Нийслэлийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, дарга А.Баярыг огцруулан, түүний оронд төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөлдөө танилцуулахаар хүргүүлсэн билээ. Тэгвэл уржигдар ажлын цаг дууссаны дараа нэлээд юм болов. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад, Д.Ихбаярыг дэмжсэнгүй. Мөн ЭЦА-наас Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг шалгаад, “Улаанбаатар метро”, “Туулын хурдны зам” төслийн хөрөнгөөс хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид 6.6 тэрбум төгрөг шилжүүлэн завшиж, мөнгө угаасан байж болзошгүйг тогтоогоод буй. Тэгмэгц Т.Даваадалай мэдээлэл хийж, шалгуулахын тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгснөө мэдэгдэв.
Тэрбээр “Туулын хурдны зам” төслөөс даргынхаа зөвшөөрөлгүйгээр, хараа хяналтаас холуур “идэх” боломжгүй юм. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын “огцорсон” дарга А.Баяр “Т.Даваадалайгийн ард Х.Нямбаатар байгаа. Энэ хүн 2023 онд “ногоон автобус”-ны хэрэг гарсны дараа нийслэлд хулгайг арилгах гэж ирсэн. Гэвч өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хулгай бүр дэлгэрлээ. Нэг эзэнтэй хоёр компани 38 удаа тендерт ялж, 60 тэрбум төгрөг авсан байна шүү дээ. Энэ олон мега төслөөс албан хаагчид нэг тэрбум төгрөг авсан тухай мэдээлэл гарч эхэллээ. Маш их мөнгө. Ийм асуудал хотод гараад байхад Х.Нямбаатар хариуцлага хүлээж, огцрох ёстой. Түүнийг огцрох хүртэл бид иргэдтэйгээ хамт тэмцэнэ. Ажлаа өгөөд шалгуул гэдэг үгээ Т.Даваадалай чи хотын даргадаа л хэл” гэсэн юм.