Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо энэ сарын 15-19-нд болсон Гардан тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, гайхамшигтай амжилт гарган, дэлхийн аварга болсон ДХИС-ийн сонсогч Сүрэнжавын НандинЭрдэнэ хэмээх шавилхан охинтой уншигч та бүгдийг танилцуулж байна. Эх орондоо ирээд удаагүй байгаа түүнтэй ярилцлаа.
-Гардан тулааны дэлхийн аварга болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Төрийн дууллаа эгшиглүүлсэнд тань баяр хүргэе. Нэг жаахан охин аварга болжээ гэхээс өөр мэдээлэлгүй байлаа. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн 328 дугаар дамжаанд суралцдаг. Дотоодын цэргийн салбарын офицерын анхны эмэгтэй сонсогч. Удахгүй хоёрдугаар курсээ төгсөнө. Сургуулиа төгсөөд Дотоодын цэрэгт ажиллана.
-Тулааны спортоор амжилт гаргасан эмэгтэйчүүд багадаа их эршүүд, банди нартай ноцолдсон, тоглодог байсан тухайгаа ярьдаг. Чи бас тэгж өссөн үү?
-Банди нартай зодолдсон, ноцолдсон тийм сахилгагүй охин бол байгаагүй ээ. Хоёр ахтай, тэдэнтэйгээ тоглож өссөн. Ах нарынхаа “Гараар орсон” хүн чинь яаж зүгээр байх вэ. Ер нь бол хэрийн юманд бууж өгөх дургүй, нэлээд шартай охин байсан.
-Говь-Алтайн хүүхэд гэв үү?
-Тийм ээ, Шарга суманд төрж, өссөн. Аав, ээж маань сумандаа мал маллаж суугаа. Манайх хонь, ямаа, үхэр голдуу малтай. Говийн халуун, ялаа, шумуулаас хүн, малгүй хол байх гэж ууландаа зусдаг. Хонь, ямаагаа хариулах, хотлуулах гэж тэр өндөр уул руу өдөртөө хэд өгсөж, уруудна шүү дээ. Ингэсний хүчинд хөл, гар чангатай болсон юм болов уу.
-Сумандаа дунд сургуулиа төгссөн үү, багадаа ямар спортоор хичээлэж байв?
-Аймгийн төвийн II дунд сургуулийг дүүргэсэн. Сурагч байхдаа спортоор нэг их хичээллэж байсангүй. Волейбол муугүй тоглочихдог. Спорт гэхээсээ шүлэг уншдаг, ятга тоглодог, урлагт сонирхолтой.
-Тийм үү, тэгээд урлагийн хүн бололгүй, банди нар голдуу байдаг цэргийн сургууль сонгосон нь сонирхолтой юм.
-Манай удамд цэргийн мэргэжлийн, тэр тусмаа офицер хүн байхгүй. Яагаад ч юм надад цэргийнхний эмх цэгцтэй байдал, өмссөн дүрэмт хувцас нь хүртэл их гоё харагддаг байсан. Энэ бүхэн нөлөөлсөн юм болов уу, дунд сургуулиа дүүргээд, ДХИС-ийг сонгосон.
-Цэргийн сургуульд ирээд гардан тулааны спорт сонирхсон уу. Та нарын сургалтын хөтөлбөрт угаасаа байдаг биз дээ?
-Байлдааны самбо хоёрдугаар курсээс эхэлж ордог. Гардан тулааныг сонирхох болсон нь бас учиртай. Нэгдүгээр курст суралцаж байхад сургуулийн аварга шалгаруулах боксын тэмцээн боллоо. Эмэгтэй тамирчин цөөн байсан, манай ангийнхан “Чи ор, чадаж магадгүй” гэж ятгасаар байгаад рингэнд анх гарч, боксын бээлий өмсөж үзсэн. Тэгээд яах вэ дээ, нэгэнт зөвшөөрсөн хүн чинь өрлөө. Юу ч болоод байгааг мэдээгүй, баахан цохиулж, ухаан алдахдаа тулж, тэр цаг нь хурдан дуусаасай л гэж бодсон. Миний орсон жинд цөөхөн тамирчинтай, зодуулаад байсан хэрнээ л хүрэл медаль авчихдаг юм даа. Рингэнээс буугаад “Дахиж бокс гэж солиорохгүй юм шүү” гэж өөртөө хэлсэн. Тэмцээнээс хойш зодуулж байсан маань санагдаад болдоггүй ээ. “Ер нь би бусдаас юугаараа дутуу юм. Адилхан л хөл, гартай юм чинь” гэсэн бодол төрсөн. Тэгээд өөрийгөө бэлдсэн гэх үү дээ, бага багаар бэлтгэл хийж байгаад дараа жилийн тэмцээнд орж, алтан медаль авсан. Энэ тэмцээний дараачаас хичээвэл болох юм байна гэсэн урам авсан. Тэгж байтал манай сургуулиас зохион байгуулдаг гардан тулааны “Сонсогчийн алдар” тэмцээн болох тухай зар гарчээ. Энэ тэмцээнд оролцох санал ирлээ, манай ангийнхан “Чамд боломж байгаа, чи оролц” гээд л. Гэхдээ би оролцоогүй, үзсэн. Тэмцээний дараа “Би яагаад тулалдаж болохгүй гэж” гэсэн бодол намайг эзэмдэж, өөрийгөө хамгаалах бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэл хийж эхлэхдээ гардан тулааны тэмцээн уралдаанд оролцох биш, удахгүй байлдааны самбогийн хичээл орно, шалгалтдаа уначихгүй шиг болох, цаашлаад ядаж өөрийгөө хамгаалж суръя л гэж хичээсэн. Ингэж байтал өнгөрсөн хоёрдугаар сард нэг тэмцээн боллоо. Тэр тэмцээнийг үзэж, мундаг тамирчдыг хараад “Өөрийгөө хамгаалах, зодуулчихгүй шиг байх нь хангалтгүй юм байна. Эдэн шиг тамирчин болж яагаад болохгүй гэж. Бэлтгэлээ шаргуу хийж, сайн тамирчин болох зорилго тавьж, оргилд нь хүрье” гэсэн эрмэлзэл надад суусан.
-Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шаргуу бэлтгэл хийсэн гэхээр үндсэндээ дөрөвхөн сар л болж шүү дээ. Ийм богино хугацаанд бэлтгэл хийгээд олон улсын, тэр тусмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гэхэд гайхалтай санагдаж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд эх орондоо олон шалгуур давсан байлгүй.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эрчимтэй бэлтгэл хийж байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй, улсын аварга шалгаруулах тэмцээн товлосон хугацаанаасаа хойшлоод л байсан. Гэтэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт эхэлсэн дуулдсан. Миний бэлтгэл боломжийн байсан юм байлгүй, багш маань, бас сургуулийн удирдлагаас “Чи энэ тэмцээнд оролцох уу, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэдэг чиний хувьд туршлага хуримтлуулах сайхан боломж, эндээс их юм сурч ирнэ шүү” гэдэг санал тавьсан. Би шууд л зөвшөөрсөн.
-Өөрт чинь гардан тулаан заадаг багш, дасгалжуулагч чинь хэн гэдэг хүн байна.
-Манай сургуулийн Албаны бэлтгэл, “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаяр миний багш.
-Тэмцээнд хэдүүлээ явав?
-ОХУ-д гардан тулааны өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн давхцаад, манай ихэнх бүрэлдэхүүн тийшээ явсан. Бишкек рүү эмэгтэйчүүдээс би ганцаараа, Монголын гардан тулаан, хамгаалалтын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Алтангэрэл багш дасгалжуулагчаар явсан. Бид хоёртой хамт ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хууль зүйн дээд сургуульд үндэсний аюулгүй байдлын эрх зүйн чиглэлээр гуравдугаар курст суралцаж буй байлдааны самбо, гардан тулааны ОУХМ, ахлах дэслэгч Ц.Төгсболд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор зам нийлсэн. Ц.Төгсболд ах тулааны төрлийн 73 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн.
-Бишкект хэдэн орны, хэчнээн тамир чин ирсэн бэ. Өөрөө хэдэн кг-ын жинд өрсөлдөв?
-Дэлхийн 24 орны 200 гаруй тамирчин оролцсон тэмцээн боллоо. Би тулааны төрөлд -48 кг-ын жинд тулалдаж хүрэл, өөрийгөө хамгаалах төрөлд 58 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль авч, дэлхийн аварга болсон.
-Жин өгсөж тулалдсан юм уу?
-Энэ төрөлд хамгийн бага жин нь 58 кг байсан. -Хэчнээн орны тамирчидтай гар зөрүү лэв. Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь аль улсынх байсан бэ? -Миний жинд, тулааны төрөлд 11 улсын тамирчид байсан. ОХУ, Казахстан, Узбекстан, Тажикистан, Турк гээд. Надаас бусад нь олон улсын тэмцээн уралдаанд нэг бус удаа оролцчихсон тамирчид байсан.
-Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, томчуудтай гар зөрүүлж үзэлгүй, анх удаа гадаадад тэр тусмаа шууд л дэлхийн аваргад өрсөлдөнө гэдэг амаргүй байсан байх. Олон улсын тэмцээнд хэд хэд оролцсон туршлагатай тамирчин хүртэл сандарч тэвдэх нь байдаг. Өөрт тань хамгийн түрүүнд юу мэдэгдэв?
-Жиндээ орохоос эхлээд олон зүйлд тэвддэг юм байна.
-48-д өрсөлдөх мэдүүлгээ өгсөн байсан. Жингээ үзтэл 50 кг болчихож. Хоолоо сойж, хөлсөө гаргаад, бэлтгэл хийгээд байгаа хэрнээ л буудаггүй. Жингээрээ хасагдчих вий гэж их айсан. Гээд яах вэ дээ, хоёр хоног өөртэйгөө тэмцсэн. Тэрний хүчинд шийдвэрлэх мөчид жиндээ багтсан. Улсаа төлөөлөөд ганцаараа очиж байгаа, олон хүний итгэл хүлээсэн тул ухрах зам байгаагүй. Медаль авдаггүй юм аа гэхэд нэг ч гэсэн тулаанд ялж, өрсөлдөгчдөдөө илт давуугаар ялагдчихгүй, уначихгүй юмсан гэсэн зорилго тавьсан. Огцом жин хассан, ачаалалтай бэлтгэл хийсэн тул нэлээд сульдсан, хүч тааруу байгаагаа мэдсэн. Гэхдээ үүнийгээ өрсөлдөгчдөдөө мэдэгдэхгүй, өөрөө сэтгэл зүйгээр хямрахгүй байхыг хичээсэн. Бие сул байна даа гээд бодох юм бол сэтгэл зүйгээр дорхноо яваад өгнө шүү дээ. Тиймээс би ердийн үеийнх шигээ байна, хүч, хурд хэвийн байна, хэнтэй ч яс үзнэ, энэ хүртэл явсан зорилгоо биелүүлнэ гэсэн бодолтой өрсөлдсөн. Тамирчид нь ялсан улсуудын төрийн дуулал эгшиглээд, дэмжигчид нь танхим дүүрэн орилох ямар гоё байдаг юм бэ. Би маргааш өрсөлдөнө, энэ танхимд Төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа бариад зогсох юм шүү гэсэн бодол намайг хурцалсан. Мөрөөдлөө биелүүлсний дараа үнэхээр огшдог юм билээ.
-Өөрийгөө хамгаалах төрөлд дэлхийн аварга болсон. Энэ төрөл нь яадаг юм бэ, контакттай байдаг уу?
-Хамтрагчтайгаа гардаг, өөрийгөө хамгаалах техникүүдийг үзүүлдэг. Жишээ нь, гудамжинд явж байхад чинь зэвсэгтэй, зэвсэггүй гэмт хэрэгтэн халдвал, гэнэт ар, өврөөс чинь бариад авбал яах вэ. Барьцнаас нь нь хэрхэн чөлөөлөгдөх вэ, уг этгээдэд ноцтой гэмтэл учруулахгүйгээр яаж баривчлах вэ гэдэг ч юм уу. Хамгаалалтын техникүүдийг үзүүлдэг.
-Тэгвэл тулааны төрөл нь ямар байх уу?
-Өрсөлдөгчтэйгээ шууд тулна, эсрэг тамирчныхаа нүүр амыг гэмтээж болохгүй. Бусдаар бол гардан тулааны бусад спорттой яг адилхан, хөл, гарын техник, унагах, өчнө, бооно гээд. -Хамгийн ширүүн өрсөлдөгчид аль улсын тамирчид байв? -Оросын тамирчид, техник маш сайтай. Бокс, самбо, жүдо суурьтай, түүгээрээ амжилт гаргачихсан мундаг мундаг тамирчид ирсэн байсан. Тэглээ гээд тэднээс нэг их сүрдээгүй. Хөгжөөн дэмжигчид нь тамирчдаа дэмжиж орилолоод л. Гэсэн ч тэднийг би ялсан. Монголоос ганцаараа ирсэн нэг охинд дөрөв, тавуулаа зодуулчихлаа гээд оросууд, багш, дасгалжуулагчид их ууртай байх шиг байсан. Мөнгөн медаль авсан тамирчин эмэгтэй уйлаад, надад их муухай ааш гаргасан. Орос хэл мэддэг байсан бол бүр шарыг нь малтмаар санагдаж байсан шүү.
-Гадаадад тэмцээнд явахад зардал мөнгө их гардаг. Ийм асуудал тулгарав уу, яаж шийдэв дээ?
-Олимпын бус төрөл болохоор улсаас нэг их хөрөнгө мөнгө гаргадаггүй юм байна. Холбооноос зарим зардлыг шийдэж өгсөн. Ирж, очих зардлаа өөрөөсөө гаргасан.
-Цаашдаа гардан тулаанаараа тууштай хичээллэх үү?
-Эмэгтэйчүүдээс гардан тулааны аваргын анхны бүсийг эх орондоо авчирлаа. Энэ спортоор тууштай хичээллэх урам, зориг орсоон. Цолоо, бүсээ хамгаална гэдэг маш том үүрэг, хариуцлага ирж байна.
-Танай сургуульд гардан тулаанаар хичээллэдэг чамаас өөр эмэгтэй сонсогч бий юү?
-Байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх сургуулийн гуравдугаар курсын сонсогч, дэд түрүүч Намжилмаа гэж мундаг эгч бий. Энэ хүнийг харж, чамгүй суралцдаг, түүн шиг тамирчин болох юмсан гэж хичээдэг дээ.
-Дэлхийн аварга болоод ирэхэд ямар сэтгэгдэл төрж байх юм.
-Тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тухайгаа сургуулийн захиралдаа орж илтгэсэн. Уулзсан хүн бүр баяр хүргээд, хамт олноороо хүндлүүлнэ гэдэг их гоё мэдрэмж байдаг юм байна.
Д.Заяабат