990-ээд онд Италид очиж ажиллах үедээ гутал урлах арга, технологийг суралцсан. Тэнд насаараа гутал хийсэн зургаан итали мастертай хамт ажиллах хувь тохиож, тэднээс маш их зүйл сурч билээ. Тухайн үед би дөнгөж 23-хан настай залуу байлаа. Хүний алхаа ямар байх ёстой, ямар загвар хэлбэрээр гутлаа хийвэл хөлд хамгийн тухтай байдгийг тэднээс сурсан.
-Нэг хос гутлыг ойролцоогоор хэр хугацаанд урладаг бол?
-Би гурван жил гаруйн өмнө гэнэт харвасан. Түүнээс хойш унаж татдаг болчихсон юм. Бие эрүүл, гар хөнгөн байхад нэг хос гутлыг өдөртөө өлхөн урлачихдаг байлаа. Харин одоо биеийн байдлаас шалтгаалаад хуучин шигээ хурдан хөдөлж чадахаа больжээ. Дунджаар гурав хоногт нэг гутлын ард гарч байна. Чимхлүүр ажиллагаа ихтэй загвар бол бүтэн долоо хоногийг ч зарцуулах үе бий.
-Таны сүүлд урласан монгол хэв загвартай хэрнээ өсгийтэй гутлыг хүмүүс их дуртай хүлээж авч байх шиг санагдсан.
-Ойрд цахим орчинд хиймэл оюунаар бүтээсэн, монгол гутлын хэв шинжийг агуулсан атлаа өндөр өсгийтэй чамин гутлын зураг олныг шуугиулж харагдсан юм. Тэгэхээр нь үүнээс санаа авч, өндөр өсгийтэй, орчин үеийн загвартай хэрнээ монгол гутал урласан.
Ингэхдээ оригинал итали хэвлүүр ашигласан юм. Ер нь барууныхан зөвхөн гутал гэлтгүй машин техник, технологи зохион бүтээхдээ хүний биеийн анатоми, тав тухыг нэн тэргүүнд тавьдаг улс шүү дээ. Дараа нь харагдах үзэмж, дизайнаа боддог. Тэр дундаа итали хэвлүүр гэдэг хүний хөлийн хамгийн зөв хэлбэрийг гаргаж чаддагаараа гайхалтай. Хэдэн ч цаг алхсан хөл цуцахгүй, өвдөхгүй, тав тухыг дээд зэргээр мэдрүүлдгээрээ онцлогтой.
-“Гоо сайханд золиос хэрэгтэй” гэдэг дээ. Өсгийтэй гутал угаасаа л хөл өвтгөдөг, үүнийг тэвчихээс өөр аргагүй гэж боддог бүсгүйчүүд олон бий шүү дээ.
-Ийм өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Гэтэл бодит байдалд өдөржин өмсөөд, хэдэн километр алхсан ч хөлийг тань тухгүйдүүлэхгүй, огт өвтгөхгүй “суудаг” үнэхээр тухтай гутал гэж бий. Ялангуяа өсгийтэй гутал худалдаж авахдаа заавал өмсөөд, дэлгүүр дотор 5-10 минут алхаж үзэх хэрэгтэй. Гишгэлт нь жаахан л далий байвал, эсвэл хөлийн улны хотгор хэсэг гутлынхаа нумтай яв цав наалдаж өгөхгүй бол хөл амархан цуцаж, өвддөг. Нум нь яг таарч байж л хүн өсгий дээрээ тэнцвэртэй зогсож, удаан өмсөх боломж бүрдэнэ.
Манай зах зээл дэх гутлын дийлэнхийг урд хөршөөс оруулж ирж байна. Үнэнийг хэлэхэд мөнгө улаан, нүд цагаан гэгчээр зөвхөн ашиг олохыг урьтал болгож, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гутал зарах нь олширчээ. Ер нь хүний биеийн анатоми, эрүүл мэндэд зориулж урласан стандарт гутал ховордсон. Хөлийн уланд хүний биеийн бүхий л дотор эрхтний мэдрэлийн цэгүүд байдаг гэдэг. Чанаргүй гутал өмсвөл бөөр, нурууны эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Тиймээс эрүүл мэндээ бодсон ч цэвэр арьсан гутал өмсөж хэвших нь зүйтэй. Хүмүүс төдийлөн анзаардаггүй, ойшоодоггүй л болохоос биш гутал бол хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой эд. 1990-ээд оноос хойш Хятадын чанаргүй, хямд гутлыг олон жил өмссөн хүмүүсийн дунд элэг, бөөр, нуруу, давсагны өвчлөл маш их байна. Миний хувьд багаасаа л хадаастай, дуураймал арьсан гутал өмсөөгүй болоод ч тэр үү, нуруу, бөөр чилж өвдөх зовуурь байхгүй.

ГУТЛЫГ НҮДЭЭРЭЭ БИШ, ХӨЛӨӨРӨӨ МЭДЭРЧ СОНГОХ ХЭРЭГТЭЙ
-Мэргэжлийн хүний үүднээс гутал худалдан авахдаа хамгийн түрүүнд юуг нь анхаарвал зохистой талаар зөвлөхгүй юү?
-Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй, гутал худалдаж авахдаа дээр дурдсанчлан хамгийн түрүүнд зөвхөн нүдээрээ биш, хөлөөрөө мэдэрч сонгох хэрэгтэй. Дэлгүүрт очоод зүгээр нэг өмсөж үзээд зогсох биш, багахан ч гэсэн алхаж, холхиж үзэх нь хамгийн чухал. Тухайн гутал хөлийн тавхай, өсгий, хуруунуудад хэр зэрэг тухтай, эвтэйхэн сууж байгааг заавал шалгаарай.
Түүнээс биш гаднаасаа үнэхээр чамин, гоёмсог хийцтэй, нүд булаам байлаа ч хөлд таарамжгүй, тухгүй бол дэмий. Өмсөөд гарахад 50 метр ч алхаж чадахгүй хөл өвтгөөд байвал хэцүү. Анх өмсөж үзэхэд л ямар нэг байдлаар багахан ч гэсэн тухгүй, хавчиж байгаа мэт мэдрэмж төрвөл тэгээд л буруу сонголт гэсэн үг. Хүний эрүүл мэнд, өдрийн бүтээмж гэдэг ердөө л хөлийн тухтай байдлаас, зөв гутал сонгохоос эхэлдэг юм шүү дээ.
Стандарт хийц гэж чухал зүйл бий. Хүмүүс надаас хийцийг нь хэрхэн таних вэ гэж байнга асуудаг. Өнөөгийн нөхцөлд гаднаас нь хараад ялгахад улам л хэцүү болж байгаа учраас заавал өмсөж үз л гэж зөвлөнө. Анхнаасаа л хөлд тун чиг эвтэйхэн, зөөлөн байвал зөв хийцтэй, стандартад нийцсэн гутал гэсэн үг.
-Тэгвэл хэрэглэгчид цэвэр арьс болон дуураймлыг нь хэрхэн ялгаж сурах вэ?
-Орчин үед технологи нь дэндүү нарийссан учраас хүмүүс цэвэр арьс болон дуураймлыг нь ялгаж чадахаа байжээ. Үнэндээ 40 жил гутал урласан би хүртэл заримдаа ялгахад бэрх болдог. Материал цуглуулахаар Гуанжугийн зах дээр очиход яг адилхан харагдаж, ижилхэн мэдрэгдэж буй арьснууд үнийн хувьд асар их зөрүүтэй байх жишээтэй. Тэгвэл үүнийг ялгах хамгийн энгийн бөгөөд шалгарсан арга нь гараараа мэдрэх юм. Гутлын гадаргуу дээр алгаа тавиад үзэхэд лидрин буюу хиймэл арьс хүйтэн оргидог. Харин цэвэр арьс бол гараа тавих төдийд хүний биеийн дулаантай уусаж, бүлээн мэдрэмж төрүүлдэг онцлогтой.
У.Цэцэг