Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням гэж зэгсэн “поп” улс төрч манай парламентад бий. Улаанбаатарт үер буухад л хаа байсан Дархан-Уулаас сонгогдсон Г.Дамдиннямын “нойр хүрэхгүй”, хотын гишүүдээс ч түрүүнд харайлгаж очдог “хайлган”. Ямар сайндаа л “УИХ-ын гишүүн гэдэг бол дарга биш. Бүгдийг нь загнаж, бүхнийг мэднэ, бүгдийг томилно, бүгдэд хариуцлага тооцно. Миний үгэнд орсон хүмүүс л ёс зүйтэй, ороогүй нь ёс зүйгүй гэдэг ийм авир, хандлага УИХ-ын гишүүнээс гарч хэрхэвч болохгүй. Залуу гишүүний хувьд өөрт чинь захья. Яривал олон юм ярьж болно. Тойргийн ганц нэг асуудлаас болж үл ойлголцож, бүхэл бүтэн боловсролын салбарыг харлуулж болохгүй” гэсэн хатуухан зэмлэлийг Л.Энх-Амгалан гишүүнээс хүртэж байв. Тэгээд ч засрахгүй өнгөрсөн өвөл “Цагаан сар болох гээд байхад Дарханд байгаа ах, дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу” хэмээн мэдэн будилж, хэвлэл мэдээллийнхний үнэ хөлс тэнгэрт хадчихаж гэх мэтээр хов зөөж, “спикер”-ийнхээ уурыг хүргэсэн тавьтаргүй “сурагч”.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа УИХ-ын гишүүн нь хувийн үзэл бодлоо илэрхийлэх ёсгүй бөгөөд энэхүү дэг журмыг Г.Дамдинням зөрчин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмжийг сөрөөд, сануулга авсан удаатай. Гэхдээ БСШУС-ын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа Боловсролын багц хуулийн төслийг ахлан, “Ардын хүүхдүүд англи хэл сурч болохгүй юм уу” хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс хатуу байр сууриа илэрхийлсээр үндсэн гадаад хэлийг англи хэл болгох заалтаа хамгаалан, батлуулсан нь үнэн.
2024 оны УИХ-ын сонгуулиар дахин улиран сонгогдсон Г.Дамдинням нь 1999 онд Дархан-Уул аймгийн VII дунд сургуулийг, 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр дүүргэн, улмаар 2005-2007 онд МУБИС-д улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрын зэрэг хамгаалжээ. Бакалавр, магистраа угсруулан хамгаалж, төгсөнгүүтээ Байгаль орчны болон БСШУ-ы сайдын зөвлөхөөр ажиллаад, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректорын албыг хашиж. Ингээд салбарт нь хэдэн жил ойр байсны хэргээ гаргаж, “ижил тэнгэртэйд нь сонсогдож, илүү тэнгэртэйд нь олддог” Боловсролын зээлийн сангаас 2014 онд 32 мянган ам.долларын зээл авч, Канадын Бритиш Колумбын их сургуульд удаах магистраа хамгаалсан байдаг.
Ажлын намтар, туршлагын хувьд 2017 онд “Прокон майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2020 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүн, 2021-2022 онд Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, 2024-2025 онд УИХ дахь МАН-ын үлгийн дэд дарга, 2025 оноос Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж буй. Суусан газраасаа шороо атгадаг хүн гэж байдаг бол тэдний нэг нь Г.Дамдинням гэмээр. “Хөгжлийн банкны” гэх авлига, албан тушаалын томоохон хэрэгт Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням хэмээх гурван найз нэр холбогдож, “Вертекс майнинг партнер” ХXK-иараа дамжуулан 33 тэрбум төгрөгийн зээл авсан тухай асуудлыг хууль хүчнийхэн шалгаж байгаад замхарсан.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллах богинохон хугацаандаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)- ийг биржийн үнээр тооцдог болгосон, авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрт шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журмыг шинээр баталж, Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулсан, стратегийн орд бус, стратегийн ашигт малтмал гэдэг ойлголт, жишиг рүү явах тухай гэхчлэн салбартаа зайлшгүй хэрэгтэй санал, санаачилга ярьж байлаа. Цаашид тэр нь хэрхэхийг таашгүй. Дундуур нь өөрөө бас ямар нэг хэрэг мундраасан байж мэдэх л хүн. Юутай ч хэсэг хугацааны дараа тодорхой болох биз. Хэн нь, юу хийснээ илчлээд, МАН-ын зодоон дундаас авах юм тэр л байна.
Л.Аргамжин