Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Нийслэлийн Засаг даргын орлогчоор жил орчим ажиллаадМАН-ынжагсаалтын16дугаартбичигдэн,парламентын босгоор алхсан нэгэн бол УИХ-ын гишүүн О.Номинчимэг. Тэрбээр УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшихээр төлөвлөж байсан ч өвдөг шороодохоо мэдээд намын жагсаалт руу зүтгэсэн гэдэг. О.Номинчимэг улс төрд гэрлийн хурдаар шат ахиж яваа. Эгэл малчны удмаас анх удаа их сургууль дүүргэж, эрдэм номын мөр хөөсөн нь түүний аав, ээж хоёр байсныг нэгэнтээ дурсаж, ийм ч учраас эцэг, эх минь үр хүүхдээ мэдлэг, боловсролтой болгоход ихээхэн анхаарсан нь одоогийн О.Номинчимэгийг “бүтээсэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байв. Тэрбээр мэдлэг, боловсролын тухайд хэнд ч гологдохооргүй бөгөөд англи, япон хэлтэй, хуульч мэргэжилтэй.
1998 онд Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургууль, 2001 онд МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан байгалийн ухааны төрөлжсөн дунд сургууль дүүргээд, 2004 онд Японд Токиогийн Гадаад хэлний их сургууль, 2008 онд Токиогийн их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Үргэлжлүүлэн суралцсаар 2010 онд тус сургуульдаа харьцуулсан эрх зүй, 2015 онд АНУ-ын Колумбийн хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан байна.
Японы “Мицүбиши” корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газарт хууль, эрх зүй, ашигт малтмалын төсөл хариуцсан ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2011-2017 онд “Хоган ловесс” олон улсын хуулийн фирмийн Парис дахь салбарт ахлах хуульчийн албан тушаал хашиж байж. 2019 оноос Монголын олон улсын арбитрын арбитрчаар ажиллажээ. Удалгүй өмгөөллийн “Авинекс партнерс”, “Номин энд адвокатс” ХХН-ийг үүсгэн байгуулж, мэргэжлээрээ чамгүй амжилтад хүрсэн юм.
2021 онд УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж, дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн асуудал хариуцсан зөвлөх болсон нь улс төрд хөл тавих замыг нь засжээ. 2023 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийгмийн бодлого, байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөг чөлөөлж, оронд нь О.Номинчимэгийг томилсон юм. Хотын орлогч байхдаа хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, стандартын талаар дуугарч, тоглоомын талбай дээр очиж хүн “загнасан” бичлэгээрээ сонгуулийн өмнө попорч, олон танигдах паиараа нийгмийн сүлжээгээр цацсан. Гишүүн болсноосоо хойш хоёр жил тамхины тухай л ярьсан. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хууль санаачилсан нь одоо хүртэл албажаагүй. Үүнээс гадна 5-6 хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан ч батлуулж дөнгөсөнгүй.
О.Номинчимэг нэлээд бийлэгжүү болох нь АТГ-т 2024 он гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгээс нь харагдана. Тодруулбал, 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 2.8 тэрбумын орон сууц, барилга, байгууламжтай, 220 сая төгрөгийн автомашинтай гэнэ. Нийт орлого нь 665 100 630 төгрөгөөс өөрийнх нь 69.7 сая. Тэрбээр хөрөнгийн зах зээлд сайн “тоглогч”. АПУ ХК-ийн 9810, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн 72 610, “Лэнд МН” ББСБ-ын 58 400, “Лэнд МН” ХК-ийн 35 500, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 56 811 ширхэг хувьцаа эзэмшдэг. Түүнчлэн “Мандал даатгал”-ын 4800, “Хасбанк” ХК-д 75 000 ширхэг хувьцаатай хэмээжээ.
Төрийн түшээдийн хамаарал бүхий хүмүүс өндөр дээд албан тушаал хаших явдал цөөнгүй. Түүний нэг нь О.Номинчимэг гишүүний нөхөр Д.Амарбаясгалан. Тэрбээр “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. Өнгөрсөн онд Тагнуулын ерөнхий газрынхан тус компанийн нөлөө бүхий албан тушаалтнуудын гэр, автомашиныг нэгжсэн. Ингэхэд Д.Амарбаясгалангийн гэрээс 10 орчим тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл шуугиан тарьсан билээ. Харин үүнийг гишүүн няцааж, ийм зүйл болоогүй хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
УИХ-ынгишүүнО.НоминчимэгОлонулсынпарламентын холбоо (ОУПХ)-ны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Саяхан болсон ОУПХ-ны хуралд УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдаан удирдсаныхаа төлөө “төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэрэгт буруутгагдсан” хэмээн мэдэгдэж, анхаарч өгөхийг хүссэн байна. Үүнд зарим хүн эгдүүцэж “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг олон улсаар шүүлгэдэг хэн бэ” хэмээн бухимдлаа цахим орчинд хуваалцжээ. Нэг бус, нийт иргэний эрх ашгийг хамгаалахад сурсан мэдсэнээ ашиглах хэрэгтэй биш үү, гишүүн ээ.
Ч.Болор