Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Хоёр хотын хооронд жороолж амьдарч байна”

 

ОХУ-ын Кострома хотын, мужийн захирагчийн дэргэдэх симфони найрал хөгжмийн виолончельч Г.Түмэнжаргал, Т.Аззаяа нар болон тэдний охин Т.Удвалтай ярилцлаа. Өдгөө 12 настай охин виолончель хөгжмөөр Оросын оркестртой гоцолж тоглосон бичлэгийг интернэт дэх бичлэг харж, чадварыг нь үнэлснээр аав, ээжтэй нь холбоо барьж, зун Монголдоо ирэхэд нь уулзахаар болзсон юм. Тэд манай редакцад гурав хоногийн өмнө зочлов. 2015 оноос хойш Москвад суралцаж, ажиллаж, амьдран, охиноо өсгөн хүмүүжүүлж, хөгжимчин болгохоор зорьж буй залуу хос гурван жилийн дараа Монголдоо дахин саатсан нь энэ. Бид ийнхүү ярилцсан юм.

-Та гурав наадмын эхний өдөр эх орондоо иржээ. Өмнө нь ирж амжсангүй юу? 

Т.У: -Уг нь долдугаар сарын 8-нд ирэх гэж байсан юм. Онгоцны тасалбараа ч авчихсан байлаа. Гэтэл яг тэр өдөр Кострома хотынхоо төв талбайд би концертод тоглох болоод явахаа хойшлуулчихсан. 

-Тэнд ямар концерт болсон юм бэ? 

-Т.А: -Хотын захиргаанаас Олон улсын гэр бүлийн өдөрт зориулсан гала концерт зохион байгуулсан. Их театрын дуучид ч очсон. Өмнө нь тус улсын Соёлын яамны нөлөө бүхий хүн манай охиныг оркестртой тоглохыг сонссон байж л дээ. Тэрбээр охиныг нэгдсэн тоглолтод оролцуулбал ямар вэ гэж санал болгосон юм билээ. Улсдаа цуутай уран бүтээлчид ээлжилж тайзнаа гараад л. Тэдний дунд манай охин тоглоход сүрдмээр байлаа. 

-Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ? 

-Маш гоё. Хүмүүс баяр хүргээд байдаг. Гэтэл бид Москва руу яараад байсан болохоор хэнтэй ч тухтай уулзаж чадаагүй. Тэр шөнөө Улаан-Үд рүү нисэж ирээд, наашилсан юм. 

-Охин сайн тоглодог юм билээ. Хаана суралцаж байна вэ? 

-Виолончелийн мэргэжлийн хувьд одоо Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийн дэргэдэх Хүүхдийн хөгжмийн дунд сургууль (Детская музыкальная школа)-д суралцдаг. Мэргэжлийн багш нь охинд долоон настайгаас нь дөрөвдүгээр анги төгстөл нь заасан профессор хэвээрээ. Тэр хүн бол хойд хөршийн Ардын жүжигчин, Гнесиний нэрэмжит Оросын хөгжмийн академийн тэнхимийн эрхлэгч В.Тонха. Учир ургасан юм аа. Танд ойлгогдохоор ярихыг хичээе. Охин долоотойдоо сургуульд орохдоо Гнесиний нэрэмжит мэргэжлийн хөгжмийн сургуульд шалгалтаар тэнцэж, элсэн ороод, дөрөвдүгээр анги төгстөлөө суралцсан. Гадаад хүүхэд тул тавдугаар ангид орох жилээс сургалтын төлбөр төлж, үргэлжлүүлэн сурах болсон. Бид үүнийг төлж барахгүй байсан тул өөр сургууль руу шилжүүлсэн юм. Хэдийгээр төлбөрийн асуудлаас болоод мэргэжлийн хөгжимчин бэлтгэдэг сургуульд сурах боломжгүй болсон ч багш нь хэвээрээ тул нэг талаар их сайн. 

-Ур чадварыг нь үнэлдэг болохоор охинд тань багш нь үргэлжлүүлэн хичээл зааж, хөгжимчин болгохоор шийдсэн юм болов уу? 

-Тийм байх. Энэ Ардын жүжигчин бол манай нөхрийн мэргэжлийн багш нь юм. Түмээ маань Гнесиний академид түүний шавь байсан. Тэгэхээр шавийнхаа охинд хөгжимчин болоход нь тусалъя гэж бодсон юм болов уу. 82 настай ч ануухан, одоо ч хөгжмөө тоглодог. Тоглолтоо хийдэг, байнгын идэвхтэй байдаг багш. 

-Сургалтын төлбөр нь өндөр үү? 

-Жилд 50 орчим сая төгрөг. В.Тонха багш өөрөө төлбөрийг нь төлж сургая гэхээр нь бид татгалзсан. 

-Яагаад? 

Г.Т: -Би багшдаа “Таны их эрдмээс сурч, өвлөж авчихаад, хүүхдийнхээ төлбөрийг даалган байж заалгаж чадахгүй ээ. Зохисгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш багш юм хэлээгүй. Бид охиноо буцаагаад мэргэжлийн сургуульд нь оруулах талаар арга, боломж хайж байгаа. В.Тонха багш, манай ээж, Азаагийн минь гэр бүлийнхэн, манай оркестрын удирдаач гээд олон хүний дэм тусаар бид учир зүйгээ олж явна аа. Гурвын гурван хүн хөгжмийн амьдралаар замнах амаргүй юм байна. Охины хичээл хүнд. Шаардлага өндөр. Манай Азаа нэгдүгээр ангид байхаас нь хүүхдийнхээ хичээлд цуг сууж, тэмдэглэл хөтөлж ирдэг, даалгаврыг нь хоёул хамтарч хийлгэдэг байлаа. 

Т.А: -Гол нь Түмээ давтуулдаг юм. Мэргэжлийн хичээлийг нь хариуцдаг. Бид хоёул Хөгжим бүжгийн сургуулийнхан. Бидний тавдугаар ангидаа үздэг байсан агуулгыг охин нэгдүгээр ангидаа үзэх жишээтэй. Нэгэнт л хөгжимчин болгохоор шийдсэн учраас замын дундаас орхилтой биш, даван гарахаар зүтгэж байна. 

-Та хоёр Улсын филармонийн симфони оркестрт хөгжимчнөөр ажилладаг байсан. Хэзээнээс хоёул Гнесиний академид суралцах болсон юм бэ? 

-Би Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхаасаа гадаадад сурахыг хүсдэг байсан юм. Филармонийн симфони оркестрт ажиллаж, Хөгжим бүжгийн коллеждоо багшилж байхдаа гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлэхэд мөрөөдөл минь бага багаар замхраад байх шиг санагдсан. Гэсэн ч оролдоод үзэхээр, магистрт хоёр жил суралцахаар Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд хүсэлтээ өгсөн байлаа л даа. Бүртгүүлэхдээ өөрөөсөө гадна Чехэд виолончельч мэргэжлээрээ суралцаж байсан нөхрийнхөө нэрийг бас бичүүлчихсэн. Гэтэл цаг хугацаа ч өнгөрч, үйл явдал өрнөсөөр, хоёулаа Орост сурахаар 2015 оны есдүгээр сарын 1-нд охинтойгоо цуг хойд хөршийг зорьсон. Очоод хоёулаа уг Хөгжмийн академийн бакалаврын нэгдүгээр курсээс эхлэн суралцан төгсөөд, өдий хүртэл ажиллаж байна. 

-Яагаад Кострома хотын оркестрт ажиллах болсон бэ. Хол санагдах юм. 

-Москвагаас 300 гаруй км-ийн зайтай хот. Хоёр хотын хооронд бид явсаар л байна. Үндсэндээ жороолоод л байна. Одоохондоо ингэж амьдрахаас аргагүй нь. Нөхөр, охин хоёр Москва орчмынхоо байранд голдуу байдаг. Би Костромад байж ажилдаа төвлөрөхийг хичээдэг. Гэхдээ л нааш, цааш явсаар байгаад таарах юм. Академид суралцаж байхдаа тус хотын, губернаторын дэргэдэх симфони оркестрт урилгын хөгжимчнөөр тоглодог байлаа. Ингэхдээ тэр оркестр ямар л ажилтай байна, бүгдэд нь оролцохыг хичээдэг байсан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ симфони, цөөхүүл бүтцээр, эсвэл хэн нэгэн гоцлол тоглосон ч бид алгасахгүйг хичээдэг байв. Байсхийгээд шинэ зохиол дээр ажиллана. Шантармаар үе зөндөө байсан ч давж гарсаар өдий хүрлээ. Тэр бүрийд удирдаач биднийг шалгадаг байж. Симфони оркестрт хөгжимчин шалгаруулж авахдаа тавьдаг шалгууруудаараа сориод байсан юм билээ. Мөн биднийг магистраа хамгаалаад ирж ажиллаарай гэдэг байсан. Тийм болохоор, бас бидэнд тэнд ажиллах таалагддаг учраас очсон юм. 

-Одоо бол хамт олондоо нэр хүндтэй, байр суурьтай болсон санагдсан. 

-Гайгүй ээ. Манай хамт олон бидэнд их сайн. Ялангуяа удирдаач бол бидний амьдралыг сайн ойлгодог учраас Түмээд шаардлагатай үед чөлөө өгнө. Ер нь уян хатан ханддаг. Хотынхоо зурагтаар мэдээлэл өгөх бүртээ бидний тухай сайшааж ярьдаг юм. 

-Байнга тоглолттой байдаг гэлээ. Хөгжмийн онцгой содон бүтээлүүд олныг үзэгчдэд хүргэв үү? 

-Тийм ээ, олныг тоглолоо. Нэг бүтээл жишээ болгон яримаар санагдаж байна. Хөгжмийн зохиолч А.Щёнбергийн “Гэгээн шөнө” гэдэг маш гоё сикстет (зургуул бүрэлдэхүүн) бий. Хоёр хийл, хоёр альт, хоёр виолончелиэр тоглодог. Энэ алдартай зохиолыг монгол хүн тоглосон анхны тохиолдол гэж бодож байна. Монголдоо байхдаа хөгжмийн уран зохиолын хичээлээр нэрийг нь сонссон төдий хөгжмийн зохиолчийн маш чамин зохиолыг бусад сайн хөгжимчинтэй хамтарч тоглон, тухайн зохиолчийг, сэтгэл, санаа бодлыг нь тэмтэрч, мэдрэхэд их өвөрмөц сэтгэгдэл төрсөн. 

Г.Т: -Энэ уран бүтээл сайн болсон гэдэгтэй санал нэг байна. Сайн, сайн хөгжимчид цугларсан. Нэгдүгээр хийл нь Пермь хотын Дуурийн театрын симфони найрал хөгжмийн концертмейстерээр ажилладаг Макс Зингер, хоёрдугаар хийлээр одоо Москвагийн бас нэгэн томоохон оркестрт ажилладаг Алёна Гаврыш, нэгдүгээр альтаар “Мюзик Этерна” оркестрын нэгдүгээр пультэд байдаг хөгжимчин Григории Чекмарёв, хоёрдугаар альтаар манай оркестрын Татьяна Витель, нэгдүгээр виолончельч нь Азаа, хоёрдугаар виолончельчээр би ажилласан юм. 

-А.Щёнбергийн бүтээлүүд сонсоход ярвигтай юм билээ. Дахин дахин чих тавьж байж юу гэх гээд байгаа юм бол гэж бодмоор. 

-“Гэгээн шөнө” бол түүний уран бүтээлийн эхэн үеийн, өөрөөр хэлбэл, романтик хэлбэрийн, нарийн авч үзвэл романтизмын дараах үеийн гэхээр зохиол. Сүүлийн үеийн атональный буюу хөгжмийн зохиомжийн тогтсон хэв маягийг эвдсэн шинж чанартай нь биш. Бид энэ мэтчилэн шинэ бүтээл гаргах гэж оролдож л байна. 

-Кострома хот хүн ам цөөтэй хэрнээ хоёр оркестртой юм аа. 

-Тийм ээ. Ердөө 300 гаруйхан мянган хүнтэй хот хэрнээ Филармонитой. Бас манай оркестр байна. Хүүхдийн хөгжмийн сургууль найм, коллеж нэг бий. 

-Үзэгчид байнга хөгжим сонсох уу? 

-Байнга сонсдог. Манай оркестр сонгодог хөгжмийн чиглэлээ илүү барьж ажилладаг. Сард 2-3, заримдаа дөрвөн ч удаа тоглодог. Ингэхдээ тоглолт бүрээр гаднаас гоцлол хөгжимчид урьдаг. Хөтөлбөрийн эхний хэсэгт зочин уран бүтээлч гоцолж тоглоно. Хоёрдугаар хэсэгт заавал симфони бүтээл эгшиглүүлдэг. Хөгжимчин бидэнд энэ нь маш гоё санагддаг. 

-Нэг гэрийн гурван хөгжимчин яаж сургуулилалтаа хийдэг вэ? 

-Хамгийн том асуудал энэ. Москвагийн байрандаа хөршүүддээ саад болохгүйн үүднээс тусгаарлах өрөө гэж манаачийн шовгор шиг юм би өөрөө барьсан. Тэндээ гурвуул ээлжилж давтдаг. Бид хоёр сургуулиа төгссөнөөс хойш бага зэрэг тайвширсан л даа. Оюутан байхад гурвуулаа хичээлээ хийх гэж нэлээд юм болдог байлаа. Костромад бол харьцангуй өөр. Ажил дээр бид гурвын өрөө гэж байдаг. Тэндээ юу ч хийсэн болдог. 

-Энэ их хичээл зүтгэлийн үр дүн гарах байх гэж бодож байна. Ирээдүйн гарамгай хөгжимчнийг та хоёр бэлтгэж буй ч юм бил үү. Ялангуяа мэргэжлийн хөгжимчин бэлтгэх дунд сургуулийн шалгалтад торойгоод гараад ирснийг нь бодохоор онцгой хүүхэд юм уу гэж санагдлаа. 

-Т.А: -Харин ээ, одоогоор хэлж мэдэхгүй л байна. Сургуульд орох шалгалтаа бол сайн өгсөн. Янз бүрийн зэмсгээр элсүүлэх 25 хүүхэд тэнцүүлж авахад манай охин дунд нь цохиж явсан. Виолончелиэр хоёр хүүхэд авахад нэг нь болж таарсанд аав, ээж хоёр нь их баярласан. Мөн хариуцлагатай байж охиноо сайн сургая гэж л ярилцдаг. 

-Охин Монголдоо ирээд сайхан амарч байна уу? 

Т.У: -Би “Найрамдал” зусланд амраад ирсэн. Гоё юм билээ. Тэнд оросоор ярьдаг охид ирсэн болохоор бүр амар байсан. 

-Байнга хөгжим тоглохоор ядардаг уу? 

-Хааяа амардаг болохоор нэг их ядардаггүй. 

-Хөгжимд их дуртай юм аа? 

-Жаахан байхад тийм ч гоё санагддаггүй байсан. Том болсноос хойш бага, багаар дуртай болж эхэлж байгаа. Том, том зохиолыг богино хугацаанд сурахаар урамтай. Наашаа ирэхээс өмнөхөн “Ягаан цахлай” гэдэг уралдаанд оролцоход өөрийн орны хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглох ёстой гэсэн. Ингээд хөгжмийн зохиолч З.Хангалын “Скерцо”-г сонгоод, долоо хоногт бэлэн болгоод тоглосон. Би тэр уралдаанд түрүүлээд, бас үндэснийхээ хөгжмийн зохиолчийн бүтээлийг сайн тоглосон гээд тусгай шагнал авсан. Энэ нь гоё юм байна лээ. Би бас нэгэн фондод орсон. 

-Энэ юу гэсэн үг юм бол? 

Г.Т: -Оросын хөгжмийн нэрт зүтгэлтэн, удирдаач В.Спиваковын удирддаг сан байдаг юм. Хөгжимчин хүүхдүүдийг багаас нь том, том тайзан дээр тоглуулдаг, үзэгчидтэй харилцаж сургадаг, өөр янз бүрийн боломж олгодог, өөрөөр хэлбэл, артист буюу уран бүтээлч болоход нь дэмждэг байгууллага. Бас л шалгалт, сорилт давж энэ сангийн ивээлд багтсан. Ирэх аравдугаар сард уламжлалт тоглолтод нь оролцоно. 

-Маш том боломж. Удвал охин хөгжимчин болох замдаа гарчихжээ. 

Т.У: -Харин тийм ээ. Би үүнд их урамтай байгаа. “Тийм байлгүй дээ, одоо л байрнаасаа хөдлөх нь байна шүү дээ” гэж бодсон. 

Г.Т: -Охин анх удаа ингэж хэллээ. Нээрээ ч үнэн л дээ. Одоо л нүхнээсээ гарч тоглох нь байна шүү дээ. Нүх гэж гэртээ барьсан манаачийн шовгор шиг юмаа хэлж байна аа, би.