Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга, дэлхийн хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Ганхайч 63 кг-д зодоглодог шилдгүүдийн нэг. Тамирчин хүн жингээ олон жил барьж, аваргаа хамгаалж барилдана гэдэг хэцүү. Тэрбээр энэ үүрэг, хариуцлагыг сайн биелүүлж яваа. Олон улсын болон тивийн тэмцээн, “Их дуулга”, гран пригаас цөөнгүй медаль хүртсэн түүнд олимпын наадмаас медаль хүртэхэд нэг л алхам дутуу байна. Тамирчдад тулгардаг бэрхшээл, бэртэл гэмтэл түүнийг ч бас тойроогүй. Дайчин, даруу зан, тууштай байдал, сэтгэлийн хатаар өөрийгөө хурцлан, өрсөлдөгчдийнхөө давуу талаас суралцдаг түүнд амжилт амархан ирээгүй. Мөрөндөө бэртэл авсан ч дотоодын тэмцээний түрүүг авч, хилийн дээс алхан улсдаа медаль авчирсан удаа олон. Олимпын дэвжээнд зорилгоо биелүүлэх нөөц боломж, ур чадвар, туршлага барилдаанаас нь харагддаг. 2026 онд түүнийг олон тэмцээн хүлээж байгаа тул дэвжээндээ эргэн ирэв. Түүний оролцох анхны тэмцээн нь Тажикстан улсад ирэх сарын 1-3 хүртэл үргэлжлэх “Душанбе-2026”, үүнээс тав хоногийн дараа Казахстанд эхлэх (тавдугаар сарын 8-10-нд) “Барыся-2026”, Монголд зургаадугаар сарын 27-29-нд болох “Их дуулга” юм. Эл жинд Монголын багаас хүч сорих хоёр жүдочийн нэг нь Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, нөгөө нь Б.Ганхайч. Бөхийн хорхойтнууд Б.Ганхайчийг энэ жил амжилт хэрхэн гаргахыг нь сонирхож байгаа тул тэрбээр гал гарсан барилдаанаараа бэлэг барих биз ээ.
Багш нь шавиасаа жүдод амжилт гаргах ур чадвар буйг олж харсан нь
Жүдогийн дэвжээнд нэгэн өвөрмөц нэртэй охин үеийнхнээсээ шалгарч, жингийнхээ шилдгүүдтэй ана мана өрсөлдөх болсон нь Б.Ганхайч байлаа. Тэмцээнд түүний нэрийг анх зарлахад содон сонсогддог тул үзэгчид эхэндээ эрэгтэй тамирчин гэж боддог байжээ. Тэрбээр Хэнтий аймгийн Баянхутаг сумынх. Түүнийг сургуулийн босгоор алхаж, сурагч болоход ангийн нөхөд нь нэрийг нь хамгийн түрүүнд цээжилсэн гэдэг. Жүдогоор хэдхэн сар хичээллэж, аймгийн АШТ-д анх оролцохдоо ихэд сандарч, барилдааны дүрэм сайн мэдэхгүй ч багшийнхаа заасан мэхээр өрсөлдөгчдөө ялжээ. Жүдо бөхийн эрдмээс зааж, тамирчин болох суурийг нь тавьсан ачтан бол тус аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын I сургуулийн биеийн тамирын багш Г.Эрдэнэбилэг. Багш нь шавиа намрын спартакиад тэмцээнд гүйхийг нь хараад “Чи жүдогийн бэлтгэлд яваад нэг үзээч” гэж санал тавьсан байна. Жүдотой нөхөрлөж, спортын гараагаа эхлүүлэхэд аав, ээж нь цааргалалгүй хүлээж авсан аж. Тухайн үед орон нутагт энэ спорт ид хөгжиж, охид хүртэл сонирхож хичээллэдэг байсан үе. Гэрийнхэн нь дуртай дэмжсэн тул тэрбээр тууштай барилдахаар хичээв. Сүүлдээ аймгийнхаа тэмцээнд түрүүлдэг болсноор улсын тэмцээнд оролцож эхэлжээ. Өсвөр үеийнхний УАШТ-д 2010 онд өрсөлдөж, 52 кг-ын жинд аваргаар шалгарсан нь хойшид олон улсын тэмцээнээс медаль хүртэх урам өгчээ.
Түүний хувьд 2013 оноос өнөөг хүртэл 63 кг-ын жинд зодоглож буй. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс эл жинд алтан медальтай ирж, гэрийнхнийгээ баярлуулсан мөч амьдралд нь сайхан дурсамж үлдээсэн байна. Тэр жилийнхээ хавар Тайландад болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-д түрүүлсэн юм. Анх удаа хилийн дээс алхсан түүнд тэндхийн орчин нөхцөл нь таалагдаж, хотынх нь хөгжил таатай бодол төрүүлсэн аж. Тивийн аваргаар шалгарсныхаа дараа жил УАШТ-д оролцохдоо II тойрогт өмнө нь огт харж байгаагүй охинд ялагдсандаа итгэхгүй ихэд гайхжээ. Нэг жинд зодоглодог үеийнхнээс Б.Баасанжаргал хамгийн хүчтэй өрсөлдөгч нь. Б.Ганхайч түүнтэй насанд хүрэгчдийн УАШТ-д алтан медалийн төлөө цөөнгүй таарч хожсон юм.
Үндэсний шигшээ багийн бҮрэлдэхүүд багтаж , “Их дуулга”-д анх удаа зодоглов
Үндэсний шигшээ багийн босгоор алхсаныхаа дараахан “Их дуулга”-д зодоглож, медаль хүртэхэд нь жүдо сонирхогчид баярлаж, энэ жингээс дэлхийн медальтан болох бөх төрөх нь хэмээн ярьж байсан нь саяхан мэт санагдана. 2016 он түүнд урам өгсөн жил байв.Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, ах, эгч нараасаа суралцаж, их зүйл мэдэж авснаар Дюсельдорфийн “Их дуулга”-аас (ХБНГУ) 2018, 2022, Екатринбургийн “Их дуулга”-аас (ОХУ) 2019, Бакугийн “Их дуулга”-аас (Азербайжан) 2021, Парисын “Их дуулга”-аас (Франц) 2024 онд медаль гардав. Түүнчлэн Хорват улсын Загреб хотод 2022 онд зохион байгуулсан гран при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Хамгийн сүүлд Тажикистанд болсон “Душанбе-2025” , Монголд зохион байгуулсан “Улаанбаатар-2025” “Их дуулга”-д аваргаар тодорч, жингийнхээ өрсөлдөгчдөд ойрын хэдэн жилдээ медалиас мултрахгүй ”босоо” байхаа харуулав. Ямар ч тэмцээнд оролцохдоо “ялна” гэж өөртөө хэлдэг түүнд олон жил бодсон зорилгоо биелүүлэхэд олимпын медаль л дутуу байна.
Түүнээс “Шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийсэн анхны өдөр танд ямар сэтгэгдэл төрж байв” гэж асуухад “Шигшээ багийн бэлтгэлд 2014 оноос хамрагдсан. Өмнө нь жүдогийн заалны хаалгаар шагайгаад тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн эгч нартай барилдаж үзэх сэн гэж мөрөөддөг байлаа. Тэр жил хүслээ биелүүлж, тэдэнтэй хамт бэлтгэл хийхэд яг л зүүд мэт санагдаж билээ. Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нар тууштай, дайчин, тэвчээртэй. Тэдний “Өөртөө итгэлтэй, өрсөлдөгчдөө бууж өгөхөөргүй дайчин бай” гэж зөвлөснийг марталгүй санаж явдаг. Ямарваа зүйлийг эхлүүлсэн бол эцсийн үр дүнг нь хартал чин сэтгэлээсээ хийдэг зан чанар нь надад бахархал төрүүлсэн юм” гэв.
Тамирчдын өссөн орчин энгийн гэр бүлийнхээс арай л өөр байдаг. Гэрийнхэн нь одоо ч түүний оролцсон гадаад, дотоодын тэмцээнийг алгасалгүй үздэг тул түүнтэй өрсөлдсөн тамирчдыг судалж, барилдах арга барил, онцлог, мэхийг нь хүртэл мэддэг гэнэ. Сүүлийн үед “Чамтай барилдсан тэр бөх ийм, тийм мэх хийдэг юм билээ” хэмээн ярьж, ялахад нь баярлаж, ялагдахад хамт гуниглаж, “Зүгээр ээ, миний охин. Алдаагаа засаад дараа сайн барилдаарай. Чамайг олон тэмцээн хүлээж байгаа” гээд сэтгэлийн дэм өгнө. Тамирчдад дасгалжуулагчаас нь дутуугүй үнэнийг хэлж, бас зөвлөж, шүүмжилдэг хүн бол ойрын хүрээллийнх нь хүмүүс байдаг. Аав, ээж нь охиндоо бэртэж, гэмтэхгүй байхыг их захидаг байна. Тэрбээр 2023 онд мөрөндөө хүнд бэртэл авч, зарим тэмцээнд оролцолгүй өнжсөн. Тамирчин хүний амжилтаас хойш нь чангаадаг зүйл бол гэмтэл. Үүнээс болоод Парисын олимпод оролцож чадаагүйдээ харамсдаг аж.
Шигшээ багт “Алдар” спорт хороогоор цөөнгүй жил овоглосон тамирчин олон бий. Тэрбээр 2016 онд харьяаллынх нь тамирчин болж, цөөнгүй жилийг үдэж байна. Шигшээ багийнхан дотоодын тэмцээнд спорт хороо, клубээ төлөөлж өрсөлддөг ч тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлж оролцдог. Түүнийг УАШТ-д цөөнгүй түрүүлсний дараа удирдлага нь “Манай спорт хорооны тамирчин болж, тэмцээнд оролцооч” гэж санал тавьжээ.
Спортын төв сургуулиас төрсөн тив, дэлхийн медальтан
Тэрбээр Спортын төв сургуулиас төрсөн тамирчдын нэг. Аравдугаар ангид орох жилээ Улаанбаатарт шилжин ирж, тус сургуульд сурчээ. Ангийн нөхдийн олонх нь дасгалжуулагч болж, спортын салбарт ажиллаж буй. Тус сургуулийг төгссөнийхөө дараа МУБИС-ийн биеийн тамирын сургуульд элсэж, багш дасгалжуулагч мэргэжлээр суралцсан юм. Энэ тухайгаа “Тэмцээнээс ирээд маргааш нь хичээлдээ суухаар явна. Хичээлээ тараад бэлтгэл хийхээр Спортын төв ордон руу яаран гүйдэг байсан дурсамжаа хааяа бодохоор сэтгэл сэргэдэг юм. Тэр үед надад үеийнхээ нөхөдтэй нийлж ярьж хөөрөх цаг бараг гараагүй. Хэдий завгүй ч олон ажлыг зэрэг амжуулах гэж хэрэндээ л хичээдэг байлаа. Бэлтгэл, тэмцээн, хичээл гээд завгүй явахад оюутны цагийн он жилүүд харвасан сум шиг өнгөрч, нэг л мэдэхэд сургуулиа төгсөх гээд зогсож байв. Оюутан байх үедээ би олон улс, “Их дуулга”, тивийн тэмцээнд оролцож, медаль хүртсэн дээ” хэмээсэн.
Түүний жүдод анх хөл тавихдаа анх сурсан дархан мэх нь тонгорох. Харин барилдах явцдаа үүрэх мэхийг сурчээ. Нэг жинд барилддаг өрсөлдөгчдийнхөө олонхыг нь энэ хоёр мэхээр ялдаг. Тамирчин бүрд тэмүүлэл бий. Анх барилдсан үеэсээ аварга болохыг зорьж, өнөөг хүртэл хөдөлмөрлөхдөө Г.Эрдэнэбилэг багшаараа бахархаж, зөвлөгөөг нь сонсож, барилдаандаа хэрэгжүүлсэн нь амжилтад хүрэхэд нөлөөлжээ.
Бидний яриа цааш өрнөж, “Азийн АШТ-ээс иж бүрэн медаль гардсан тамирчин хуруу дарам. Таны сэтгэлд мартагдахааргүй дурсамж үлдээсэн нь аль тэмцээн бэ” гэж асуухад “Казахстаны Нур-Султан хотод 2022 онд зохион байгуулсан тэмцээнд түрүүлж, Азийн аварга болж байв. Алтан медалийн төлөөх барилдаанд Японы Нами Набекүратай таарч, мордоход нь дагуулж хөмрөөд вазари үнэлгээ авч ялсан. Өмнө нь гранд сламын тэмцээнд барилдсан болохоор арга барилыг нь гадарладаг юм. Тэрбээр уян, мэдрэмж өндөртэй. 2019 онд болсон тивийн тэмцээнд аваргын төлөө Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэгтэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртэв. Спортын талбарт найз ч байсан шударга өрсөлд гэдэг бичигдээгүй дүрэм бий. Бид дэвжээнд ана мана барилддаг ч энгийн үед сайхан нөхөрлөдөг. Ямар ч тэмцээнд сандрахгүй, тайван барилддаг зан минь өрсөлдөгчдөө ялахад багагүй нөлөөлдөг. Намайг жаахан шантраад эхлэхэд гэрийнхэн, найз нөхөд урам өгч хурцалдаг. Сүүлийн үед шигшээ багийнхан сэтгэл зүйч, хоол зүйчтэй хамтран ажилладаг болсон. Тэдний зөвлөгөө энгийн хүний хэлэхээс өөр. Ярилцах тусам сэтгэл тайвширч, өөрийгөө олж авах, таньж мэдэхэд тусалдаг юм билээ” гэсэн юм.
Түүнээс үргэлжлүүлээд “Токиогийн олимпын дэвжээнд зодоглохдоо санасан, бодсон барилдаанаа гаргаж чадаагүй гэж боддог уу” хэмээхэд “Хэдийгээр цар тахал олон улсад дэгдсэн ч Токиогийн олимпын өндөр зохион байгуулалттай болсон. Миний хувьд анх удаа оролцохдоо өөрийн санасан, хүссэн хэмжээнд барилдаагүй. Гэхдээ багийн барилдаанд бол чамлахааргүй барилдсан гэж боддог. Тэр барилдаанд 70 кг-д хүч үздэг олимпын аварга Японы Чизүрү Ариаг хожиж байлаа” гэв.
Жүдо хүндлэл, хариуцлага, нөхөрлөл дээр тогтдог. Тамирчдын дасгалжуулагч хамт олон, нөхөдтэйгөө хэрхэн харилцахаас хүндлэл эхэлнэ. Тэрбээр жүдогоор хичээллэдэг дүү нартаа “Ямар ч үед нэгнээ хүндэлж, өөрийнхөө зорьсон зүйлдээ үнэнч, тууштай байгаарай. Тамирчин хүнийг хичээл зүтгэл, зорилго нь амжилтад хүрэхэд ихээхэн нөлөөлдөг юм шүү” гэж уламжлав.