Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.ГОМБО: “Би барга” гэж бардам хэлэх хүн олон болсон

Барга судлаач, Барга судлалын холбооны тэргүүн Л.Гомботой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн наадмын өмнөхөн Соёлын гавьяат зүтгэлтэн болсон юм. Салбартаа танигдсан замын инженер тэрбээр барга угсаатны үүх түүх, соёл, уламжлал, ёс заншлыг судлан, сурталчлагч, ойлгуулан таниулагч болсон нь учиртай. Түүний ээж Дорнод аймгийн Гурванзагал сумын уугуул, нутаг орон, ах, дүү садандаа хүндтэй, хэдхэн жилийн өмнө 95 нас хүрээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн С.Лхамжав гуай барга. Туулсан амьдрал нь ганц хүүг нь барга судлаач болгосон гэлтэй. Ээж нь барга ардын дуу дуулахыг нулимс мэлмэрүүлэн сонсож өссөн Л.Гомбо эхийнхээ талын, өөрөөр хэлбэл, нагацуудынхаа угсаа гарвалын тухай судалж мэдэх хүсэлд автсаар, сүүлдээ нэг насны үйл хэрэг болгосон юм билээ. Бид ийнхүү ярилцлаа.

-“Барга нь үндэстэн юм” гэх хүн байна. Та юу гэж үздэг вэ?

-Сүүлийн жилүүлэд барга судлалыг бүхий л талаар хөгжүүлэх гэж хэн хүнгүй хичээж ирсний үр дүнд мэдээлэл нэлээд тархаж байгаа. Энэ угсаатны үүх түүхийг ухаж, төнхөж үзэхэд эрт үед үндэстэн байжээ гэж тодорхойлох үндэслэл бий. Энэ талаас нь харсан хүн тэгж хэлсэн болов уу. Одоо бол хүлээн зөвшөөрөхгүй л дээ. “Та нар юу яриад байгаа юм бэ. Монгол Улсад монгол, казах гэсэн хоёр л үндэстэн байдаг шүү дээ” гэнэ. Би баргын түүх сонирхож эхлэх үедээ түүхчдээс асуухаар Түүхийн хүрээлэнд очиход, тухайн үед таарсан нэгэн “Барга бүү хэл, Монголоо судалж барахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь орхигдсон сэдэв юм байна гэж бодсоны сацуу өөрөө хүчин зүтгэе гэж эрс шийдсэн юм. Эрдэмтэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д барга үндэстэн гэж байдаг. Уг толийн редактор нь нэрт эрдэмтэн Х.Лувсанбалдан шүү дээ. Хэл шинжлэлийн манлай хоёр судлаач ингэж хэлж, бүр тайлбар тольд тусгасныг бодоход барга нь үндэстэн байжээ. 

Барга, буриадуудын түүх асар эртнээс эхтэй. Хар үгээр хэлэхэд “Оросыг маажвал монгол гарна” гэдэгчлэн монголчуудыг маажвал барга гарч ирээд байдаг. Бас баргуудын нэлээд хэсэг нь өөрсдийгөө буриад гэдэг болсон юм билээ. Үнэн хэрэгтээ барга олон ч өнөөдөр хүн амын бүртгэлээр Монгол Улсад ердөө 3000 гаруй гэсэн статистик бий. Энд хэлж байгаа зүйлсийг ярих цаг нь болоогүй байж магадгүй. Гэхдээ хэлж байхад гэмгүй гэж бодож байна. 

Буриадуудын дээдэс нь баргууд, баргын нэг хэсэг нь буриад болсон гэх юм бол хүлээж авах хүн олдохгүй байх. Яагаад гэхээр хүмүүс түүх сайн мэдэхгүй, хоёрдугаарт, одоогийн хүмүүс өөрийнхөө уншсанд л итгэдэгтэй холбоотой. Өөрсдийнхөө юманд итгэхээс, өрөөл бусдынхтай харьцуулж шинжлээд, ийм учиртай юм байна гэж сэтгэн, дүгнэх нь ховор. Тэгэхээр хэлэх цаг болоогүй гэж ярилаа л даа.Ийм эгзэгтэй үед барга угсаатан гэж хэн болох талаар судалж, олж мэдсэнээ зоригтой хэлдэг хүн ховор байна. Би бол сонин, телевиз, радиод хамаагүй ярьдаг. Яагаад гэвэл судалж, шинжилж, дүгнэснээ хэлдэг учраас тэр юм. Зарим хүн, найз нараас ч гэсэн “Чи яагаад ингэж яриад байдаг юм бэ. Барга учраас тэр үү” гэж асуудаг. Би Сайншандад төрсөн хиад боржигон, халх хүн. Миний аав Дорноговь аймгийн Айраг сумынх. Ингэж хэлэхэд арай өөр болдог.

Үйл явдал өрнөсөөр, “Баргажин” наадмаа тохиолдуулан барга судлалаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын илтгэлийг монгол, орос хэл, монгол бичгээр бичиж нэгтгэн хэвлүүлдэг болсон байлаа. 2011 онд хурал болохын өмнөхөн их зохиолч Л.Түдэв гуай утасдлаа. “Гомбо гуай, та эрдэм шинжилгээний хурал хийх гэж байгаа юм байна. Тантай уулзаж болох уу, ярих хэрэг байна” гэлээ. Хүмүүсийг үргэлж “Та” гэж хүндэлж харилцдаг хүн байсан юм. Холбоо барьсанд нь миний баярласан гэж. Яваад очтол “Баргын үүх түүхийг судалж байгаад тань баяр хүргэе. Энэ маш чухал сэдэв. Энэ угсаатны түүхийг Орос, Хятадын Засгийн газрын бодлогын нөлөөгөөр манай төр, засгаас баллуурдсан түүхтэй. Одоо та бүхэн сэргээх гэж хичээж байгаа нь маш зөв. Баярлаж байна. Би илтгэл өгье. Очиж тавьж чадахгүй нь” гэсэн. Тэр илтгэлийг нь уншсан цагаас хойш би толгойгоо улам өндөрт өргөж явдаг болсон доо. Соён гэгээрүүлэгч маш чухал мэдээлэл, мэдлэгээр бидний зүтгэлд хүч нэмсэн юм. 

-Илтгэлдээ юу гэж бичсэн байсан бэ?

-“Баруун хойно, Зүүн өмнөдөд суугаа баргууд минь” гэсэн нэртэй. Нэлээд дэлгэрэнгүй эш татчих уу. Тэрбээр “Барга монголчууд Орос, Буриад, Тува, Казах, Киргиз, Түрэг, Түрэгмэн, Узбек, Афганистан, Иран, Ирак, Сири, Египет, Энэтхэг, Канад, Америкт сууж байгаа гэж тодруулан хэлбэл итгэхгүй ч гэсэн эргэлзэх хүн энд тэнд бий. БНХАУ-ын бараг 30-аад хошуу, аймаг, муж, хотод хоёроос доошгүй саяар тоологдох барга монголчууд сууж байгаа гэж яривал нэлээд хүн “Магадгүй” гэж толгой дохих буй за. Монгол Улсын бүх аймаг, хотод барга монголчууд аж төрдөг гэвэл гадаадын хүн итгэх байх. Харин монголчууд өөрсдөө бол итгэхгүй. “Баргууд тийм олон гэж үү” хэмээн мөрөө хавчигнуулан гайхах халхууд зөндөө бий. Барга монгол, буриад монгол, урианхай монгол, халимаг монгол, халх монгол гэхчлэн нэрлэгдэх зургаа, долоон хэсэгт хуваагдчихсан монгол буюу монголоид үндэстний хувь заяаг өргөн буюу даяарчлалын хүрээнд авч үзвээс Баргажин (Баргужин)-гийн тайгаас (Оросын) эхлээд Хөлөнбуйр (Хятадын) хүртэл барга монголчууд, Соёны уулсын (Оросын болсон) ар, өврөөр урианхай монголчууд (Тува), Ижил мөрний адаг руу (Оросын) халимаг монголчууд, Шинэ хязгаар гэгдсэн Ховог сайрын адаг руу (Хятадын) ойрад монголчууд сууж байгаа бөгөөд түүхийн эргүүлгийн эрхшээлээр өөр, өөр улсын сүлд дуулалд сүсэглэсээр XXI зуунтай золгожээ. Түүхэн замналыг ойрын хараатай дурангаар ажвал иймэрхүү үзэгдэнэ. Гэвч нэлээд холын хараатай сайн дурангаар харвал дэлхийн талыг даяаршуулсан Чингис хааны Эзэнт их гүрэнд жанжлах албыг хааж явсан монголчуудын есөн хөлт дайчин туг намирч үзэгдэнэ. Түүнээс цааш харж чадах онцгой дурангаар ажваас хүн төрөлхтнийг нэгэн гэр бүлд нэгтгэх үзэл санааг анх үүдсэн Хүн гүрний 2220 жилийн тэртээх явдал бүрэг бараг харагдана. Харин “хүн” гэдэг үг дэлхийн 100 гаруй, түүний дотор гэгээрсэн франц хэлнээ хуманите (юманите) хүн төрөлхтөн гээд үлдчихсэн. Түүнээс цааш харж чадах дуран өнөө хэр сайтар боловсорч чадаагүй байгаа ч хойд туйл мөстөж, галав юүлэхийн цагт умраас өмнө рүү шилжин нүүсэн хүн төрөлхтний их нүүдлийн манлайд шүмэр монголчууд, эсгийтэн (скиф), барга монголчууд явсныг эд мөрийн баримтууд, үг, хэл, хөшөө чулуунууд гэрчилж буйг анзаарахаас аргагүй цаг иржээ. Сүмбэр уулнаас (хойд туйлын мөсөн доор байгаа) бууж ирсэн шүмэрүүд, эсгий гэр, модон сөнгөөрөө гайхагдсан скифүүд баруун хойд хязгаарт тархан суусан түүхийг ярилгүйгээр, байран нутгаа сахисаар үлдсэн барга монголчуудын дээдэс Баргажин нутгаа эзэгнэсээр он цагийн олмыг татсан тухайгаас түүх ярьж эхэлбээс ойр дөт болой. Дурангаар биш энгийн нүдээр харахад Баргужин аймгийн тэргүүн Баргудай мэргэний охин Баргужин гуагаас ураг модны мөчир салааг хөөж мөшгөн ажваас барга монголын элгэн садны хэлхээг тод харж болно. Баргужин гуагаас төрсөн охин Алун гоо нь Добу мэргэний гэргий болсон цагаас нааших түүхийг ажихад тусгай дуран шаардлагагүй буй за” гэж илтгэлдээ бичсэн. Эндээс нааших түүхийг өнөөгийн монголчууд гадарлах болохоор ингэсгээд зогсоё. Ийм өнө эртний, өргөн уудам нутагт тархан суурьшсан барга хэмээх үндэстэн байжээ гэдэг санаа энд байгаа биз. 

Тэгэхээр Баргудайн түүхийг мэдрүүлэх гэж байгаа л юм бол баргуудын омогшил юунд байх ёстойг таниулахын тулд хийх ажил их байсан юм. 2011 оны наадмаар би зардлыг хувиасаа гаргаж, Баргузин (Баргужин)-аас аймгийн даргатай нь нийт 15 хүн урьж авчирсан юм. Түүнээс хойш Монголын болоод ОХУ-ын баргуудын харилцаа ойртох болсон. Улмаар 2015 оны “Баргажин” наадмыг Баргузины баргууд голчилж зохион байгуулсан. Баргужин нь хоёр аймгаас бүрддэг л дээ. Нэг нь Баргузинский гэж, хүн амын 80 хувь нь орос, 20 хувь буриад, нөгөөхийг нь Хурамхаан гэдэг бөгөөд 80 хувь нь буриад, 20 хувь нь орос иргэдтэй. Байгал далайн зүүн хойд талд 400-гаад км үргэлжилдэг Баргажин нуруу (Баргузинский хребет) гэж байдаг. Байгал далай руу хошуу нь орж төгсдөг. Хажуугаар нь Баргажингийн гол 300-гаад км урсаж, мөн уг далайд цутгадаг. Манай Сэлэнгэ, хойд хөршийн Баргажин хоёр бол Байгал далайд цутгадаг хоёр том мөрөн юм. Баргажингийн хөндий гэж бий. Ийм сайхан нутгийн нэр нь баргаараа байж байдаг. Тэндхийн буриадуудыг Баргузинский буюу баргажин буриадууд гэнэ. Ийм учир холбогдолтой учраас тэнд “Баргажин” наадам зохион байгуулж, аль аль улсын иргэдэд үндэстэн, угсаатны үүх түүх, үүсэл гарвалийн талаарх мэдээллийг хүргэж, гурван улс дамнасан ажил хэрэг, аялал жуулчлалын бас нэгэн сувагтай болгох нь ирээдүйн явдлыг төсөөлөх, төлөвлөхөд тустай гэж үзсэн хэрэг. 

-Тэгэхээр Монгол Улсыг бүрдүүлэгч үндэстэн, ястнуудын тухай мэдээлэл дунд баргынх гэх нь ховор байсан нь тухайн үеийн засгийн бодлоготой, бас хэлмэгдүүлэлтээс үүдэлтэй айдастай холбоотой байх нь ээ? 

-Тийм ээ. Миний нагац аавыг л гэхэд 1937 онд баривчилж, хөнөөсөн. Ер нь нагацын минь талын эрэгтэй хүн болгон нь шоронд орж байсан юм билээ. Ийм тохиолдолд хэн ч “Би барга” гэж цээжээ дэлдэхгүй. Тэр бүү хэл, амьд явахын тулд барга биш болдог байж. Энэ өнцгөөс хандаж барга биш хэмээх болсон нь олон. 

-Барга угсаатан нь Монголын бусад уг саатан, ястнаас юугаараа ялгаатай вэ?

-Монгол л юм болохоор хэл адил. Нэг утгыг өөр үг, хэллэгээр илэрхийлэх нь байдаг. Гэхдээ энэ бол ярианы хэлэнд хамаарна. Хувцас, ялангуяа эмэгтэйн гоёл чимэг ондоо. Түүхийн музейд ороод харвал угсаатнуудын уламжлалт хувцас хэсэгт хамгийн гоё нь барга эмэгтэйнх байх шиг санагддаг. Баргууд түнх гэж харваатай. Энэ нь өнө эртний уламжлалтай, 32 см-ийн диаметртэй, таван өнгийн дугуй хэлбэрийн бай болох түнхийг 185 см-ийн өндөртэй хоёр баганын дунд татсан хэрээс буюу олс татлагад байршуулан, 32 метрийн холоос харвадаг өвөрмөц онцлогтой. Түнх харвааг байт харвааны спортын эх хувилбар, язгуур нь гэж үзэж болохуйц. Барга судлаач Ц.Түмэн энэ харвааны талаар дэлгэрэнгүй тайлбарласан “Баргын түнх харваа” гэдэг номыг “Баргажин-2022” наадамд зориулан гаргасан. Уг номоос мэдээлэл сайтар авч болно. Бас бөхийн барилдаан өөр. Энэ тухай хүмүүс сайн мэднэ дээ. Барга барилдааныг толиот бөх гэдэг. Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч, улсын начин, доктор Г.Пүрэв-Очир 2013 онд “Барга барилдаан буюу толиот бөх” гэдэг судалгааны ном гаргасан нь монгол бөхийн судлалд чухал хувь нэмэр болсон. 

Барга монголчууд хэзээнээс нааш мал сүрэг олонтой, бэл бэнчин сайтай улс байсан гэдгээрээ онцлогтой. Одоо ч халхуудын дунд “Баргууд баян” гэдэг яриа хэвээр. Энэ нь үндэслэлтэй юм. Тэд ажилсаг, хөдөлмөрч. Залхуураад хэвтэж байдаг барга үгүй. Малаа шүтэж, хүндэтгэж, хайрлан өсгөж үржүүлдэг хүмүүс. Мал сүргээ хүний шуналыг хөдөлгөж, өрсөлдөөн, атаархлыг төрүүлдэг баялаг биш, алт мөнгө шиг авдар саванд хав дарж, үе үе гаргаж ирж бахархдаг үл хөдлөх хөрөнгө биш гэж үздэг. Буруу гараар, буруу замаар олсон бусдын мал айлд мал болж тогтдоггүй. Тиймээс мал маллах, үр шимийг нь хүртэх соёлдоо чин сэтгэлээр хандах ёстой гэдгийг биеэр үлгэрлэн харуулдаг улс. Тиймдээ ч буян заяа ихтэй, орчин үеийн хэллэгээр бол сайн энергитэй дээдэстэй ард түмэн гэж өөрсдийгөө үнэлдэг хүмүүс. Гэхдээ энэ талаараа байнга ярьж, бахархаад байдаггүй, хаанахын хэнтэй ч харилцаа сайтайгаар амар жимэр аж төрж байдаг даруухан хүмүүс.

-Та ижийгээ дуулахад яагаад уйлдаг байсан юм бэ?

-Барга, буриадуудын хувьд нагацын тал авгынхаас өндөр байдаг. Энэ нь нэгэн удам судрынхан нагацын талынхнаа илүү хүндэтгэж, шүтэж, даган дуурайх гэсэн утгатай. Гэхдээ миний хувьд өөр. Намайг дөрөвтэй байхад аав, ээж хоёр салсан. Түүнээс хойш ээж өөр нөхөрт гараагүй. Ээж минь авьяастай, сайхан дуулдаг байлаа. Нас сүүдэр 95 хүрч өөд болсон. Эгч бид хоёр ээжийн дуулахыг сонсоод мэлтэртэл уйлдаг байсан юм. Эгч юу бодож уйлдаг байсныг мэдэхгүй. Би болохоор ээжийгээ, тэр дуунд өгүүлж байгаа бүсгүй болгон төсөөлж, өрөвдөн уйлдаг байв. Би найм хүрч, сургуульд ортлоо ээжийнхээ мөөмийг хөхөж, 13 настайдаа өврөөс нь гарсан болохоор ээждээ хайртай гэж жигтэйхэн нөхөр. Дуунд 14, 15 настай залуухан бүсгүйг өөр нутаг, хошуунд бэр болгон өгсөн тухай, мөнгө, шүр бүхий нүсэр чимэг зүүлтдээ түүртсэн охин “Элстэй Хангайн даваагаар ингэн тэмээ жонжуулна, ижийгээ гэж бодохоор эрвэгэр нүд минь мэлмэрнэ. Алтай Хангайн даваагаар атан тэмээ жонжуулна, аавыгаа гэж бодохоор алаг нүд минь мэлмэрнэ. Хавтгай мөнгөн бэлийг хажууд минь юу гэж зүүгээ вэ, хайртай ганц охиноо харьд юунд өгөв. Улаан алаг шүрийг урдуур минь юу гэж зүүгээ вэ, уяхан жаахан намайгаа уйлуулж юунд өгөө вэ” гэж дуулж байгаа тухай өгүүлдэг. Үгийн утга гүнзгий, аялгуу уярмаар. Донж гэж чухал юм бий. Энэ бүхэн яв цав нийцсэн тул сэтгэлд хүрдэг. Ээж энэ мэтчилэн мэдэх дуу аялаад л, “Энэ барга ардын дуу юм шүү дээ” гэнэ. Монгол ардын гэж ойлгодог байсан олон дууг барга гээд байдаг. Тэгтэл телевиз, радиогоор буриад, торгууд, хотгойд, үзэмчин зэрэг олон ястны дуу явуулаад байх хэрнээ барга ардын дуу гэж ер ярихгүй. Тэгэхээр нь гайхаж, ямар учиртайг мэдэхийг хүсдэг байсан минь барга судлаач болохын эхлэл байж. Ингэж нэг захаас нь хөөсөөр, баргуудын үүсэл гарваль, түүх, уламжлалыг өөрийн эрхгүй сөхөж эхэлсэн дээ. Өөрөө судлаад зогсохгүй, бусад судлаачид бүтээлээ ном болгоход нь туслах сан гэж боддог болсон. Судалж эхлэх гэтэл баргуудын түүхийг бичсэн ном олдоггүй ээ. Тэгж байтал Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн дарга нь миний найз Мижигдорж түүхийн ухааны дэд эрдэмтэн Ж.Өлзий бичиж, 1999 онд хэвлүүлсэн “Барга Монголын түүх” гэдэг ном байна гэхээр нь авч уншиж байлаа. Тэгж байтал 2006 оны эхээр юм уу даа ахмад баргууд, Соёлын яаманд ажиллаж байсан А.Цогт гуай, Удирдлагын академийн багш байсан Д.Намсрай гуай, доктор Г.Мягмарсамбуу зэрэг хэсэг эрдэмтэн нийлээд Барга судлалын холбоо байгуулсан байлаа. “Холбооныхон хуралдах гэж байна, ирж оролцоно уу” гэж дуудахаар нь очиж, юу ярихыг нь сонсож байгаад, холбоонд элссэн. Үүнээс хойш ажил ундарсан. Саяхнаас намайг холбооны тэргүүний албанд сонгоод байна. Эрдэмтэн судлаачдын хүчээр барга судлал хөгжих замдаа гарсан гэж хэлж болно. Энэ үйл хэрэгт эрдэм мэдлэгээ зориулж буй доктор, профессор Г.Мягмарсамбуугийн “Баргын эрх чөлөөний тэмцэл: Нүүдэл, суудал” гэдэг номыг залуус дүү нар уншаасай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Тэндээс ойлголт маш сайн авна. Барга судлаачдын ажлын үр дүнд өнөөдөр маш олон хүн “Би барга” гэж нүүр бардам хэлдэг болсон.